sonin.mn

БНСУ-ын Инчеон хотноо өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа Азийн зуны ХҮII наадмын боксын тэмцээнд хүч сорьсон эмэгтэй боксчдоос М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ нар эхний өрсөлдөгчөө яллаа.

Харин Э.Ундрам /75 кг/ Энэтхэгийн шилдэг боксчин Роожа Ранид 3:0-ээр ялагдав. ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг 51 кг-д Непалийн тамирчин Мину Гурунгтэй учраа таарч тулалдсан. Тэрбээр, өрсөлдөгчөө эхний үед  хоёр удаа, дараагийн үед нэг удаа тоолуулсан бөгөөд гуравдугаар үед угсраа хүчтэй цохилт хийснээр хугацаанаасаа өмнө техникийн давуугаар ялав. Харин 60 кг-д ОУХМ Оюунгэрэлийн Сувд-Эрдэнэ эхний өрсөлдөгч Тайванийн боксчин Чен Чиа Линийг мөн л илүүрхэж хожлоо. Манай тамирчны дараагийн учраа БНАСАУ-ын боксчинг ялсан Энэтхэгийн тамирчин юм. Боксын тэмцээн “ Gymnasium” спортын ордонд болж байна. Өнөөдөр эрэгтэй боксчдоос 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Катарын тамирчинтай тоглоно.  

Инчеон хотоос Д.Өлзийсайхан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг