sonin.mn

 

Энэ жилийн наадмаар зургаа даван Монгоп улсын харцага цол хүртсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Хилчин спорт хороо, АПУ компаний бөх Т.Санчирыг шинэ оны анхны дугаарынхаа зочноор урьж ярилцлаа.
 
-Юуны өмнө танд шинэ оны мэнд дэвшүүлье. 2012 он таны хувьд ямархуу жил болж өнгөрөв?
 
-За баярлалаа. Бөх сониныхоо нийт уншигчдад шинэ оны мэнд хүргье. Миний хувьд 2012 он үр өгөөжтэй сайхан жил байлаа. Зорьсон зорилго, хүсэл мөрөөдлийнхөө нэгээхэн хэсэгт хүрч 2013 оноо амжилт бүтээлтэй угтлаа. Ирэх ондоо энэ амжилтаа давтаж, илүү ахиулахын төлөө зорилго тавьж байна даа.
 
 
-Бэлтгэл жигдэрчихсэн үү? Яагаад барилдахгүй байна вэ?
 
-Бэлтгэл жигдэрч байна аа. Наадмаас хойш ер барилдсангүй. Одоо 10-д гараад барилдана аа.
 
 
-Наадмын бэлтгэлээ хаана, хэрхэн базаасан бэ?
 
-2012 оны наадмын бэлтгэлээ МУГД Д.Дашжамц багшийнхаа удирдлаганд Хилчин спорт хорооныхоо бөхчүүдтэй Бугын САА-д гарсан. Ер нь тэнд л тогтмол гардаг юм. Би Бугын САА-гаас аймгийн арслан, улсын начин, улсын харцага зэрэг сайхан цолуудаа авлаа. Их өгөөжтэй, сайхан хангай байгаа юм.
 
 
-Цөөнгүй жил зүтгэж байж начин цолд хүрснийг тань мэдэх юм. Тэр үеийн сэтгэгдлээ энэ мөчид эргээд нэг дурсана уу. Олон жилийн хүсэл мөрөөдөл биелэх сайхан биз?
 
-Тэгэлгүй яахав. Аймгийн арслан цолтой олон жил улсын цолны тааварт орж, цол авахын төлөө барилдсан. Санаснаар болохгүй нэлээд хэдэн жил явсан л даа. 2010 он их сайхан жил байж монгол улсын начин цол авсандаа их баяртай байгаа. Начин болсноосоо хойш бэлтгэл сургуулиа тогтмол хийсэн. Тэрнийхээ үр өгөөжөөр цолоо баталж, ахиулж улсын харцага хэмээх эрхэм цол авсандаа баяртай байнаа. Цаашдаа ч бэлтгэлээ сайн хийж цолоо ахиулахын төлөө хичээнэ гэж бодож байгаа.
 
 
-Олон жил цол бодож барилдахаар “нерв”-тэх үе гарах уу, цолонд хүрч чадахгүй өнгөрчих вий гээд л...?
 
-Мэдээж тийм бодол төрөлгүй яахав. Олон жил 4-5-ын даваанд унаад ирэхээр янз бүрийн л юм бодогдоно. Гэхдээ сэтгэл санаагаар унасан гэж хэлэхгүй ээ. Ямар ч байсан цол авах хувь тохиол надад байгаад улсын цол авсан гэж боддог. Юм болгон цаанаа учир ерөөлтэй гэдэг шүү дээ. Тиймээс улсын цолонд хүрч чадсандаа баяртай байдаг юм.
 
 
-Бөхөөр хичээллэж эхэлснийхээ дараа хэсэг зуур бөхөөсөө хөндийрсөн гэдэг билүү. Магадгүй цаг хугацаа алдсан тал бий юу?
 
-Нэг их айхтар завсарласан ч юмгүй л дээ. Дунд нь ганц, хоёр жил барилдахгүй, бэлтгэл сургууль хийж амжихгүй үе гарсан. Анхнаасаа бөхийн замыг сонгосон болохоор энэ замаасаа хазайгаагүй. Зорьж зүтгэж явсаар тодорхой хэмжээний амжилтанд хүрлээ.
 
 
Тухайн үеийнхээ мэдэмжээр л тэр мэхийг хийсэн л дээ
 
 
-Наадмын даваа болгон хүнд байдаг гэж бөхчүүд ярьдаг. Энэ жилийн даваануудын талаар ярилцах уу?
 
-Наадмын даваа болгон чанга байлгүй яахав. Хоёрын даваанаас эхлээд л ширүүн өрсөлдөөн болдог. Миний хоёрын давааны учраа Архангайн аймгийн арслан У.Батгэрэл байсан. Гуравт Завханы аймгийн харцага Э.Баасандорж гэж олон жил сайн барилдаж байгаа залууг амлаж давсан. Дөрвийн оноолтонд улсын харцага Ө.Даваабаатартай таарч даваад тавд Ганбат арсланг давж начин цолоо баталсан. Зургаагийн даваанд у.а Д.Азжаргалыг давж улсын харцага цол авсан даа.
 
 
-Бөхчүүд дөрвийн давааны оноолтыг их онцлоод байдаг. Таны учраа Даваабаатар харцага гэхэд цацаа цалгиатай барилддаг бөхчүүдийн нэг?
 
-Тийм ээ. Дөрвийн даваа оноолт болохоор том бага аль ч бөхийн хувьд чанга таардаг л даа. Даваабаатар харцагатай барилдахаар гарахдаа өөртөө их итгэлтэй байсан. Тэгээд сайхан барилдаад давсан шүү.
 
 
-Ганбат арслантай өмнө барилдаж байв уу? Амласныг сонсоод юу бодогдож байсан бол...?
 
-Өмнө барилдаж байсаан. Хүчтэй, сайн арслан. Би ганц нэг давж, ихэвчлэн л унаж байсан л даа. Амласныг нь сонсоод шийдсэн мэхээ хийгээд зоригтой сайхан барилдъя гээд л гарсан. 2010 онд намайг начин болж байхад арслан түрүүлж байлаа. Түүнийг ямар арслан, ямар бөх гэдгийг үзэгчид бүгд мэдэх юм чинь. Сайн арсланг давж цолоо баталсандаа үнэхээр их баярласан.
 
 
-Тэр барилдаан үнэхээр сайхан болсон. Таниас тийм мэх ирнэ гэж арслан лав бодоогүй байх аа?
 
-Бид хоёр золгосон. Давхар шуудагны барьцнаас Ганбат арслан намайг түрээд хөөх үед нь би дагуулаад давхар ачиж хаясан. Тийм мэх хийхэд нь тэгж хаяна гэсэн тооцоо надад байгаагүй л дээ. Барилдааны явцад нөхцөл байдал бүрдсэн. Бас ч үгүй нэлээд хэдэн жил барилдсан юм болохоор тухайн үеийнхээ мэдрэмжээр л тэр мэхийг хийсэн дээ.
 
 
-Зургаад Азаа арслан таныг амлах гэж байгааг мэдсэн үү?
 
-Тавд ч тэр, зургаад ч тэр арслангууд амлах гэж байгааг мэдээгүй. Бөхчүүд ам авлаа гээд зарлахад нь сонсоод л гарч барилдсан. Улсын цол авчихсан болохоор сэтгэл санаа харьцангуй тайван. Хэн ч авсан бай, өөрийнхөөрөө сайхан барилдана л гэсэн бодолтой сууж байсан.
 
 
-Азжаргал арслан та хоёр бие биенийхээ барилдааныг бол сайн мэднэ дээ?
 
-Мэднэ, мэднэ. Бид чинь БТДС-д Сэрээтэр багшийн удирдлага дор олон жил үндэсний бөхийн бэлтгэл хамт хийсэн хоёр. Азаа манай дээд курст сурдаг байсан юм. Хоорондоо олон ч барилдсан тиймээс бие биенийхээ барилдааныг сайн мэднэ.
 
 
-Арслангаас өхийлдөх мэх ирнэ гэдгийг гадарлаж байсан байлгүй. Ерөнхийдөө арслангийн дархан мэх байх шүү?
 
-Тэр мэхээрээ дархан аварга Бат-Эрдэнийг наадмын дэвжээнд хаяж арслан цол авч байсан юм шүү дээ. Тэр мэхийг ирэх байх гэж дотроо бодож байсан. Тэгтэл яг ороод ирсэн. Гэхдээ жаахан дутуу орж ирсэн, дээр нь миний аз од ч түшсэн байх. Тэгж л давсан даа.
 
