/Барилдаж явсан нөхдийнх нь амнаас сонсвол ийм ажээ/
 
Улсын арслан С.Самданжигмэд:
 
Түвдэндорж аваргатай би 1941 онд наадмын бэлтгэлд цуг гарч анх танилцсан юм. Тэр жил цэргийн бөхчүүд Хүүшийн аманд бэлтгэлд гарахад цэргийн халуун усны дарга байсан улсын заан Лувсанбалдан гуай Лхагвасүрэн жанжны даалгавраар бидэн дээр очиж мэх зааж бэлтгүүлсэн юм. Тэгэхэд Түвдэн, Цэвээнравдан, мундаг Наваан, Өлзийсайхан, Гарамдагва гээд олон бөх байлаа. Лувсанбалдан заан нэг өдөр "хөнтрөх" гэдэг мэх заасан.
 
Энэ бол суганы хонхрын барьцнаас барьж, мөрнөөс барьсан гарыг нь нөгөө гараараа огцом татаж тавиулан урдуураа хөндлөн гүйлгэж хөл авч унагадаг мэх юм. Аргагүй л бяртай хүний мэх. Бөхчүүд бүгд сонирхлоо. Тэр дундаас Түвдэндорж бусдаас илүү анхаарч сурах гэж мэрийж эхэлсэн юм.
 
Эхэн үедээ эв дүйгээ олоогүй байхдаа хүний гараар хүзүү толгой руугаа цохиулчихаад ярвайж суудагсан. Тэгсэн хэрнээ шантралгүй өдөр болгон бидэнтэй барилдаж, энэ мэхээ давтсаар сүүлдээ гаргууд сайн хийдэг болсон юм. Тэр сорилго дээр Лувсанбалдан гуай биднийг халгайн дээр барилдуулж, халгайгаар ороолгодог байсан болохоор Түвдэндоржид унахгүй гэж хэрээрээ мэрийх боловч яаж ч болохгүй л хөнтрөх мэхэнд нь орчихдог болсон билээ.
 
Ингээд бүгдээрээ наадамд барилдацгаалаа. Би ч нэг их шальсангүй. Харин мундаг Наваан маань дөрөвт үлдэж, Өлзийсайхан үзүүрлэн Түвдэндорж босооо түрүүлсэн юм. Түвдэндорж амныхаа бөхөөс эхлээд үзүүрийн бөх хүртэл бүх учраануудаа эн хөнтрөх мэхээр өвдөг шороодуулсан юм. ингэж аваргын гол дархан мэх болсон доо.
 
Үүнээс хойш улсын наадамд 5 удаа түрүүлэхдээ бүх хүчтэй учраануудаа хөнтрөх мэхээр л орхидог байсан. Үүнийг бидний үеийнхэн, тухайлбал Цэвээнравдан, Цоодол, Нямжав, Бадамсэрээжид нарын ахмад бөхчүүд андахгүй мэднэ. Ер нь хүчтэй хүн өөртөө тохирсон даацтай мэх сурчихвал тун ч дийлдэхгүй болдог нь Түвдэндоржийн барилдаанаас харагддаг байсан юм.
 
Намайг 25 жилийн ойгоор 4-т үлдээд байтал Түвдэндорж амлаад авчихлаа. Жаахан шар хөдлөөд "Чи намайг амлаа юу, тэнгэр харуулна" гэж аархвал аварга нэг инээмсэглэчихээд яваад өглөө. Би хөнтрөх мэхийг нь хийлгэхгүй юмсан гэж бодон мэх төлөвлөн гарсан юм. тэгээд өрж бужигнуулж байгаад гүйлээ.
 
Хоёр гар, бүдүүн гуянд нь сайн хүрсэн боловч үнэхээр өргөж дийлээгүй даруулчихсан юм. Илүү хүн гэдэг аргагүй л илүү байдаг юм билээ. Ер нь Түвдэндоржийн бяртай гэдгийг би мэддэг байсан юм. Цэрэгт түгээгч байхдаа торхтой 100 кг-ын шар тосыг биендээ хүргэхгүй тэргэн дээр өргөөд тавьчихаж байхыг нь харсан.
 
Тэрэгний гол даахгүй цементэн дээр хоолойг өргөсөн гэж дуулддаг байсан. Энэ бүхнээс бодоход биднээс хол тасархай бөх байсан юм билээ. Аварга манай хоёрынх сүүлдээ айл саахалт амьдарч, бид чамгүй сайхан үерхэж явлаа. Бяр ихтэйдээ ч тэр юм уу, жаахан аархуу, бүдүүн баараг зантай, гүндүүгүй сайхан эр байсан юм аа.
 
 
Улсын аварга Ж.Цэвээнравдан:
 
Түвдэндорж аварга бид нас ойролцоо, наадамд нэгэн үед барилдаж явсан найз бөхчүүд. Аварга маань бие арлаар ч, бяр тэнхээгээр ч биднээс хол илүү бөх байлаа. Барилдаж байхад бяр илүүтэй нь мэдрэгдээд байх боловч.чухам аль хэр бяртай хүн байсан бэ гэдэгт тодорхой хариулахад хэцүү юм.
 
Тэр үед хүний бяр чадлыг хэмждэг одоогийнх шиг багаж хэрэгсэл байгаагүй болохоор бөхчүүд гол төлөв чулуу өргөж, чулуугаар бяраа тэмдэглэж орхидог зуршилтай байсан. Харин Түвдэндорж аваргыг тийм, ийм чулуу өргөж гэнэ гэж дуулддаггүй юм. Ер нь өргөөгүй ч байх.
 
Бөхчүүдийн ярьдгаар Сэлэнгийн бирваазад ачигч байхдаа / нас нь 21-22-той л байсан байх/ 70 кг-ийн шуудайтай гурилыг 2-оор нь давхарлан өргөж ачдаг байсан гэдэг юм. Энэ ч бас л багагүй бяр. Гэтэл аваргыг үүнээс хавьгүй илүү бяртай, үнэн хүчтэй хүн болохыг би нэг удаа нүдээр үзэх завшаан тохиолдсон юм.
 
Намайг Сөгнөгөрийн амралтанд ажиллаж байхад аваргынх тэнд үнээ сааж, сүү цагаан идээгээ амралтанд өгдөг байлаа. Нэг удаа бидний хэдэн бөхчүүд аваргынд цуглаж, энэ тэрийг ярьж наадаан цэнгээн болж байгаад оройтсоныг мэдсэнгүй. Нэг мэдэхэд үхэр нь ирэх цаг болчихсон байж.
 
Гэтэл эхнэр нь цухалдаж, "Хашаа хороо цэвэрлээгүй, нойтон баасан дээр хальтирч унаад хэмхрэх байлгүй, би. Энэ хүн яахав, ингээд сууж байхаараа болдог хүн" гэж үглэх маягтай болов. Түвдэндорж эхнэр рүүгээ нэг харснаа уцаарлав бололтой, "Гараад, овоолоод хаячихъя" гэхээр нь бүгдээрээ гарч үхрийн ширэн дээр нойтон ялгадсыг тал талаас нь овоолоод тэргэнд хөллөдөг бүдүүн хар хайнаг /шар/ авчирч, олсоор оосрлон хүзүүнээс нь зүүгээд зүтгүүллээ.
 
Гэтэл нөгөө хайнаг маань сөхөрч унаад хөдөлж чаддаггүй юм байна. Гэтэл аварга уурлаж "Шар болохоо алдсан турсага байна" гэсээр хайнагаа гаргаад өөрөө хоёр мөрөөрөө оосорлоод явдаг юм байна. Яаж барах вэ л гэж бодож байлаа. Гэтэл аварга огцом зүтгэхдээ хальтирмаар болсноо тэр чигээр нь чирээд явчихлаа шүү.
 
Зуугаад метр газар аваачиж асгачихаад жишим ч үгүй эргээд ирэхэд нь "Хүнд байна уу" гэхэд "Хүнд юм мөр тасалчихаа шахлаа, уурандаа л дийллээ" гэж байж билээ. Ийм л хүчтэй аварга байсан. Тэр ачааг бид бол хэн нь ч хөдөлгөхгүй байсан даа.
 
Ингэхээр биднээс аргагүй илүү бөх байсан нь мэдэгдэж байгаа биз дээ. Ер нь аварга өөрийгөө бусдад унана гэж итгэдэггүй бөх байсан юм. Ардын хувьсгалын ойгоор бид хоёр барилдаж, би мэхийг нь хариулж дээр нь тусахад аварга шууд босоод дэвэх гэж байсан. Булхайцсандаа биш санаанд нь багтахгүй байхгүй юу даа.
 
 
Улсын арслан Г.Цоодол: 
 
Б.Түвдэндорж аварга бид нэг үеийн бөхчүүд юм. Аварга маань биеийн галбираар Хадбаатартай төстэй, суйлдаг, хөнтөрдөг, гүйж орсон хүнийг дадамгай дардаг мэхтэй байлаа. 1938 оны наадамд гурав давж, хойтон жил нь шууд түрүүлсэн хүн дээ. Түвдэндоржийг байхгүй бол наадам эзгүйрээд нэг л эвгүй байдагсан. Аваргад янз бүрийн саад тотгор тохиолдоогүй бол элбэг 10 гаруй түрүүлэх байсан. Ер нь цагийг эзэлсэн их бөх байсан даа. Гараа, дэвээ хичнээн сайхантай гээ. 
 
 
Улсын арслан Ц.Бадамсэрээжид: 
 
Б.Түвдэндорж аварга хувьсгалын жилүүдэд төрсөн бөхчүүдээс хамгийн тэнхээтэй мөртөө гуалигхан биетэй /120 кг орчим жинтэй/ бөх байсан юм. Агаарт эргэлдэн нисэгч бүргэд шувуу шиг уужуу тайвануухан атлаа уран гоё дэвсээр гардаг бөх байсан.
 
Энгүүн яриа хөөрөөтэй, хэнтэй ч болов дорхноо л танилцчихдаг, сайхан зан ааштай хүн байв. 1940-өөд оны үед юм уу даа, тонн хэрийн жинтэй цементэн том хоолойг хээрээс олж дотор нь юм хум хадгалъя хэмээн ихэд олзуурхан хүнээс үхэр тэрэг гуйж аваад түүнээ хүчлэн өргөж тавьтал тэрэг хэмхэрч өрөнд орж байсан гэдэг.
 
Түүний гол мэх нь гэвэл хөнтөрч суйлдаг. Түүнээ их чадамгай хийнэ. Хааяа хөлд нь гүйж орсон хүнийг алдалгүй бариад хүчлэн дарчихдаг байсан. 1954 оны наадамд бид хоёр үлдэж, би түүнд сээрэн дунгуй мэхээ хийсэн боловч хариу хүчтэй мэхэнд орон унаж үзүүрлэсэн юм.
 
Намар нь спартакиадын үндэсний бөхийн барилдаан бага цэнгэлдэх хүрээлэнд болоход улсын арслангаас дээш цолтой 12 бөх тойргийн журмаар барилдсан юм. би эхлээд 1 гэсэн дугаартай сугалаа татсан нь Түвдэндоржтой таарсан байв. Түвдэндорж надаас:
 
-Чи өнөө сээрэн дунгуйгаа хийх үү гэхэд нь би хийнэ дээ гэсэн. Тэгээд би үнэхээр сээрэн дунгуй хийх гэж байгаа дүр үзүүлээд ноцож байгаад гэнэт бусгаад зайлчихсан чинь аварга хүчиндээ ойччихдог юм байна. Тэгээд босч ирээд:
 
-Аа, чи намайг залилж унагаалаа. Жинхэнэ бяр хүчээрээ хаяагүй гээд тахимаа өгдөггүй. Би спартакиадын бөхийн комиссын дарга улсын арслан Ванчинхүү гуайд хэлж байж тахимаа авч байж билээ. Хэд хоногийн дараа Налайхад болсон наадамд би Түвдэндоржийг аанай л сээрэн дунгуйгаараа хаяж түрүүлсэн юм.
 
