Үндэсний бөхийн том барилдаан болоогүй их удлаа. Яахав улсын баяр наадмын бөх зайдуу шиг болж зурагтаар л харагдсан. Тэгвэл Монгол бөхийн өргөөнд “Богдхан уулын хишиг” улс, аймгийн алдар цолтнууд оролцсон нэг барилдаан уржигдархан боллоо. Барилдааны нээлтэд бөхчүүд жагсч гарч ирдэг. Тэдний магнайд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан М.Бадарч нар байв. Тэгээд хэдэн харцага начин. Нэг л юм дутаад байх шиг санагдсан. Тэр юу вэ гэвэл аварга, арслангууд. Даангүй ямар ч барилдаанд бөх сонирхогчдоо баярлуулж, цэнгүүлж байдаг улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар алга болохоор орон зай нь онгойгоод байлаа.
 
 
 
Үнэндээ түмний хайртай аварга, арслан хоёр хаана барилдаан болно тэнд л өнгөлж зогсдогсон. Бас тэр хоёрын нэг түрүүлж таардаг. Гэтэл допингийн шинжилгээнд унасан гээд алга. Яг л Японы мэргэжлийн сүмогийн тэмцээнд Хакүхо, Какирюү хоёр байхгүй барилдаан санаанд оров. Тийм барилдаан цаанаа амтгүй хоол шиг байсаар хэн нэг санаанд оромгүй нөхөр түрүүлчихдэг шүү дээ. Нөгөө л зуун чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдэг шиг.
 
 
 
Одоо Бөхийн өргөөнд болж байгаа барилдаанууд тиймэрхүү л өнгө царайтай болох янзтай. Аварга болоод цолондоо ханачихсан Ч.Санжаадамба болон арслан Ц.Содномдорж нар олон түмнээ гэж бодох биш. Барилддаггүй П.Бүрэнтөгс гайгүй байж л байдагсан аварга цол нь бас чөдөрлөчихсөн юм биш байгаа даа. Ер нь цол нэмэх тусмаа барилдаж байдаг бөх чинь Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар шүү дээ. Том цолд хүрэхээрээ цээж баян гэгчээр ханхалзаж өөрийгөө өөрөөр тоодог бөхчүүдэд уг нь зэм хүртээдэг баймаар юм. Даанч Үндэсний бөхийн холбоо гэж нэр төдий дүрэм журам ч үгүй, хэрүүлээс өөрийг мэддэггүй байгууллага байх юм.
 
 
С.Цэдэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин