Нүүдэлчин Монголчууд бидний өвөг дээдсийн мянган мянганы тэртээгээс бий болгосон олон сайхан ёс журам, өв соёл, сургаал номлол, амьдралын эгэл жирийн зан заншил тэргүүтэн дэлхий нийтийн анхаарлыг татан, тэр хэрээрээ хүмүүний аж амьдралын жишиг, чиг хандлага болох төлвийг нэгэнт олсоор байгаа нь бахархалтай.
 
Эдгээрт байгаль дэлхийгээ хамгаалах, хүнээр хүн хийх буюу хүүхэд багачуудаа хүмүүжүүлэх, ахас ихсийг хүндлэн дээдлэх, шунал тэргүүтэн нүгэл хилэнцийг тэвчих, өглөг буяныг эрхэмлэх зэрэгтэй холбоотой цогц ойлголтууд хамаарна. Энэ тухай бүгдийг үл өгүүлэн, зөвхөн өглөг буян, зөв ариун явдал мөртэй хамаатай бөгөөд манай нэгэн идэр залуу хүчтэний сайхан жишиг, сайн үлгэрт ихэд олзуурхснаа тодотгон товчоор өгүүлсүгэй.
 
Монгол улсын гавьяат дасгалжуулагч, манай бөхийн чөлөөт барилдааны нэрт зүтгэлтэн Адуучийн Басхүү нэгэн их баяр, гүн талархлаа надтай хуваалцсан юм. Тэрээр "Монгол улсын шинэ гарьд Б.Гончигдамба анхны багш МУГТ Ц.Цоггбаярынхаа үгэнд ороод манай чөлөөтийн хүнд жингийн бөх, өөрийн анд нөхөр Ж.Чулуунбатын ДАШТ-ний бэлтгэлийг хангалаа. Би үнэхээр баярлалаа.
 
Улсын ийм том цолтой бөх хамт олон дотор орж ирээд, багшийнхаа үгэнд дуулгавартай орон нэгнийхээ бэлтгэлийг хангана гэдэг ямар их үлгэртэй, баг хамт олны төлөвшилд ямар зөв сайхан нөлөөтэй байсан гэж санана. Гончигдамба цолныхоо найр наадам хийгээд, хөдөө орон нутагтаа амраад явж байж болно шүү дээ" гэсэн юм.
 
Улсын спортын бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч энэ эрхэм хүний талархсан үг, залуу гарьд Б.Гончигдамбын энэ зөв сайн үлгэрт би ч ихээр баярласан билээ. Энэ зуур "Хэрэв манай Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумьяабазар, Б.Гантогтох дөрөв бие биенийхээ бэлтгэлийг ингэж хангаж байсан бол дөрвүүлээ л олимп, дэлхийн ямар л бол ямар медаль авах байсан даа" гэх харуусалтайхан бодол төрсөн дөө.
 
Хамгийн бахархалтай, баярлалтай нь улсын гарьд Б.Гончигдамба зөвхөн багшийнхаа үгэнд орж буюу муугаар хэлбэп бусдын дарамтанд дор нөхрийнхөө бэлтгэлийг хангасан хүн биш байлаа. Тэр өөрийн гэсэн зөв бодолтой, түүнийгээ хийж чаддаг хүү байна.
 
Юу гэвэл тэр чөлөөт бөхийн анхны багш Ц.Цогтбаяртаа төрсөн өдрийг нь тохиолдуулан авто машин бэлэглэжээ. Үүнээс өмнө Г.Өсөхбаяр, , Д.Сумьяабазар хоёр багш Н.Ганбаатартаа, Кёкүшюзан Д.Батбаяр багш Б.Ганбаатартаа машин бэлэглэж байсан удаатай.
 