 
-Та хоёрыг нэлээд ойр дотно найз гэж дуулсан. Найзтайгаа барилдахаар барилдаан гарах нь хэр вэ?
 
-Бид хоёр жирийн үед сайхан найз нөхөд. Олон жил найзалж байна, цаашдаа ч найзална. Наадмаар зургаагийн даваанд намайг авахад нь хэдий найз нөхөд ч гэсэн дэвжээн дээр гараад адилхан л өрсөлдөгч болохоор бодож санах юмгүй хүч үзэн барилдаад л давсан.
 
 
-Зааны даваанд Мөнхбаатар арслантай барилдсан. Тэр барилдааныхаа тухай...?
 
-Долоод Мөнхбаатар арслантай барилдаж унасан. Үнэхээр болоогүй л дээ.
 
 
-Тухайн үед цол нэмсэн баяр, унасан харамсал хоёрын аль нь түлхүү мэдрэгдэж байв?
 
-Аль аль нь тэнцүү л байсан даа. Хэн ч гэсэн давахын төлөө л барилдана. Бас нэг том цолны босгон дээр ирээд уначихаж байгаа болохоор тодорхой хэмжээний харамсал байсан. Харцага цол авчихсан болохоор дотроо мэдээж баяртай байгаа. Энэ хоёр давхцаад ч тэрүү, нэг их айхтар юм бодогдоогүй шүү дээ.
 
 
-Таныг давсан Мөнхбаатар арслан маань сэргээшийн асуудалд холбогдоод байгаа. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?
 
-Тиймэрхүү зүйл яригдаад л байна. Одоохондоо тодорхой мэдэж байгаа зүйл алга.
 
 
-Арслантай наадмаас хойш уулзалдсан уу?
 
-Үгүй ээ, уулзалдаагүй. Арслан дотроо юу бодож явааг мэдэхгүй.
 
 
-Та энэ жил санасандаа хүртэл барилдаж чадсан гэж бодож байна уу?
 
-Чадсан шүү. Хүн бүр цол авахын төлөө барилддаг. Цол авахаараа цолоо батлах цолондоо эзэн байх үүрэг хариуцлага ирнэ. Би ч гэсэн начин болчихоод юуны өмнө цолоо баталъя гэж боддог байсан. Тэр хүсэлдээ хүрч цолоо батлаад цаашлаад ахиулж харцага цол авсан болохоор сэтгэл их өндөр байна.
 
 
-Наадмын өмнөхөн охинтой болсон гэж дуулсан. Бөхчүүдийн хувьд шинэ хүнтэй болохоороо цол авах, ахих ч юм уу ямар нэг бэлгэдэл, уялдаа холбоо байдаг юм шигээ. Хэд хэдэн бөхийн ярианаас иймэрхүү зүйл сонсож байсан юм байна. Танд тэгж санагдсан уу?
 
-Тийм ээ. Наадмын бэлтгэл дээр байхад охин маань мэндэлсэн. Энэ жил их сайхан жил. Шинэ хүнтэй болоод, цолоо ахиулаад. Намайг харцага цол авчихаад хувцас сольдог өрөөнд сууж байхад манай Ганхуяг арслан их сайхан үг хэлсэн. “Санчир аа, хүүхэд төрөхдөө буян хишгээ дагуулж ирдэг юм шүү" гэж. Охин минь аавдаа цол дагуулан ирж, би охиндоо шинэ цолоор бэлэг барилаа... гээд бодохоор үнэхээр сайхан санагдаж байсан шүү. .
 
 
-Хархорин сумаас хоёр цолтон төрлөө. Цол авчихаад нутаг усандаа очих сайхан биз?
 
-Тэгэлгүй яахав. Манай сумаас хөдөлмөрийн баатар, дэлхийн хошой аварга З.Ойдов, улсын заан Ц.Санжаа, улсын заан З.Дүвчин, МУГТ, у.н Д.Пүрэвсүрэн гээд олон сайхан бөх төрсөн. Энэ жил нутгийн дүү Сугаржаргал бас сайхан барилдаж улсын цол авлаа. Нэг нь харцага, нэг нь начин болж нутаг усныхаа нэрийг дуудуулж байх сайхан байсан л даа.
 
