Монголын волейболын холбооны эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг ирэх сард Таиландын Бангкок хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон. Тэд тэмцээний өмнө Солонгосын клубүүдтэй хамтарсан бэлтгэл хийхээр удахгүй хилийн дээс алхах юм.
 
Волейболын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн ахлагч, үндэсний шигшээ багийн тамирчин А.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Enacoree” багийн тамирчин бөгөөд 2006 оноос хойш волейболоор хичээллэжээ.
 
 
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэд дэх удаагаа оролцох гэж байна вэ?
 
-2009 онд Таиландад болсон Азийн оюутнуудын анхдугаар тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж байсан. Мөн өнгөрсөн онд Монголд болсон оюутны Азийн аваргын хоёрдугаар тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Харин одоо Азийн аварга шалгаруулах тэмцээнд багийн ахлагчийн үүрэгтэй оролцох гэж байна.
 
Тэмцээнд 16 орны тамирчин оролцоно. Түүнээс манай улсын шигшээ баг Таиланд, Казахстан, Австралийн багтай “А” хэсэгт  багтсан. Бид эхний тоглолтоо есдүгээр сарын 13-нд Австралийн эсрэг хийнэ.  
 
 
-Жилийн өмнө болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө Таиландын багтай учраа таарч мөнгөн медаль хүртсэн. Энэ удаад ч тэдэнтэй нэг хэсэгт орсон байна. Ямар тактикаар өрсөлдье гэж төлөвлөж байна?
 
-Тухайн үеийн тэмцээнд оролцож байсан багийн бүрэлдэхүүн оролцохгүй байх. Таиландууд энэ удаад улсынхаа нэгдүгээр багаа оролцуулна гэж бодож байна. Тиймээс бид бэлтгэлээ сайн базааж байгаа. Ер нь таиландчууд хурдтай тоглодог. Харин Австрали, Казахстаны хувьд өндөр тоглогчтой, тоглолтын хувьд ч Европ тал руугаа ордог.
 
Манай багийн хувьд Азийн оюутны аваргад оролцож байсан бүрэлдэхүүнд бага зэргийн өөрчлөлт орсон. Тиймээс тоглолтын тактикаа сайн боловсруулж байна. Бид сар гаруй хугацаанд бэлтгэл хийж байна. Мөн нэг газар байрлаж байгаа болохоор бэлтгэл сургуулилтын хувьд ч амар байгаа. 
 
 
-Тэмцээний өмнө хамтарсан бэлтгэл хийхээр хилийн дээс алхана гэсэн үү?
 
-Ирэх сарын нэгэнд Солонгос уруу явж тэмцээний өмнө клубын багуудтай хамтарсан бэлтгэл хийх юм.  Тэндээсээ 11-нд Таиланд уруу явж тэмцээндээ оролцоно. Бидний хувьд ахлах дасгалжуулагч маань солонгос хүн болохоор хамтарсан бэлтгэл хийхэд  олон давуу талтай. Манай багийнхан өндрөөрөө гологдохгүй. Одоо тоглолтынхоо хурдыг сайжруулахын төлөө хичээж байна. 
 
 
-Талбай дээр гараад тоглоход ахлагч хүн бусдаасаа хэдэн алхмын өмнөхийг харах шаардлагатай болдог. Энэ утгаараа та их үүрэг хариуцлагатай хүлээх нь дээ?
 
-Надад их хариуцлага ногдож байгааг мэднэ. Хамгийн гол нь багийнхныгаа нэг хүн шиг байлгах хэрэгтэй гэж боддог. Учир нь тухайн тамирчны ур чадвараас үл хамаардаг зүйл бол багийн тоглолт. Бүгдээрээ нэг сэтгэлтэй байж л амжилт гаргана шүү дээ.
 
Тийм ч учраас бид Олимпийн хороон дээр байрлаад, нэг нэгнийгээ илүү ойлгохын тулд хичээж байна. Мөн биднийг амжилт гаргана гэж найдаж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө маш их хичээх болно. 
 
 
-Манайхныг багийн спортод амжилт гаргадаггүй мөртлөө ганцаарчилсан төрөлд сайн оролцдог гэж гадаадынхан дүгнэдэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Ямар ч спорт хөгжихөд ивээн тэтгэгч их чухал байдаг. Тийм болохоор 12 хүний бүрэлдэхүүнтэй нэг багийг тэмцээнд оролцуулахын оронд нэг тамирчныг олон тэмцээнд  аваад явбал илүү ашигтай гэсэн байдлаар ханддаг шиг санагддаг юм. Гэхдээ одооноос багийн спортууд шигшээ багтай болж байна. Мөн биднийг олон улсын тэмцээнд оролцуулж байгаад их баярладаг юм.     
 
 
-Солонгос дасгалжуулагчтайгаа хэл нэвтрэлцэхэд хэцүү байна уу?
 
-Чон Юн Ха багш манай улсад 2008 онд ирсэн. Одоо монголоор ойр зуур ярьж ойлгоно. Гэхдээ спортын хэллэг мөн зарим тохиолдолд орчуулагч хэрэгтэй болдог. Тиймээс ихэвчлэн орчуулагчтай явдаг. Харин бидний хувьд багшийнхаа хэлснийг сайн ойлгодог.   Дасгалжуулагч маань бидэнд спортоос гадна яаж хүнлэг хүн болох талаар дандаа захиж сургадаг.
 
Мөн Азийн бусад багийнхны талаар сайн мэдээлэлтэй байдаг учраас тактикийн тал дээр бидэнтэй сайн ажиллаж байна. Дээрээс нь багш маань биднийг талбай дээр байхдаа чанга дуугарч хашхирч бай гэдэг. Тэгвэл тамирчны тоглолт илүү сайжирдаг гэсэн. 
 
 
-Дасгалжуулагчийгаа их хүндэлдэг  юм шиг санагдлаа?
 
-Багшийгаа их хүндэлдэг. Мөн багш шигээ сайн дасгалжуулагч болохыг хүсдэг юм. Би Биеийн тамирын дээд сургуулийг 2011 онд волейболын дасгалжуулагчаар төгссөн. Ирээдүйд дасгалжуулагч болоод олон шавь нартай болохыг хүсдэг.   
 
 
Багийн бүрэлдэхүүнд:
 
1.    Алтангэрэл Пүрэвсүрэн /багийн ахлагч/
2.    Алтангэрэл Наранчимэг
3.    Энхтайван Пүрэвжаргал
4.    Сүхээ Пүрэвжаргал
5.    Ганцэцэг Энхсайхан
6.    Пүрэвжав Буянжаргал
7.    Сүхбат Отгонбямба /холбон тоглогч/
8.    Амартүвшин Батжаргал /холбон тоглогч/
9.    Чинболд Халиун /чөлөөт хамгаалагч/
10.    Эрхэмбаяр Мөнх-Үйлс
11.    Ганболд Энхнаран
12.    Ганболд Цэцэгжаргал
13.    Хатанбүүвэй Мичидмаа
14.    Даяндорж Үнэнтуяа
15.    Адьяабазар Батцэцэг /чөлөөт хамгаалагч/
16.    Даваажамц Эрдэнэбулган
17.    Чон Юн Ха /ахлах дасгалжуулагч/
18.    Батдорж Хэрлэн /туслах дасгалжуулагч/
19.    Галя Баярсайхан /туслах дасгалжуулагч/
20.    Туваандорж Саранчимэг /орчуулагч/