Энэхүү үр дүнг судалгааны ажиглалтын арга дээр тулгуурлан статистик мэдээ ашиглан боловсрууллаа.

МҮБХ-ны наадмаас наадмын хоорондох шинэ улирлын барилдаан эхэлсэнээс хойш нийтдээ улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцсон 16 (100%) барилдаанаас 13 (81.3%)-т нь Б.Пүрэвсайхан зодоглов.

Тухайн бөхийн барилдааны дээд чадавхийг тогтоовол нийтдээ 13 барилдааны 10 барилдаан нь 8 даваатай 3 барилдаан нь 7 даваатай барилдаанд оролцсон бөгөөд нийлбэр нь 101 барилдаан (100%) хийхээс 78 барилдаан хийж барилдааны чадавхийн хувь нь 77.2%-тай байна. Энэ нь тун өндөр үзүүлэлт юм.

Өөрөөр хэлбэл энэ эрчимээрээ бол Үндэсний Их Баяр наадамд 7-8 давах бололцоотойг магадлалын хувьд дэвшүүлж болох юм. Б.Пүрэвсайхан энэ намрын эхэлснээс хойших хугацаанд 78 (100%) барилдаанаас 67 (85.9%) даваа авч, 11 (14.1%) удаа өвдөг шорооджээ. энэ намраас хойш нэг барилдаанд дундажаар 6 даваа авсан байна. Тэрээр 2 түрүү, 3 үзүүр, 1 удаа шөвгийн дөрөвт, 3 удаа шөвгийн наймт тус тус шалгарсан байна.

А. Гол өрсөлдөгч өөрөөсөө өндөр цолтой бөхчүүдтэй хийсэн барилдааны үзүүлэлт:

1.    У.ав-С.Мөнхбаттай 2014 оны 3 сарын 16-нд Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан барилдааны 7-н даваанд амлуулан барилдаж зүүн талдаа дутуу хөмрөхөд нь тогтож үлдээд давжээ.

2.    У.ав-Г.Эрхэмбаяртай 2013 оны 12 сарын 29-нд 7-н даваанд түрүү булаалдах барилдаанд элэг бүс шуудагны барьцнаас баруун талдаа зайлж бусган (ухарч бусгах монгол бөхийн мэхний хувилбар) давж Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны түүхт 102 жилийн ойд түрүүлж, МУ-ын ерөнхийлөгчийн цом хүртэв".

3.    У.ар-Х.Мөнхбаатарыг 2013 оны 12 сарын 29-нд 6-н даваанд тунаж хүч үзэн дутуу давхар ачихад нь зөрүүлж гишгэгдпийг нь тааруулан дунгуйлдаж татаад хаяв.

4.    У.г-Н.Ганбаатарыг 2014 оны 3 сарын 1-нд Эх орончдын өдрийн барилдаанд 8-н даваанд түрүү булаалдан баруун талдаа дан шуудагны барьцнаас түр хөөхөд нь зайлж мушгиад хаясан, 2014 оны 3 сарын 16-нд Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан барилдааны 6-н даваанд амлуулан барилдаж шуудагны барьцнаас түрж хөөн баруун хашиж араар нь мордох мэхний хувилбараар давж дараалан 2 удаа өвдөг шороодууллаа.

5.    У.г-Б.Гончигдамбад 2014 оны 3 сарын 16-нд Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан барилдааны 8-н даваанд түрүү булаалдаж баруун талдаа алсын шуудагнаас тойруулж барьсан барьцнаас урагш нь хөнтөрч тойгдох мэхний хувилбараар унаж үзүүрлэв.

6.    У.з-М.Өсөхбаярыг 2014 оны 3 сарын 1-нд Эх орончдын өдрийн барилдаанд 7-н даваанд тунаж хүч үзэн баруун суганд нь сэжиж түрж хөөгөөд мэхээ гүйцээв. Мөн 2014 оны 3 сарын 16:нд Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан барилдааны 4-н даваанд оноолтоор таарч баруун хутгах мэхээр давсанаар залуу зааныг энэ намрын улирал эхэлсэнээс хойш 2 удаа өвдөг шороодуулаад байна.

7. У.з-Ч.Санжаадамбыг 2013 оны 12 сарын 29-нд 4-н даваанд оноолтоор таарч баруун золгож шуудагдсан барьцнаас түрж хөөх агшинд нь баруун талдаа зайлж бусган өвдөглүүлэв. Харин заанд өмнөх барилдаануудад 3 удаа унаад байлаа. Унахдаа бярдуулж гуд татуулах (дугтрах), баруун мордох зэрэг мэхэнд нь өвдөг шорооджээ. Одоогийн байдлаар хоёр бөхийн даваа, унааны харьцаа 1:3 байна.

8.    У.з-Б.Соронзонболдыг 2014 оны 1 сарын 30-нд Модон морин жилийн Цагаан Сарын барилдааны 4-н даваанд оноолтоор таарч баруун шахаж татах (дотуур хашиж хавирах) мэхээр хаяжээ.

9.    У.х-Ө.Бат-Оршихтой 3 удаа таарч давлаа. 2013 оны 10 сарын 27-нд Монгол Улсын Начин цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 4-н даваанд оноолтоор таарч шуудагны барьцнаас зай өгөлгүй түрж хөөн мэхээ гүйцээн давсан бол 2013 оны 11 сарын 02-нд Архангай аймгийн Хайрхан сумын 90 жилийн ойд зориулсан барилдааны 7-н даваанд тунан барилдаж баруун суганд нь сэжиж түрж хөөгөөд (шуудагны барьцнаас дайрах, түлхэх монгол бөхийн мэхний хувилбар) унагажээ. Харин 2014 оны 2 сарын 16-нд Монгол Улсын Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 6-н даваанд тунаж гар уураглаж дарсан барьцнаас баруун талдаа хөмөрч давсанаар залуу начин залуу харцагыг 3 дараалан хаяв.

10.    У.х-А.Цацабширт 2014 оны 3 сарын 16-нд Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан барилдааны 5-н даваанд амлуулан хүчийг үзэж зүүн талд нь хонгодох мэхний хуилбараар давлаа.

11.    У.х-Ц.Содномдоржтой 4 удаа таарч өвдөг шороодлоо. 2013 оны 10 сарын 27-нд Монгол Улсын Начин цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 6-н даваанд тунаж, 2013 оны 11 сарын 26-нд Улс тунхагласны 89 жилийн ойн барилдаанд мөн 6-ийн даваанд тунаж баруун давуулж гуядах мэхэнд нь 2 удаа унав.

2013 оны 12 сарын 22-нд Богдхан уулын хишиг барилдааны 6-н даваанд тунаж харцага баруун талдаа уран хөмөрч давжээ. 2014 оны 1 сарын 30-нд Модон морин жилийн Цагаан Сарын барилдааны 5-ийн даваанд мөн л тунаж харцага Ц.Содномдорж зүүн хөмөрч мушгих мэхний хувилбараар 4 дэхь удаагаа давжээ. Ингэж залуу начин, харцага Ц.Содномдоржид унахдаа бүх барилдаанд ар нуруу, далаараа унасан байх юм.

12.    У.х-А.Бямбажавыг 2014 оны 2 сарын 16-нд Монгол Улсын Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 4-н даваанд оноолтоор таарч хүчийг үзэн зүүн суганд нь сэжиж түрээд давжээ.

13.    У.х-Н.Батсуурийг 2013 оны 12 сарын 22-нд Богдхан уулын хишиг барилдааны 5-н даваанд тунаж баруун зайлж татан өвдөг шороодуулжээ.

14.    У.х-Э.Оюунболдыг 2013 оны 10 сарын 22-нд Эрдэнэт хотод болсон Заан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 5-н даваанд тунаж хаясан бол 2014 оны 3 сарын 1-нд Эх орончдын өдрийн барилдаанд 4-н даваанд оноолт таарч зүүн суганд нь сэжиж түрээд давсанаар Аварга сургуулийн дүүгээ 2 дахь удаагаа хаяв.

Өөрөөсөө өндөр цолтой 11 бөхтэй 20 барилдаан хийснээс 13 даваа авч 7 удаа унасан байна.

Б. Гол өрсөлдөгч ижил болон бага цолтой бөхчүүдтэй хийсэн барилдааны үзүүлэлт:

15.    У.н-Л.Гантулга, Ц.Одбаяр, Б.Сугаржаргал нарыг тус бүр 2 удаа давсан ба Ц.Одбаярыг шуудагнаас түрж хөөх мэхний хувилбараар 2 удаа, Б.Сугаржаргалыг 11 сарын 26-нд хутгах мэхээр, 12 сарын 29-нд хийг нь тааруулан суганд нь сэжиж мушгих мэхний хувилбараар өвдөг шороодуулсан.

У.н-Ж. Чулуунбатыг 11 сарын 2-нд уран хөмөрч, У.н-Р.Пүрэвдагвыг 10 сарын 27-нд баруун хөлийг нь авч өргөж түрээд, У.н-Т.Баасанхүүг энэ намраас хойш 3 удаа таарч давахдаа шуудагны барьцнаас бярдан шахаж хөөх, түрж хөөн ард нь гарч, шилэн дээр нь дарж татаад дагуулж мушгих мэхний хуилбараар тус тус давжээ.

Өөрөөр хэлбэл Т.Баасанхүү начинг тун их бяралхаж барилдсан байх юм. Мөн У.н-Ш.Тогтохбаярыг 1 удаа таарч давжээ. 2014 оны Цагаан сарын барилдаанд үзүүрлэсэн А.а-О.Хангайг 2014 оны 3 сарын 1-нд Эх орончдын өдрийн барилдаанд шуудагны барьцнаас баруун суганд нь сэжиж түрж хөөгөөд давсан барилдааныг онцолж болох юм.

Энэ намраас хойших барилдаануудад тэрээр 11 удаа унахдаа У.х-Ц.Содномдоржид 4 удаа, У.з-Ч.Санжаадамбад 3 удаа, У.г-Б. Гончигдамба (2014 оны 3 сарын 16-нд Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан барилдааны 8-н даваанд) У.н-Ду. Батбаяр (2014 оны 2 сарын 16-нд Монгол Улсын Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 7-н даваанд тунаж зүүн хөмөрч мушгих мэхэнд нь), У.н-Л.Цэрэнтогтох (2013 оны 10 сарын 13-нд Баянзүрх уулын хишиг барилдааны 5-н даваанд), А.х.а-Б.Одгэрэл (2013 оны 11 сарын 04-нд Монгол бахархалын өдөрт зориулсан барилдааны 2-ийн даваанд барьц сонгуулж) нарт тус бүр 1 удаа унажээ. Аймгийн цолтой зөвхөн нэг бөх д л унасан байна.

Энэ намраас хойш тэрээр 78 барилдаанаас зөвхөн 2014 оны 3 сарын 16-нд Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд 4 удаа амлуулж (У.ав-С.Мөнхбат, У.г-Н.Ганбаатар, У.х-А. Цацабшир, У.н-Ц.Одбаяр) барилдав. Өөрөөр хэлбэл өмнөх бүх барилдаануудад зөвхөн оноолтоор буюу тунаж барилдсан байх юм.

Тэрээр шуудагны барьцнаас дайрах, түлхэх, мордох, (түрж хөөх, сэжиж түрэх), бусгах, мурих, зайлах, хөл авах, хутгах зэрэг мэхийг голчон хийж гол төлөв өрсөлдөгч бөхийнхөө барилдааны хэлбэр, биеийн хэмжээ, барилдааны арга барил зэрэгт тохируулан барилддаг, монгол бөхийн барилдааны баруун талтай бололтой.

Жич: Мэхний хувилбарыг бичихдээ "Монгол бөхийн нэвтэрхий толь" УБ. 2013, хуудас-123-139 талаас иш татлаа.

Бэлтгэсэн: МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, Газарзүйн тэнхим, докторант Э.Алтанболд

Эх сурвалж: "Бөх" сонин