Ер нь нэг сумаас хоёр цолтон төрсөн тохиол байх нь байдаг, гэхдээ цөөхөн байх шүү. Миний ээж Хархорин сумынхаа Жалбаа гэдэг газар амьдардаг юм. Цол авчихаад ээждээ очиж үнсүүлэх гэж их яарсан даа. Ээждээ, нутагтаа очоод гол усныхантайгаа наадмын сонин сайхан яриад сууж байхад үнэхээр сайхан шүү.
 
 
Аав минь тэнгэрээс хүүгээ хараад баярлаж байгаа л гэж боддог юм
 
 
Харцага маань олон жилийн өмнө Өмнөговь аймагт сонгуулийн ажлаар очоод тэндээ үлдэн аймгийнх нь наадамд зодогложээ. Харин тэр үед цол авчихъя гэсэн бодол ер төрөөгүй агаад юу ч бодолгүй барилдсаар шөвгийн дөрөвт үлдэж аймгийн начин цол авчихаад ихэд баярласан гэдэг. Тэр бол Санчирын анхны цол байлаа.
 
 
-Анх бөхийн спорт руу хөл тавьсан тэр үеийг одоо нэг дурсвал сонин байх болов уу?
 
-Хархорин сумынхаа сургуулийн 9-р ангид орох жил манай биеийн тамирын Цэрэнлхүндэв багш манай ангийн багш болсон. Өөрөө бөхөд их дуртай, бөх их дэмждэг багш л даа. Би тэр үед өндөрдүү туранхай, сагс волейбол хөөсөн хүү байлаа. Тэгэхэд багш маань “Чи бөхөөр хичээллэ, чамд бие хаа байна” гээд бөхийн секцэндээ оруулж байсан.
 
 
Сар шахуу хичээллэсний дараа анх удаа аймгийн өсвөрийн аварга шалгаруулах барилдаанд орж 25 хүүхдээс 22 даваагаар гуравдугаар байранд шалгарч диплом авсан юмдаг. Мэдээж жаахан хүүхэд анх удаа тийм амжилт гаргаад ихэд урамшиж “бөх болж болох юм байна” гэж бодсон. Тэрнээс хойш бөхөөр тууштай хичээллэсэн. Одоо тэр үеийг дурсахаар их сайхан байдаг.
 
 
Цэрэнлхүндэв багшаараа бөхийн эрдэм анхлан заалгаж, хотод ирээд БТДС-д Д.Сэрээтэр харцага, талийгаач Ж.Даваажав багш нарынхаа удирдлагад ирж байлаа. Сургуулиа төгсөөд Хилчин спорт хорооны тамирчин болж у.н Д.Дашжамц багш, Өвөрхангайнхаа Их монголын хүчтэн дэвжээг байгуулагдахад у.а Б.Ганбаатар багш нарынхаа шавь болсон. Ийм олон сайхан багштай хүн, би. Эд нарынхаа шавь болсондоо үргэлж бахархаж явдаг юм.
 
 
-Танайханд барилддаг хүн байв уу?
 
-Яг барилдаад цол авсан хүн ховор юм аа. Гэхдээ аав, ээж хоёрын маань тал аль аль нь биерхүү, чацтай, бяртай хүмүүс байсан юм гэнэ лээ. Дээхнэ үеийнхээ удам судрыг судлаад сураглаад үзэхээр сум орныхоо наадам, овоо тахилгад барилдчихдаг бөхчүүд бол байсан юм билээ.
 
 
-Монголчууд маань хүү төрөхөөр бөх болно гэдэг амны билэгтэй ард түмэн. Танай аав ээж ч гэсэн хүүгээ бөх болоосой гэж хүссэн нь дамжиггүй. Одоо хүү нь ийм сайхан цол авчихаад сууж байхад сайхан санагддаг байх даа?
 
