sonin.mn
Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах Японы Токио хотноо ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр “Токио-2020” зуны олимпыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Мори Ёширогийн хамт хэвлэлийн бага хурал хийж, зайлшгүй авах ёстой зарим чухал ажлаа танилцуулсан байна. Ирэх онд цар тахлын эсрэг вакцин авах боломж олдвол олимпод оролцох баг тамирчдад хийх зардлыг ОУОХ хариуцаж болох юм гэж мэдэгджээ.
 
Гэхдээ тамирчдыг заавал вакцин хийлгэ гэж шаардахгүй. Сайн дурын үндсэн дээр уг ажлыг зохион байгуулахыг онцолсон байна. Мөн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай уулзаж, “Токио-2020” олимпын наадмыг хамтран амжилттай зохион байгуулахаа илэрхийлжээ.
 
Харин Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга “Ирэх онд олимпын наадам нь хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлсний нотолгоо, түүнчлэн зүүн Японы байгалийн гамшгаас дахин сэргэн боссоныг дэлхий нийтэд түгээх олимп болно. Олимпыг гол үзэгчтэй зохион байгуулахаар олон талаас бодолцон, бэлтгэлээ базааж байна” гэв.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин