sonin.mn
Дурсамж
 
Манай нийслэлд тавиад оны эхээр Сагсан бөмбөгийн спорт анх үүсч 1954 онд анхны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байлаа. Тэр үе өдгөө бидний ард түүх болон үлдэж, энэ тухай санах байтугай тоох ч хүн одоо цөөрч энэ үйл явдал өнөөгийн биднээс холдоод л буй мэт санагддаг юм. Би тэр үед арван дөрөв тавтай л байсан юм уу даа. Юм бүхнийг сонирхон сайн, муугийн эхэнд явдаг саваагүй мөртлөө, итгэмтгий, сахилгагүй мөртлөө сониучхан зантай, дунд сургуулийн сурагчид бид бүгдээр энэ бөмбөгийг сонирхож, спортын нийгэмлэгүүдэд баг, хамт олон бий болж байсан тэр үед охидууд нь үсэндээ цагаан туузтай, хөвгүүд нь хөлдөө бакалан гуталтай байлаа. Энэ тухай албан эх сурвалжийг мэдэхгүй ч намайг энэ гайхамшигт спорт тойрч гараагүй, дайрч гарсан болохоор би түүнээс өөр хаашаа гарах вэ дээ. Гэхдээ миний бие бол ердөө л жирийн нэг сурагч тамирчин байсан, сагсан бөмбөг сонирхогч гэдгээ хэлэх нь зөв байх. Сурагчид бүгд ийм л байсан.
 
Тэр үед нийслэл хотод илэрхий тархаж эхэлсэн энэхүү Сагсан бөмбөг, ширээний теннис  гэдэг спортыг  ихэд сонирхон тоглож үзэхсэн гэж ухаанаа барж, улаа элээж явсны хувьд тэртээ 1950, 60-аад оны үеийн энэ спортын үйл явдлуудын дурсамж сэтгэлд минь гүнээ шингэн үлдсэн байна. Тэр үед Улаанбаатар хотод байсан хятад сургууль |пэй цэ... билүү сургууль| шинэ байранд орж хойд хэсэгтээ маш том спорт заалныхаа нээлт хийхдээ ажилтнууд нь өөрсдөө сагсан бөмбөг тоглож үзүүлж  билээ.Тэгэхэд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн |энэ сургуулийн байранд өнөөгийн хүмүүнлэгийн их сургууль орсон| сурагч Тэмүүжин бид хоёр тэнд очиж таарсан юм. Тэмүүжингийн аав БНМАУ-ын гавъяат жүжигчин Е.Гомбодорж гуайнх |Цогт тайж киноны Соронзон Гомбод тоглодог| манай сургуулийн хажуу дахь төв театрын жүжигчдийн хоёр давхар шар байранд амьдарч хоёр хүү нь тус сургуульд сурдаг байв.Тэр байранд манай ангийн бух Чулуунбаатараас |АЖ Гэндэн гуайн хамаатан байх|  эхлээд олон хүүхэд байсан. Энэ Чулуунбааттар бол миний  “Атаман Буман хоёр” өгүүллэгийн баатар юм. Энд бидний анх үзсэн Сагсан бөмбөг гэдэг балчир хүүхэд бидний хувьд харж ханашгүй үнэхээр гайхамшиг байсан юм.Тэр хөдөлгөөнүүд нь ямар гоё гээч.  Хятад сургууль гадаа хашаан дотроо Сагсан бөмбөгийн шороон талбайтай бид тэнд хөөгдөн, туугдан байж орж тоглодог ч... гэждээ дөнгөж л тоглож сурч байлаа. Мэдээж тэр үед спортын бусад төрөл ч бас хөгжиж байсан гэдгийг дурсах нь зөв буйзээ. Миний санаж байгаагаар Монголын хөнгөн атлетикийн анхны тамирчид Найдан |чемпион|, Тарваа, Гомбосүрэн, дугуйн анхны мастер Ц.Даржаа, хөнгөн атлетик эгч дүү Д.Намжилмаа, Хадбаатар аварга, тэшүүрийн Лхамжав, цана Зундуй, гимнастикийн Базарваань, Норов багш, Нямдаваа, охид Гүндэгмаа, Хишигээ, Туяа, Март, Уулын спортын Раднаабазарын Зориг, түүний дүү Занабазар, уран гулгалт Ичинхорлоо, Цолмон, бокс тамирчид Барс, Бэкинбай, |Энэ хоёрын тоглолт бол тэр үеийн боксийн гайхамшиг байв| дараа нь Олзот, Батбаяр, Мишигдорж гээд л мундагууд орж ирсэн, хөл бөмбөг Лувсандорж|багш|, Сандаг, Сагар, Чомбуу, Чойбалсангийн Нэргүй, Рэндоо, Банзрагч, Дамбажанцан, Шатар, Шархүү, Лхагва, Агваанпунцаг, Бадрах, Болд, Доржсүрэн гээд л мундагчуул байлаа. Нэргүй, Чомбуу нар бол нэрт хаалгачид. Ямарч гоё хувцастай байсан юм. Ч.Нэргүй гээд цамцан дээрээ бичигтэй, бас орос пүүзтэй, хулсан хөлний хамгаалалт дээрээ гидртэй |хамгаалалт дээрээ өмсдөг түрий|, гоё савхин бээлийтэй байлаа шүү дээ. Буудлага хурандаа Моёо, Цэрэндондов багш, Уранчимэг ОУХМ,  багш, Надя гээд Гар бөмбөг Х.Доржжүгдэр, Ц.Шоовдор, Ж.Хаянхярваа, П.Борхүү, хүндийг өргөлт А.Гунгаа багш, Ё.Цэрэнням, ОУХМ Б.Цэгмид, рекорд эвддэг Д.Даш, ширээний теннисээр бол манай хоёрдугаар дунд сургуулийн сурагчид эмэгтэй Наран |Б.Нармандах|, Б.Отгонжаргал эрэгтэй Ц..Томбуу, Б.Амарсанаа, Юра Төмөр замын дунд сургуулийн П.Алимаа гээд мундаг теннисчид байлаа. Тэд Чойвон хо билүү багштай ширээний теннисний анхны улсын шигшээд орж байсан байх. Наран, Отгонжаргал, Томбуу, Амарсанаа нар хэдэн ч удаа хот, улсын аварга болж байсан юм. Тэд бүгд л олон улсын хэмжээний мастерүүд болсон доо. Үүний дараа Цэдэнбалжир, Т.Болд, О.Чулуунбат, Д.Санжмятав....гээд олон сайхан залуус гарч энэ спортыг хөгжилд хувь нэмэр оруулжээ.УИХ-ын гишүүн, Монгол банкны ерөнхийлөгч асан Очирбатын Чулуунбат агсан ширээний теннис сайн тоглодог, сүүлд холбооных нь ерөнхийлөгч болж энэ спортыг хөгжлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан ачтай хүн юм. Тэрээр аавынхаа нэрийн үсгээр Оч гэж теннисийн клуб байгуулж хүүхдүүдийг сургаж байлаа. 1961 онд АХ-ын 40 жил, бүх ард түмний спартакиадаар хоёр Мөнх ид гарч,1000 хүүхдийн гимнастик анх зохион байгуулж, ардын багш Солийн Магсар хүндийг өргөлтын дасгалжуулагч болохоор дэлхий дахинаа алдартай Лесгафтын нэрэмжит Ленинградын биеийн тамирын дээд сургуулийг зорьж байсан үе шүү дээ. Магсар дараа нь чөлөөт бөхийн дасгалжуулагч болсон юм билээ. Магсар бид нэгэн үе сайхан үерхэж байлаа. Үндэсний болон чөлөөт бөхийнхөн бол үнэхээр онцгой байсан үндэсний бөхийн ууган мастер Түвдэндорж, чөлөөт бөх бол Мөнхбат, Баянмөнх... нараас эхлээд л бүгдийг бичих гэвээс бэх минь дуусах буйзаа.
 
 
 
Тэр үе бол урд хойд хөршийн тусламжтайгаар манай нийслэл хотын их бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж Хятад улсаас тус бүрдээ арваад мянган мэргэжлийн барилгачидтай барилгын иж бүрэн таван анги |трест| ЗХУ-аас  СОТ2, СОТ3 гээд иж бүрэн үйлдвэрүүд ирж томоохноос нь гэвэл 1,2 дугаар дөчин мянгат, Улсын их дэлгүүр, Энхтайваны гүүр, Арслантай гүүр, 120 мянгат эхэлж бид социалист лагерийн эв түнжинтэй сайн хөршүүд байсан өрнүүн их бүтээн байгуулалтын үе байлаа. Оросын СОТ-ын барилгачид 40 мянган ам метр талбай бүхий орон сууц барьсны дараа нь хятадууд зөрүүлээд 50 мянган ам метрийг барьж байлаа. 1956 онд спортын төв ордон, 1958 онд Төв стадион, баригдаж дууссан явдал бол монголын биеийн тамир, спортын хөгжилд онцгой түшиг болсон юм.
 
 
 
Энэ үеийн Монголын биеийн тамир спортын төв зөвлөлийн даргаар яагаад ч юм Монгол улсын цэрэг армийн нэрт генерал залуу жанжин Лхагвасүрэн гуай ирж байсан юм. Лхагвасүрэн жанжин бол биеийн тамир спортын бааз суурийг нь өөд нь татсан даа.  Тэр үед Монголчууд алтны магнат болж авгайгаа солиогүй, нэг сая хагас хүн амтай, 27 сая малтай баян ядуу гэж ялгаагүй амуу тариагаа тарьж адуу малаа өсгөн авилга гэж үг мэдэхгүй байсан үед амьдарч байсан юм. Яагаад би урд хойд хөршөө дурсах болов гэвээс хятад ажилчид барьж буй барилгынхаа нэг хэсэгт нь өөрсдөө сагсан бөмбөгийн шороон талбайтай тэндээ өөрсдөө чөлөө цагаараа тоглодог байсан юм. Тэр талбайгаа ус асгаж дагтаршуулаад маш цэвэрхэн яг л тартаан зам шиг болгочихдог байлаа. Эндээс л бүх юм эхэлсэн. Хүүхэд бидэнд талбай байтугай бөмбөг ч байхгүй, тэр үед хятад ажилчид дотуур хаймартай ширэн бөмбөгөөр тоглодог байв. Энэ бөмбөг бол тэр үеийн хамгийн сайн нь, хагарвал дотуур хаймрыг нь гаргаад нөхчихдөг. Еэвэн ултай хятад шаахай |кет| бол дэлгүүрт анх дөнгөж гарч эхэлж байсан үе байлаа. Пэй цэ |дуудлагаар бичив| сургууль буюу хятад сургуулийн |өнөөгийн Бизнесийн сургууль, МУИС-ийн 4 дүгээр байр|  хашаан дотор байсан ганц шороон талбайд очиж хөөгдөж явсаар эцэст нь хятад хэл мэдэхгүй тул нэг арга оллоо. Тэгээд “сагс тоглоё” гэж ханз бичүүлж аваад тэдгээр барилгачид дээр очиж нөгөөх бичгээ үзүүлээд тоглодог болсон юм. Анхандаа хятадуудад салам хожигддог байсан ч сүүлдээ бид нар ана мана үзэлцдэг болсон доо Мэдээж тэд бол тамирчид биш, жирийн барилгачин хүмүүс шүү дээ. Үүний дараа зарим сургууль, нийгэмлэгүүдийн гадаа нь ганц нэг сагсан бөмбөгийн шороон талбай бий болж, дотор зааландаа щиттэй |сагсны самбар| болсон юмдаг. Тэр үед нийслэлд спортын 6 нийгэмлэг, 4 их дээд сурууль байсан байх.. Алдар, Соёл, Хөдөлмөр, Хоршоолол, Барилгачин, Замчин, үүнээс гадна МУИС гээд байх. Миний сурч байсан Сүх жанжны нэрэмжит хоёрдугаар дунд сургууль гаднаа сагсан бөмбөгийн цементэн талбайтай болж манай биеийн тамирын багш Жадамбаа анх энэ спортын багийг сурагчдаасаа бүрдүүлж арван жилийн сургуулиудын сагсан бөмбөгийн аварга баг болж байв. Манай сургуулийн энэ багт ес аравдугаар ангийн том ах нар Аюурзана, Хасбагана, Пүрэв, Болд, Содов ... нарын зэрэг, үүн дээр наймдугаар ангийн сурагч миний бие оролцож байлаа. Эндээс л миний хувьд энэ спорт эхэлсэн юм. Тэр үед чинь гурван онооны болон гар дээрээ бөмбөг зөөх зэрэг... өнөөгийн нарийн тийм дүрэм байгаагүй л дээ. Сүүлд л гарсан. 