Харин аварга маань түрүүлсэн бөхийн шагналыг маань "Би авна" гээд авчихлаа. Яагаад гэвэл чи жинхэнэ бөх биш. хүнийг залиар унагадаг бөх гээд, өөрийнхөө шагналыг орхиод явчихаж билээ. Наргиа хошин зантай ч жинхэнэ эр хүний бяр хүчийг үзэх дуртай байсан.
 
Түвдэндорж ер нь ам их хатуу авдаг хүн байсан. Ам авахдаа "За дүү хүүгээ хүртчихье" гэж хэлнэ. Харин үргэлж уужуухан далбаа өмсдөг байв. Түүнээс нь бариад авахад биеэ суллаж лавшруулан бариулж байгаад их хүчтэй хална. Хурууны өндөг цайртал хална даа. 
 
 
Улсын арслан Ж.Чойжилсүрэн:
 
Би төрсөн нутаг Архангай аймгийн Өлзийт сумын наадамд 1954 онд түрүүлснээс хойш бөхийн дон туссан хүн дээ. Хойтон жил нь хотод ирж Урт цагааны баруунтай орших хотын зах дээр Түвдэндорж аваргыг анх харсан. Тэгэхэд аварга маань мах мариа, хүч чадлаар тааруухан хүн шиг харагдсанд:
 
-Өнөө алдарт аварга маань энэ үү? гэсэн бодол төрж, барилдвал юмгүй хаячих юм шиг санагдаж байв. Гэтэл наадмаар зодоглоод цол гуншингаа дуудуулаад алгуур тайван нь аргагүй дэвсээр гарч ирэхийг нь үзээд өөрийн эрхгүй сүрдэж, тэр нэгэн бодлоосоо ичиж билээ. Аварга маань үнэхээр монгол бөхийн буян шингэсэн хүн байж дээ.
 
Бөхөд хорхойтой бидний хэдэн залуусыг цуглуулж, бөхийн гараа, дэвээ, шаваа, өрөлтөөс авахуулаад их зүйлийг тун ч уйгагүй зааж өгсөн. Тэр үед бидний хичээл Дунд голын хуучин модон гүүрний дэргэдэх зүлгэн дээр явагддаг байлаа.
 
Ажлаасаа тарж яваа олон хүмүүс Түвдэндорж аваргыг таньж, бас сониучирхан цуглаж, дорхноо бүчээд авна. Үүнд нь бид том багагүй баярлаж багшийнхаа заасан бүхнийг сурах гэж хичээнэ. Хичээл маань заримдаа жижиг наадам болж хувирна. Чухам энэ үед багш маань,
 
-Чамлахаар чанга атгаж барилд, аваргыг хаяж аварга болдог юм гэж ухаан шингэсэн олон зүйлийг хэлж зөвлөдөгсөн. Чингээд "За хүүхдүүд минь архи, тамхинаас хол явж бай. Мөн бардам зан их халгаатай шүү. Би энэ гурваас болоод олон жил түрүүлэх боломжоо алдсан юм.
 
Үүнийг шуудагдаж аваад хавирч унаган улсын заан цол авсан. Тэгэхэд тахимаа өгөөд духан дээр минь үнсэхдээ мөн л дээрх сургаалаа учиртайхан айлдаж байсныг нь би ер мартдаггүй юм. Аварга маань бяр хүчээр ааглаж явсан аатай залуу насны гэмээ чухам тэр үеэс л ойлгон ухаарч байсан юм.
 
 
Улсын арслан У.Мижиддорж: 
 
Б.Түвдэндорж аварга Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадамд түрүүлснийхээ дараа Булган аймагт очиж барилдахад нь анх харж билээ. Сууж ирсэн машиныхаа тэвшин дээр гарчихсан зодог шуудгаа өмсөж байхад нь хүмүүс тойроод шавчихсан байхыг нь хараад "Ийм хүн гэж байдаг аа" гэж гайхаж билээ.
 