Ийнхүү Б.Гончигдамба өмнөх үеийнхнийхээ зөв сайн үйлсийг энэ үедээ үргэлжлүүллээ. Бөхчүүдийн маань амьдрал сайхан болж, олон түмэн, төр засгийнхаа хайр хишгийг ихээр хүртэх болсон энэ сайхан цагт энэ мэтээр олныхоо буяныг бусадтайгаа хуваалцаж байх нь өөрийн нь тухайд өглөгийн буян, бусдын тухайд даган дуурайх сайн жишиг мөн.
 
МҮБХ-ны хамт олон энэ намар "Монгол бөхийн нэвтэрхий толь хэмээх түүхэн том бүтээлийг өөрсдийн болон бусад судлаачдынхаа олон арван жилийн судалгаанд тулгуурлан, хоёр жил гаруйн нөр хөдөлмөрөө зарцуулан байж бүтээлээ. Энэ том бүтээл айл бүрийн хойморт байгууштай бөхийн судар юм.
 
Бөхчүүд маань толь бичгээ одоогоор шамдан аваагүй л байна. Гэтэл залуу гарьд Б.Гончигдамба өөрийн биеэр ирж 8 ном аваад явлаа. Ахмад бөхчүүд, багш нар, ахан дүүсдээ бэлэглэх гэнэ. Энэ нь бас л түүний нэг сайн үлгэр боллоо. Бид бэлэг бэлгийн дээд болсон "Монгол бөхийн нэвтэрхий толь"-ийг манай бөхчүүд хэд хэдээр нь авч ийн өөрийн нутгийн ахмад бөхчүүд, багш, дүү бөхчүүд, төрөл төрөгсөддөө бэлэглээсэй хэмээн хүсч байсан юм.
 
Энэ зөв сайн үйлсийг шинэхэн гарьд маань манлайллаа. Хүмүүс тэр бүр нарийн анзаараагүй ч байж мэдэх нэгэн зүйл бол энэ жилийн наадмаар сайн сайн бөхчүүдийг давсан Б.Гончигдамба нэгэн удаа л нэг гараа жаахан эвгүй хөдөлгөснийг эс тооцвол өрсөлдөгч багийнхаа хаалганд бөмбөг оруулсан хөл бөмбөгчин шиг учиргүй дэвхэрч цовхрон, гараа гозгонуулан гүйж, дийлшгүй хүнийг азаар давж, авшгүй цолыг санаандгүй авсан мэт аяглалгүй төлөв түвшин байж чадлаа.
 
Энэ ч бага юм биш, бас л нэг сайхан зөв үлгэр. Монгол бөхчүүд сэтгэл хөдлөлөө зохисгүйгээр илэрхийлж,намба төгөлдөр байдлаа хэдийд ч алдаж байсан удаагүй. Энэ бол манай бөхчүүдийн эртнээс дагаж ирсэн сайхан уламжлал. Уламжлал бол зохиомол дүрмийг бодвол илүү эрхэм зүйл. Харин Японы мэргэжлийн сумод энэ мэт зүйлийг дүрмээр хориглосон байдаг.
 
Сумочид дүрмээ ягштал сахин биелүүлж, уналаа гэж урвайдаггүй, хаялаа гэж ханхалздаггүй нь сайхан харагддаг шүү дээ. Үүнтэй уялдуулан хэлэхэд бусдыг дуурайх тутам өөрийнхөө юмыг гээдэг, өөрийн юмаа гээсээр гээсээр өөрөө алга болдог жамтай билээ.Бөхчүүд маань энэ мэт зүйлийг бага гэхгүй дор дороо санаж явах учиртай...
 
Үе, цагаа эзлэн Тодорч буй залуу хүчтэнүүд маань энэ мэтээр дараагийн үедээ зөв сайн үлгэр үзүүлэн бөх хүний жудаг чанарыг хадгалж, харуулж явах учиртай билээ.
 
МУСГЗ Д.Данзан 2013 оны 11 дүгээр сарын 22.
 
Эх сурвалж: "Бөх" сонин