1958-1961 онуудад хятад улсаас мэргэжилтэн Юү Гань гэж маш өвөрмөгц сургалтын техниктэй ,өөрөө цэвэрхэн тоглодог дасгалжуулагч ирж спортын ордонд сагсан бөмбөгийн секц |секц гэж ярьдаг байв| байгуулж байхад манай суруулиас Л. Аюурзана, Хасбагана, Осорын Батсүх, миний бие, орос сургуулиас Намхайцэрэнгийн Ганбат, Ширбазарын Алтандөш буюу түнгүс Толя, Лхагвасүрэнгийн Лхагва, Дүгэрсүрэнгийн Ариунболд, Цэрэндондогийн Батдэлгэр, Гонгоржавын Бошигт... нарын зэрэг олон хүүхэд тэнд орж сагсан бөмбөгийн ид шидийг заалгаж эхэлсэн юм. Бид хятад хэл мэдэхгүй тул Өвөр монгол хүү Хасбагана орчуулж байсан л даа. Биднийг кросс гүйлгэнэ, техник их заана. Үүний дараа хятад оросын харилцаа муудаж энэ явдал 1969 оны оны сүүлч хүртэл үргэлжилсэн юмдаг. Мэдээж энэ бүхний уршгаар монголчууд хятадууаас холдож бид 1960 онд бид багшгүй болсон ч удалгүй Орос эмэгтэй багш Люба |Любовь| Громова |нөхрөө дагаж ирээд сагсан бөмбөгийн багш болсон юмдаг. Нөхөр Громов нь волейболын мэргэжилтэн билүү... багш монголд ажиллахаар ирсэн байв. Орос сургуулийнхан бидэнд хэлмэрчилж бид ч оросоор гайгүй ойлгодог болсон шүү.
 
 
 
Мэргэн уншигч Та санаж байгаа бол Орос Хятадын хооронд 1960 оноос эхэлсэн Даманы арлуудын төлөөх маргаан 1969 оны мөргөлдөөнөөр дууссан юм. Тавиад оны дундуур анх Алдар нийгэмлэгт Л. Моломжамц дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн орон тооны баг анх бүрэлдэж эхэлсэн санагдаж байна. Хүүхэд бидний ухаанаар бол зүүдэнд оромгүй сонин зүйл байлаа.
 
 
Сагсан бөмбөг тоглоод бас дээр нь цалин, цэргийн цол, авна гэнэ шүү дээ. Бас тэгээд дээр нь цэргийн тэр гоё гоё хувцас,суран бүс үнэгүй тавьж өгдөг гээд л бодчих. Иймээс хүүхэд бид сагсан бөмбөг гэдэг ийм ид шидтэй спортыг ихэд шохоорхож байв. Бас болоогүй ээ... манай армийнхан Социалист армиудын нөхөрлөлд элсэж анхны сагсан бөмбөгийн |Алдар нийгэмлэгийн| баг энэ чиглэлэээрээ Хятад улсын армийн багтай |1961 онд билүү| нөхөрсөг уулзалт хийхээр анх удаа гадаадад явахад бид бүр ангайгаад л үлдсэн. Тэр бүрэлдэхүүнд Л.Аюурзана, Ким, Юра |Мөнхтөр|, Лхагвасүрэнгийн Лхагва нар дээр Чойён, Балдан, Чулуунгомбо, Сандаг нар орж байсан санагдана. Одоо бүр гадааадад сагсан бөмбөг тоглохоор явах нь байна шүү дээ. Энэ багийн дасгалжуулагч нь Л.Моломжамц гэж залуу явж байлаа. Ялсан, ялагдсан эсэх бол гол нь бус, тэд анх гадаадад энэ спорт гадаадад ямар шүү байдаг, сагсан бөмбөг яаж тоглодогийг үзэж байна шүү дээ. Энэ бол хүүхэд бидний хувьд гайхамшиг байлаа. Тэгээд тэд буцаж ирэхдээ маш сонин юм авч ирсэн юмдаг Тэр нь  юу вэ гэвэл “хөхдөг” шаахай. |тэр үед ингэж ярьдаг байв| Энэ хөхдөг шаахай |кет| бол бидний дунд өнөөгийн хэлээр бол ёстой л сенсаац болж байлаа. Ул нь бидний мэдэх еэвэн ултаас шал өөр, зузаан, дороо хонхорхойтой тул гөлгөр шалан дээр хальтрахгүй хөхдөг эд. Гадаа шороон талбай дээр бол хөхөхгүй л дээ. Ямарч гоё дэгжин шаахай байсан юм бурхан минь. Үүнийг зөвхөн Алдар нийгэмлэгийн тэдгээр ах нар л өмсдөг байв. Бидэнд бол хамгийн дээд нь л еэвэн ултай шаахай л байсан. Заримд нь байхгүй бол ээлжилж тоглоно. Жараад жилийн өмнөхөн үйл явдлууд өнөөдөр эргээд санахад инээдтэй юм даа. “Хөхдөг шаахай” гээд байгаа шүү бас. Тэр үед Монголд орон тооны шигшээ баг гэж байгаагүй. Шаардлага гарвал Алдар нийгэмлэг МУИС-аас тамирчид голдуу орж бүрэлддэг байв. 1962 онд энэ спортын тэргүүлэх тамирчин Содномын Чойён болон бусад мэргэжилтэн нарын санаачилгаар Монголын Сагсан бөмбөгийн холбоо байгуулагджээ. Энэ холбоо бол сагсан бөмбөгийн спортын хөгжилд ул суурь болж түүнийг үндэслэгч анхны мастерууд Чойен, Балдандорж |МУИС|, П.Нэргүй, Чулуунгомбо, Дашзэвэг |Замчин|, Л.Аюурзана |Алдар| нар он жил тууштай зүтгэж олон шавь араасаа дагуулсан гэж би боддог. Сүүлд Цэрэнчойнхор гээд залуус нэмэгдсэн байх. Эдгээрээс Чойён, Аюурзана нар гавъяат тамирчин болж чадсан эсэхийг мэдэхгүй олон жилийн дараа Цэрэнчойнхорын хүү Шаравжамц, тамирчин Цэвэрбал нар гавъяат болсон байх. Бидний үе бол хамгийн дээд цолтой нь спортын мастер байлаа.шүү дээ. Харин хүүхдүүд бид цана, тэшүүр, теннис, сагс, хөл бөмбөг. хоккей гээд л бүгдийг тоглодог байлаа. Тэр үеийн Сагсан бөмбөгийн тамирчдаас Чойен, Чулуунгомбо, Аюурзана нар маш уран гоё тоглолттой байсан, бид чинь хүүхдүүд яаж тэд нар шиг гоё тоглож суръя даа гээд л мөрөөдөж явсан цаг. Чойен бол бүр онцгой тэр нуруу туруу, тэр хөдөлгөөний эвсэл энэ тэр нь хаачих вэ дээ. Чулуунгомбо бол намавтар лагс биетэй мөртлөө уран гоё тоглолттой маш эвгүй газраас ч гоол хийчихдэг байлаа. МУИС-ийн Балдандорж бол намхан мөртлөө маш сайн холбодог, дайчин тоглогч. Луузангийн Дамдинбазар тавдугаар дунд сургуулиас гарч ирсэн маш уян, уран хөдөлгөөнтөй залуу тоглогч. Хүчирхэг жинтэй тоглогчид бол Дашзэвэг, Ганбат, Алтандөш, Ким, Юра нар гээд байсан. Тэдний өмнөөс очиж гоол хийнэ гэдэг бол мань мэтэд бол бүтэшгүй зүйл. МУИС-ийн эрэгтэй, эмэгтэй баг бол тэр үед хамгийн хүчтэй нь байсан улсын аварга шалгаруулах тэмцээнд Замчин, Алдар нийгэмлэгийн багууд л тэдэнтэй өрсөлддөг байв. МУИС-ийн эрэгтэй багт гол суурь нь болох Чойен, Балдандорж нар дээр орон гаран тамирчид байсан. МУИС-ын эмэгтэйчүүд баг мөн хүчирхэг байсан 1966 онд Цэдэвийн Цагаадай, Балдангийн Туул, Жамъянгийн Уранбилэг У.Сэлэнгэ, Оюун-Энх, Цэрэндулам, Жигмидийн Наранцэцэг нар улсын аваргаас мөнгөн медаль, Дээд сургуулиудын аварга баг болж байв. Алдар нийгэмлэг анх Аюурзана, Ким, Юра |Мөнхтөр| Лхагва, Цэрэнчойнхор, Дэмбэрэлсайхан гээд Моломжамц дасгалжуулагчтай гарч ирсэн. Энэ хүн бол сагсан бөмбөгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулсан өнөөгийн дэслэгч генерал Л.Моломжамц абугай юм. Тэрээр мөн нэгэн үе Монголын Цанын холбоог тэргүүлж байсан шиг санагдаж байна. Эмэгтэйчүүдээс Цэдэнжавын Лхамжав |Аюурзаны гэргий, ахлагч|,Сэлэнгэ, Баасанжав, Тунгалаг, Дашзэвэг, Лхагвасүрэн нар анх тоглож байсан даа. Энэ авъяаслаг тамирчин эмэгтэй Лхамжав анх удаа Монголоос Өвлийн олимпын тэшүүрийн төрөлд улсаа төлөөлөн оролцож байлаа. Замчин нийгэмлэгт П.Нэргүй |ахлагч|, Дашзэвэг, Чулуунгомбо, Бямбажав, Доржсүрэн, Дашцэрэн, Сандууз гээр зарим нэр нь мартагджээ. Сүүлд Луузангийн Дамдинбазар нэмэгдэн тавдугаар сургуулиаас үндэслэн гарч ирсэн юм. Энэ Нэргүй бол их гоё өндөр нуруутай, бас өндөр боловсрол, мэдлэг бүхий улс төрч Ардчиллын уур амьсгал анх эхэлж байх үеийн онолч, эрдэмтэн доктор П.Нэргүй юм шүү дээ. Нэргүй доктор тэр үед гэр бүлийнхээ хамтаар ардчиллын анхны залуусыг халамжлан улс төрийн болоод олон нийтийн ажлын талаар хөлийг нь дөрөөнд хүргэсэн гэдгийг өнөөгийн ардчилагчид санаж байж ч магадгүй. Эмэгтэйчүүдээс Цэрэнханд, Сайнжаргал, Галя, Даваажав нарын дараа Доржготовын Туул,  Батжаргал нарын олон авъяаслаг тамирчид гарсан юм. Энэ Цэрэнханд гэдэг эмэгтэй бол тэр үеийн сагсан бөмбөгийн анхдагч эмэгтэй тамирчин байсан байх, түүнийг үзүүлэх тоглолт дээр хүмүүс хараад алга ташин магтаж байв. Спортын ордны хойд заалд хагас, бүтэн сайнд нийтийн бүжиг болдог байв. Дөнгөж эхэлж буй энэ спортыг сурталчлах зорилгоор нийтийн бүжиг завсарлахад сагсан бөмбөгийн үзүүлэх тоглолт болдог тэнд нь бид оролцож хажууд дасгалжуулагч багш микрофонтой тайлбарладаг байлаа. Мэдээж үүний дараа жам ёсоор олон авъяаслаг тамирчид доороос гарч ирсэн. Барилгачин нийгэмлэгийн баг орос сургууль, миний сурч байсан монгол хоёрдугаар сургуулиас бүрэлдэж байлаа. Энэ нийгэмлэгийн даргаар ахмад багш Чимэддорж, сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар нь багш Бямбажав, мөн Дорж дасгалжуулагч, сүүлд Дамба, шүүгч Доёд нар ажиллаж байлаа. Өнөөгийн Соёл урлагийн их сургуулийн байр бол бүхэлдээ Барилгачдын соёлын ордон, спортын заал байжээ. Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг 1960 онд Аюурзана, Хасбагана, Болд, Пүрэв, Содов, бид нараас хамгийн бага нь миний бие 8 дугаар ангийн сурагч байв. Сүүлд нь Осорын Батсүх, Раднаабазарын Энхбазар,Тэрбишийн Чимэддорж нар нэмэгдэн орж байлаа. Эмэгтэй баг нь Ж.Уранбилэг, Ц.Цагаадай, Б.Оюун |төрийн шагналт эмч|, Ж.Наранцэцэг, Д.