Нуруу нь тэг дөрвөлжин, булчин нь адууны гуя шиг л юм харагдсан. Царай зүс ч гэж сайхан. Нямжав, Содном, Хорол заан нар дэргэд нь юу ч болохгүй байсан даа. Тэр барилдаанд түүртэхгүй түрүүлсэн. Ер нь одоо бодоход бие нь хүнд, бяр их болохоор олон мэхний хэрэггүй байсан байх.
 
1955 онд нэлээд харьсан хойно нь Сонгинод хэд хоног цуг амарсан. Тэгэхэд л 130 гаруй кг байсан юмдаг. Хүний мэх хийхийг ашиглахдаа сүрхий, зүгэр л дарчихна. Доогуур нь орж ер болдоггүй хүн. Их даруухан, элдэв долоон үггүй, нэр төр хөөцөлддөггүй хүн. "Уг нь хичээгээд барилдсан бол 10 түрүүлчих байлаа" гэж ярьдаг байв.
 
Би 1952 оноос эхлэн нөхөрлөсөн. Намайг ид байхад харьж явсан хүн. 1957 оны улсын баяр наадамд 7-ийн даваанд намайг амлаж, би унагасан болсон. Ид үед нь бол яагаад ч барахгүй. Ард нь гарсан ч унагаж чадахгүй байсан. би улсын арслан цолтой бөх гэхэд Түвдэнгийн ид үед нь юу ч болохгүй хүн шүү дээ.
 
Б.Түвдэндорж аварга гарын уртай, их ажилсаг хүн. Барьсан сууц нь одоо ч Баянхошуунд бий. Доторх ханын шүүгээнүүдийг нь бас өөрөө хийсэн. Зодог шуудгаа тун гоёмсог хийдэг хүн. Ш.Батсуурь аваргыг 2 дахь удаагаа түрүүлдэг жил нь 8-д үлдээд амлаад унасан юм.
 
Тэгээд гараад явахдаа хар дээл өмсчихсөн, хээр морь унаад явж байхыг нь хараад хүмүүс "Морь нь даадаг юм байх даа" гэцгээж байж билээ. Ер нь Түвдэндорж аварга шиг бөх их л ховорхон төрнө деө.
 
 
Улсын заан Ц.Лувсан: 
 
Б.Түвдэндорж аварга өрийнхөө үеийн бөхчүүдээс бяр чадлаараа онцгой байсан юм. Жишээ нь: 1952 оны улсын баяр наадмын барилдаанд Ерөнхий сургуулийн Самбуу Б.Түвдэндорж аваргатай  таарч барилдсан юм. Тэгэхэд Самбуу дэгээ ороогоод автал Б.Түвдэндорж аварга хоёр хөлөө бага зэрэг салгаснаа хоёр суган дотроос нь дэш шувт татаж өргөн дэгээг нь мултлан хаяж байсан.
 
Б.Түвдэндорж аварга олон талын барилдаантай, мэхтэй боловч их бяртай байснаас учраа бөхөө барьж аваад өөр рүүгээ татаад буцаан түлхээд үлдсэн хөлийг суйлах, тахимдах зэрэг гарын үзүүрээр хийдэг мэхүүдээр хялбархан унагадаг байв. Ер нь Түвдэндорж аварга бөхийн шинжийг сайн мэддэг, ажигч, гярхай хүн байсан бололтой.
 
Тэр үеийн бөхчүүдийн нийтлэг нэг сайхан чанар бол маш нөхөрсөг, үнэнч шударга, хуурах, мэхлэх, бие биенээ муулах, элдвийн яриа гэж огт байхгүй байсан. Харин элэг бүснээс удаан зуурч барилддаг бөхөд их дургуй байсан сан.
 
"Домогт бөхчүүдийн омогт барилдаан" номоос
 
Эх сурвалж: "Бөх" сонин