-Сайхан, сайхан. Эцэг эхийнхээ нэрийг гаргаад, хүсэж бодож явсныг нь биелүүлээд явж байна гэдэг сайхан байлгүй яахав. Ээж минь одоо надад ярьдаг юм. Намайг хүүхэд байхад суманд бөх болж байна, зурагтаар бөх гарч байна үз гэхээр ер үздэггүй, гадаа л тоглож байдаг хүүхэд байсан гэнэ лээ. Аав минь 2005 онд өөд болсон юм.
 
Би 2000 онд Өмнөговьд барилдаж аймгийн начин болоод 2004 онд аймагтаа түрүүлж аймгийн арслан цол авсан. Аав минь хүүгээ аймгийн арслан цол аваад гайгүй барилдаж байгааг зах зухаас нь харсан. Түүнээс хойш улсын начин, харцага цол авлаа. Аав минь тэнгэрээс хүүгээ хараад баярлаж байгаа л гэж боддог юм.
 
 
-Аав ээж тань ямар ажил мэргэжлийн хүмүүс вэ, эцэг эхээс хэдүүлээ вэ?
 
-Манай аав тээврийн жолооч. Ээж маань эмч мэргэжилтэй. Одоо тэтгэвэртээ гарчихсан. Би дээрээ хоёр эгчтэй, айлын бага хүү. Миний бага нас аавын машины кабинд л өнгөрсөн. 5-6 настай байхаасаа л аавыгаа дагаад тээвэрт явна. Гэрээсээ хол олон хоног, сараар хүртэл явчихдаг байлаа. Ихэвчлэн холын тээвэрт говь руу явна. Машинтай ойр өссөн болохоороо ч тэрүү, одоо ч машин техникт их дуртай.
 
 
-Аав тань энд тэнд явж байгаад барилдах уу?
 
-Бүр залуудаа бол зүгээргүй ганц нэг барилддаг байсан юм шиг байгаа юм. Ерөнхийдөө спортоор их хичээллэдэг байсан. Социализмын үеийн хүмүүс бүгд л их спортлог шүү дээ, тийм ээ? Волейбол тогловол тоглочихно, цанаар гулгавал гулгачихна. Цанын спортын нэгдүгээр зэрэгтэй. Нэлээд ч биерхүү хүн байсан даа. Бас Өвөрхангайнхаа бөхчүүдтэй их ойр дотно. Намайг бага байхад Цэрэнтогтох аварга, Ишгэн заан гээд олон бөхтэй уулзаж, нөхөрлөж байсныг нь бүдэг бадаг санаад байдаг юм. Олонтой хүн гэж байдаг даа. Аав минь тийм л хүн байсан. Өвөрхангайхан “Өндөр Төмрөө” гээд андахгүй дээ.
 
 
-Хүүдээ юуг хамгийн их захьдаг байсан бол...?
 
-Чи тэгэх ёстой, ингэх ёстой гэж нэг их сургаал хэлээд байх нь ховор ч өөрөөрөө их үлгэр дуурайл үзүүлдэг байсан даа. Аав минь намайг зодох нь бүү хэл чанга зандарч ч байгаагүй. Тэглээ гээд би буруу эрхлээгүй. Аавын минь байгаа байдал, үйл хөдлөл бүхэн нь надад хүмүүжил, сургаал болж шингэсэн. Тэр хүмүүжлээр би өдий зэрэгтэй, сайн сайхан амьдраад л явж байна даа.
 
 
-Харцага дунд сургуульд байхдаа ямар хичээлдээ илүү сонирхолтой байв?
 
-Монгол хэл, уран зохиолдоо илүү дуртай байсан. Унших, цээжлэх талдаа гайгүй, хамгийн эхэнд шахуу л цээжлээд багшид асуугдчихаад л гардаг хүүхэд байсан. Харин тооны тал дээр маруухан шүү.
 
 
-Хүүхэд болгон том болоод би ийм хүн болно, тийм хүн болно гээд л төсөөлдөг. Таны хувьд бөх болох л мөрөөдөл байв уу, эсвэл өөр мэргэжил бодож байв уу?
 
-Жолооч болно л гэж боддог байлаа. Сүүлдээ бөхөөр хичээллээд тэр бодол өөрчлөгдсөн. Би УБДС-ийн БТС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн юм шүү дээ. Одоохондоо мэргэжлээрээ ажиллаагүй л байна. Яваандаа хэзээ нэг цагт ажиллаж магадгүй л юм. Бөх бол залуу насны ажил. Эзэмшсэн мэргэжил, амьдрал практик дээр олж авсан жаахан ч гэсэн зүйлээ дараагийнхаа үед зааж, өвлүүлж үлдээх байх гэж боддог юм.
 