Туяа... нараас бүрэлдэж байв. Эрэгтэй, эмэгтэй энэ бүрэлдэхүүн бүхлээрээ Барилгачин нийгэмлэгийн Сагсан бөмбөгийн баг болдог байв. Авъяаслаг тамирчин Аюурзаныг анх 1962 онд Барилгачин нийгэмлэгт багийн ахлагч байхад нь Алдар нийгэмлэгт шууд татаж авсан юмдаг, Үүний дараа Барилгачин нийгэмлэгт орос нэгдүгээр сургуулиас Намхайцэрэнгийн Ганбат, Дүгэрсүрэнгийн Ариунболд, Ширбазарын Алтандөш, Цэрэндондогийн Батдэлгэр, Гонгоржавын Бошигт, Сүх-Очирын Төмөр манай хоёрдугаар дунд сургуулиас Найдансүрэнгийн Бадарч миний бие |ахлагч|, Хасбагана, Пүрэв, Содов, Болд, Осорын Батсүх, Раднаабазарын Энхбазар |сүүлд Соёлын гавъяат зүтгэлтэн болсон|, Тэрбишийн Чимэддорж |бүрэн эрхэт элчин сайд болсон| нар ордог байлаа. Энд хамгийн өндөр нь Намхайцэрэнгийн Ганбат самбар дор бол гарамгай сайн, өндрөөс бөмбөг авахад найдвартай байсны хүчинд манай баг бусадтай өрсөлдөх чадвартай байсан. Ганбат маань сагсны бөмбөгийг өрөөсөн гарынхаа алганд багтаан барьж чаддаг тамирчин байв. Ингэж атгаж чаддаг хүн тун ховор лав Чойен, Дашзэвэг, Цэрэнчойнхор нар байсан байх. Сүүлд Намхайцэрэнгийн Ганбат Монгол телевизийн ажилтан болж монголын соёлын өвийн талаар олон сайхан нэвтрүүлэг хийдэг байлаа. Барилгачин нийгэмлэгийн эмэгтэй баг Жамъянгийн Уранбилэг, Цэдэвийн Цагаадай, Жигмидийн Наранцэцэг, Бямбажавын Оюун |төрийн шагналт эмч болсон|, Сэлэнгэ, Дашийн Туяа нарын дараа нь Мандирмаа, Лхагважав нарын баг гарч ирсэн. Багийн ахлагч Уранбилэг бол энэ багийн гол довтлогч, мэргэн бууч, хамгаалагч нь байсан. Тэрээр самбар дор яг л эрэгтэйчүүд шиг үсэрч шиддэг байв. Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадаар Бадарч ахлагчтай залуучууүдын сагсан бөмбөгийн анхны шигшээ багт |өөрсдөө бүрдүүлсэн| Н.Ганбат, Толя |Алтандөш|, Болд, Хасбагана, Ц.Батдэлгэр, Осорын Батсүх, Раднаабазарын Энхбазар, Тэрбишийн Чимэддорж нар оролцон хүрэл медаль авч байв. Хөдөлмөр нийгэмлэгт 120 мянгатын 18 дугаар дунд сургуулийн багт Содномзундуй, Батаа, герман Болд, Пүрэвдорж нарын зэрэг лут залуус орж ирж байлаа. Монгол улсын ууган мастерүүдийн нэг Дашнямын Содномзундуй бол Чойен нарын дараах үеийг залгамжлан МУ-ын шигшээ багт орж амжилттай тоглож байсан тамирчин хүн юм. Их цэмцгэр, өндөр нуруутай уран тоглолттой тамирчин байсан.  Энэ хүн сагсан бөмбөгийн холбоо, Улаанбаатар хотын Спорт хорооны даргаар олон жил идэвх зүтгэл гарган ажиллаж, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны шинэчилсэн дүрмийн дагуу түүний эрхлэн гаргасан Монголын сагсан бөмбөгийн албан ёсны дүрэм 1996 онд анх бий болжээ. Тэрээр бүхий л идэвх зүтгэлээ монголын сагсан бөмбөгийн хөгжилд зориулан үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчин, зохион байгуулагч хүн юм шүү дээ. Тэрээр “Гурван тамир” хэмээх сагсан бөмбөгийн клуб үүсгэн байгуулж өөрөө удирдан лигийн тэмцээн уралдаан зохион байгуулж байлаа.
 
Олон жилийн дараа хүү нь түүнд хөшөө босгон нэрт тамирчин Дашнямын Содномзундуйн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн явуулдаг байлаа. Үүнээс хойш сагсан бөмбөг эрчимтэй хөгжин 3-ын эсрэг 3 сагсан бөмбөг дэлхийн хамгийн өндөр олимпын тавцанд гарч байна. Энэ бол багийн спортын хувьд том амжилт гэж мэргэжилтнүүд үздэг юм. Өнөөдөр Монголд сагсан бөмбөг тоглож үзээгүй бага нас гэж байхгүй бүр үндэсний спортын түвшинд хүрчээ. Харамсах нэг зүйл бол өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн холбооныхан |МСБХ| хоорондоо хагаралдан нэг хэсэг нь Монголын сагсан бөмбөгийн холбоо, нөгөө хэсэг нь Үндэсний сагсан бөмбөгийн холбоо болоод тамга тэмдгээ булаалсаар олон улсын ФИБА-д эрхээ олон он жилээр хасуулсан хэвээр байгаа л даа. Улстөрчид спортын холбоодыг удирдах, тэнд эзэн суух санаархал нь мэргэжлийн тамирчдыг хоёр хувааж буй үзэгдэл ер нь бол манай спортын холбоодод байгаа. Тэдгээрийг хэлэх  гэвээс бараг л бүх холбоодыг нэрлэх хэрэг болох байх. Одоо эргээд хуучны сагсан бөмбөгөө дурсъя. Соёл нийгэмлэг бол нэгдүгээр сургуулийн Минжүүр, Даваасүрэн, Рэнцэн, Хасбагана, Дашням, Бямбажав, Аюу, Цогтоо нарын зэрэг тамирчид байжээ. Эмэгтэйчүүдээс Чанцал, Оюунбилэг, Рина|анхны багт| үүний дараа Цэрэндулам, Долгоржав, Дариймаа, Дашиймаа нар байв. Дариймаа, Долгоржав хоёр бол өндөр нуруутай, тоглолт, хамгаалалт сайтай энэ багийн ноён нуруу нь болж байсан охидууд. Нэгдүгээр сургуулийн энэ баг жил бүрийн сургуулиудын аваргаар манай сургуулийн эмэгтэйчүүдтэй эхний байрын төлөө өрсөлддөг байлаа. Долгоржав герман хүнтэй гэр бүл болон нутагт нь амьдарч байгаад нөхрийнхөө хамт бусдад хорлогдон аймшигтайгаар нас баржээ.
 
Хоршоолол нийгэмлэг бол гол нь гуравдугаар сургууль байсан. Хасбагана, Дорж, Өлзий, Бат-Өлзий нарын баг юм. Эмэгтэйчүүд бол Б.Оюун, Янжмаа, Батын Аюуш, Бадамханд, Зоя, Сувдаа, Цэрэндэжид, Сэлэнгэ, Саран, Чулуунхүү Дашням нарын зэрэг тамирчид оролцож байлаа. Б.Оюун, Б.Аюуш нар бол сурагчийн ширээнээс Хоршоолол нийгэмлэгийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багт орж гол тоглогч нь болж олон жил тус багийг авч явсан бүсгүйчүүл юм. Тэр үеийн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй бүх багууд ихэнхдээ дунд сургуулийн сурагчдаас л бүрэлддэг байлаа. Иймээс эргээд харж ээ байхад Сагсан бөмбөг анх сурагчийн ширээнээс Монголд мэндэлсэн гэж хэлж болно. Монголын сагсан бөмбөгийн эхлэл болсон эдгээр тамирчид өдгөө зарим нь бурхны оронд одож, үлдсэн зарим нь ахмад буурлууд болж дээ. Эдгээр тамирчид  бол манай спортын алтан үеийнхэн юм. Энэ хэсэг бол миний дурсах 1954-62 оны үе юм. Би гайхамшиг гэдэг үгийг энд олон удаа дурьдсан, энэ бол хоосон хөөрөл, цаасан малгай бус энэ гайхамшгийг өөрөө бүтээхээр зүтгэж явсан овиргон залуу үеийн минь сэтгэлийн үг юм шүү. Энэ бичээс бол миний мэдэх тавь, жараад оны үе бөгөөд дараах үеийг сагсан бөмбөг тоглодог тамирчид, хөгжөөн дэмжигчид, энэ спортод элэгтэй дүү нар маань үргэлжүүлэн өөрсдөө түүхийг нь бүтээж гаргах нь лавтай буйзаа. Ингэж л монголын Сагсан бөмбөгийн түүх  бий болох учиртай юм шүү дээ.
 
Найдансүрэнгийн Бадарч