 
-Түрүүн хүүхэд байхдаа сагс волейбол хөөсөн хүү байсан гэж ярьсан. Тэгэхээр сагс тоглох авьяас дунд сургуулиас эхтэй юмаа даа, бөхчүүдийн сагсны тэмцээнд тоглож байгааг тань харахад нэлээд сайн тоглодог юм билээ?
 
-Манай Хархорины сургууль волейболын сургалт их гайгүй байсан юм шиг байгаа юм. Бүгд л волейбол, сагс их сайхан тоглоцгоодог. Би багаасаа л бөмбөгт их сонирхолтой хүүхэд байлаа. Тийм болохоор хүүхэд байхдаа сагс тоглох эвсэл олж авсан юм болов уу гэж боддог. Одоо ч гэсэн бөхийн бэлтгэл хийхдээ нэг өдөр нь сагс тоглоцгоодог шүү дээ. Саяхан бөхчүүдийн сагсны тэмцээн болоод манай Их монголын хүчтэн дэвжээний бөхчүүд хоёр дахиа түрүүллээ. Ганхуяг арслан маань сагс сайхан тоглодог. Бид хоёр АПУ компаний тамирчид. АПУ-гийнхаа ажилчдын дунд спортын тэмцээн уралдаан зохиоход манлайлаад байнга хамт оролцоно. Хоорондоо тоглоод сурчихсан, гар сайн нийлдэг юм /инээв/.
 
 
Сугадаж д барилддаг хүн шүү дээ, бий....
 
 
-Таны барилдааныг анзаарч байхад тойргийн барилдаанд их сайн барилдах юм аа?
 
-МҮБХ-ноос зохиодог "Нутгаа дуурсгана” барилдаан гэж болдог шүү дээ. Тэр барилдаан миний хувьд их үр өгөөжөө өгсөн. 2010 онд Бар жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд Өвөрхангай аймгийнхаа Их монголын хүчтэн дэвжээний багт орж нэлээд сайн барилдсан. Нэг аймгийн шилмэл зургаан бөхтэй тойргоор барилдахад тэр нь сайн, энэ нь муу гэж ялгахааргүй бүгд шижигнэсэн сайхан бөхчүүд. Тэр барилдаан 2012 онд болоход нь мөн л оролцож амжилттай барилдсан. Тэр хэрээр наадмаар сайхан барилдаж цолоо ахиуллаа. Тиймээс энэ бол надад үр өгөөжөө өгсөн сайхан барилдаан гэж үздэг.
 
 
-Аймгийн арслан байхдаа Дарханд болсон залуучуудын УАШ тойргийн барилдаанд түрүүлж байсныг тань санаж байна. Тийм болохоор тойргийн барилдаанд сайн юм гэсэн бодол төрөөд байгаа юм?
 
-Магадгүй ээ. Тойргийн барилдаанд сайн барилддаг нь миний онцлог байж болох юм. Ямар ч байсан тойргийн барилдаанд гайгүй барилдчихаад байдаг /инээв/.
 
 
-Та бас нэлээд аралтай бөхчүүдийн тоонд орно. Одоо өндөр, жин хэд байгаа вэ?
 
-Миний өндөр 187 см байдаг юм. Харин жин 125 кг орчим л байна даа. Арван жилдээ ч тэр, оюутан болоод ч тэр ангийнхаа хүүхдүүдийн хамгийн дээр л зогсдог байсан.
 
 
-Хүчний бэлтгэл хэр их хийдэг вэ?
 
-Долоо хоногт хоёр удаа хийнэ. Сүүлийн үед бөхчүүд хүчний бэтгэлийг нэлээд түлхүү хийдэг болсон шүү дээ.
 
 
-Хүчний үзүүлэлтүүдийг чинь сонирхож болох уу?
 
-Тийм сайн биш ээ, бас муу ч биш. Дундуур л байх гэж боддог. Мундаг, мундаг шахдаг суудаг бөхчүүд олон байна. Тэдний энд арай хүрэхгүй. Гэхдээ өөрийн хэмжээнд боломжийн дунд хавьд байгаа байх аа.
 
 
-Ямар мэхийг голдуу хийж байна?
 
-Сугадаж л барилддаг хүн шүү дээ, би. Ихэвчлэн золгооноос барилдана.
 
 
-Анх ямар мэх сурч байв?
 
-Анх уу? Хутгах мэхийг сурч байсан юм байна.
 
 
-Тэгвэл огт сурдаггүй мэх байна уу?
 
-Би өмсөх мэхийг суръя гэхэд чадахгүй байх аа. Апиваа хүнд биеийн онцлог гэж байна. Том биетэй, өндөр бөхчүүд бол өмсөөд байхгүй шүү дээ. Тийм болохоор сураад ч хэрэггүй, сурч ч чадахгүй байх.
 
 
-Бөхчүүд таныг бяртай гэдэг юм билээ?
 
-Хүмүүс бяртай гэж байгаа бол надад байгалиас жаахан ч гэсэн бяр заяасаных байх. Бодоод байхад би тийм уран, хурц барилдаантай хүн биш. Тэгэхээр арал чацаа ашиглаж, бяралхаж л барилддаг юм болов уу даа.
 
 
-Барилдаан таардаггүй бөх бий юу?
 
-Ер нь барилдаан таардаг бөх гэж ховор шүү дээ. Адилхан өрсөлдөж байгаа болохоор бүгд л барилдаан таардаггүй гэж боддог. Хүмүүс нэг бөхийг хэд хэд даваад ирэхээрээ тэрэнтэй барилдаан таардаг гэдэг байж магад.
 
 
Ээжийн тухай дуу л их аялна даа...
 
 
-Айраг сайн уух уу, бөхчүүдийн дэмбээний тэмцээнд орж байсан билүү?
 
-Манай Өвөрхангай айрагтай, дэмбээтэй нутаг. Зун хөдөө очихоороо айраг уугаад, дэмбээдээд л сайхан шүү. Айргийг ихээр ууж чадахгүй ээ. 2-3 хулаас хэтрэхгүй. Хотод орж ирээд нэлээд удчихсан болохоор сайн уудаг хөдөөний залуусын дэргэд шалихгүй болчихсон байна лээ. Уг нь хөдөө байгаад байнга уугаад байвал гайгүй уудаг болчихдог юм. Дэмбээний тэмцээнд харин орж байгаагүй ээ. Гэхдээ гайгүй дэмбээдчихнэ шүү.
 
 
-Дуу хууранд хэр вэ?
 
-Ямар ч байсан солгой биш ээ. Дугараа ирвэл өөрийгөө болгочихно /инээв/.
 
 
-Хүнд өөрийн мэдэлгүй аялчихдаг дуу байдаг даа...?
 
-Ээжийн тухай дуу л их аялна даа. Сүүлийн үед Эрдэнэбат гавьяатын дуулсан ээжийн тухай нэг дуу аманд их орж ирээд байдаг болсон байна лээ.
 
 
-Нутаг ойрхон болохоор ээж рүүгээ үе үе “гүйнэ” биз?
 
-Очино, очино. Зав зай гарах л юм бол ээждээ очоод л ирнэ. Манайх хотоос 360 км. Зам нь засмал болохоор боломж л таарвал ухасхийчихнэ шүү.
 
 
-Онцлоод шүтдэг уул хайрхан бий юу?
 
-Нэг их онцолж шүтэх нь юу байхав. Гэхдээ аль нэг өндөрхөн уулын орой дээр гараад орчин тойрноо хараад сууж байхад хийморь лундаа сэргээд нэг л сайхан байдаг юм. Бас зодог шуудгаа өмсөөд, дэвж шаваад, сайхан барилдахаар хийморь сэргээд л явчих шиг санагддаг шүү.
 
 
-Ан авд сонирхолтой юу?
 
-Нэг их сонирхоод байдаггүй юм аа. Хааяа найз нөхөдтэйгээ агаар салхинд гарангаа ан гөрөөнд явна. Гэхдээ өөрөө агнаад байдаггүй.
 
 
-Санаанаас гардаггүй дурсгалтай, бас харамсалтай барилдаан гэвэл...?
 
-Би ч барилдаан болгоныг санаад тэгэхэд тэгсэн, ингэхэд ингэх байсан гээд бодоод харамсаад байдаггүй юм аа. Уг хүн нь тийм хор шар багатай болоод ч тэр үү, дор нь л мартчихдаг. Баярласан барилдаан мэдээж олон байгаа. Цол авсан даваа болгон дурсгалтай. Энэ жилийн хувьд цолоо баталчихаад илүү их баярласан. Дараа нь харцага цол аваад мэдээж баярласан.
 
 
-Одоо заан цол хэр ойрхон санагдаж байна?
 
-Бэлтгэлээ сайн хийгээд цолоо ахиулахын төлөө л барилдалгүй яахав.
 
 
-Сая хор шар бага гээд ярилаа. Дэвжээн дээр гарсан тохиолдолд өөрийгөө хэрхэн ирлэдэг бол?
 
-Манай найз нөхөд л чи хор шар багатай шүү. Жаахан шартай барилдаж бай гэцгээдэг юм. Барилдаан бол өрсөлдөөн. Тэгэхээр хэн ч гэсэн давахын төлөө хор шартай л байж таарна. Спортын хүнд байх ёстой тодорхой хэмжээний зөв хор шар бий л гэж боддог. Сэтгэлийн хөдөлгөөн багатай болохоороо тэрийгээ нэг их ил гаргадаггүй байж магад.
 
 
-Ойрын үед монгол бөхийн ертөнц багагүй шуугиантай байлаа. Бөх хүнийхээ хувьд та ямар бодолтой яваагаа хуваалцахгүй юу?
 
-Бөхчүүдийн нэр хүнд уналаа, холбоо тэглээ, ингэлээ гээд л янз бүрийн юм дуулдаад байна л даа. Ерөнхийдөө талд нь авах ч юм байгаа, хаях ч юм байгаа шүү дээ. Хүн болгон л дор дороо цэгнээд л сууж байгаа байх. Тэрнээс биш тэрний зөв, энэний буруу гээд туйлшраад байх утгагүй. Бөхчүүд тэглээ, бөхчүүд ингэлээ гээд л байдаг. Монгол орон даяар давхардсан тоогоор 30-40 мянган бөх барилддаг гэдэг биз дээ.
 
 
Ганц хоёр бөх болохгүй зүйл хийснээс болж тэр олон бөхийн нэр хүнд сэвтэнэ гэхээр харамсалтай. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг Бөх бол мэргэжлийн спорт биш болохоор наад зах нь тэр олон бөх хаана, юу хийж яаж явахыг бөхийн холбоо хянах боломжгүй шүү дээ. Тиймээс зарим нэгний гаргасан алдаа дутагдлыг бөхийн холбоо руу нялзаагаад байж болохгүй л гэж боддог.
 
 
-Нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн эр хүнийхээ үүднээс өнөөгийн нийгмээ хэрхэн дүгнэдэг вэ?
 
-Өнөөгийн нийгэм үү? Өөдрөг яваа нэг нь бол болж бүтэж байна л гэдэг. Жаахан гундуу яваа нэг нь болохгүй, бүтэхгүй байна л гэдэг. Миний хувьд монголын маань ирээд сайн сайхнаар л харагддаг. Сайхан болоосой гэж хүсдэг, сайхан болно гэдэгт нь ч итгэдэг.
 
 
-Цаг зав гарган ярилцсан баярлалаа. Шинэ ондоо аз хийморь, амжилт бүтээл дүүрэн байж дахин шинэ сайхан цолны эзэн болоорой?
 
-За баярлалаа. Бөх сониныхоо уншигчдад, нутаг усныхандаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Мөн намайг тусалж, дэмжиж байдаг Хилчин спорт хороо, ХЦ 0146-р анги, АПУ ХК-ны хамт олондоо бүгдэд нь шинэ оны мэнд дэвшүүлж үргэлж баярлаж явдгаа уламжилъя. Та бүхний минь ажил үйлс ямагт бадамлан гэрэлтэж, тэгш дүүрэн байх болтугай.
 
 
Ярилцсан С.Бадамгарав
 
Эх сурвалж: "Бөх "