Өнөө жилийн улс, аймгийн баяр наадмаар Зэвсэгт хүчний “Алдар" спорт хорооноос олон цолтон төрөн гарсан билээ. Тэдний нэг болох сүүлийн үед барилдааны ур чадвараар өсч, бөх сонирхогчдын танил болоод байгаа Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат аймгийн залуу арслан Эрдэнэбатын Дашыг “Аймгийн цолтны ярилцлага” буландаа урьж ярилцлаа.

-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс аймгийн арспан цол хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Танай сониныг шимтэн уншдаг нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.

-Төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн аав, ээжийнхээ тухай ярина уу?

-Би Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1992 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн. Аав Эрдэнэбат, ээж Энхжаргал нар маань малчин хүмүүс байдаг.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Эхээс хоёулаа. Айлын том, дороо нэг дүүтэй.

-Бөхийн спортыг яагаад сонгох болов?

-Хүүхэд байхаасаа эхлээд бөхөд их сонирхолтой байдаг байсан. Арван жилийн сурагч байхад А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын аваргууд ид барилдаж байлаа. Манай аав барилддаггүй ч гэсэн бөхөд сонирхолтой.

Өсвөрийн барилдаан болно. Тэнд намайг дээр үеийн зодог шуудаг өмсгөж, бакалын түрүү хажуу тийш эргүүлж, үдээсээр үдээд барилдуулдаг байсан. Тиймээс намайг бөхрүү татаж оруулсан хүн бол аав минь юм даа

-Хэдэн настайгаасаа барилдаж эхэлсэн бэ?

-2008 оноос л барилдаж эхэлсэн.

-Бөхийн удамд тань цэргийн заан цолтой хүн байсан гэж сонссон?

-Тиймээ. Ээжийн аав буюу өвөөгийн ах нь цэргийн заан Цэвээндаш гэж хүн байсан. Аавын талд бөхийн удам байхгүй.

-Багадаа хэн шиг бөх болох юмсан гэж боддог байв?

-Хүүхэд байхдаа А.Сүхбат аварга шиг бөх болохыг мөрөөддөг байсан. Хожим өөрөө барилдаад ирсэн чинь улсын заан Б.Батмөнх ах шиг бөх болохыг боддог болсон шүү (инээв). Барилдаан нь их таалагддаг.

-Анхны багш тань хэн бэ?

-Миний анхны багш аймгийн арслан Д.Дэлгэрбат. 2008 оноос Дэлгэрбат багшийнхаа бөхийн секцэнд хичээллэж, бөх болох гараагаа эхэлж байсан. Арван жилд байхдаа аймгийн начин М.Цагаанхүү, сумын заан Ж.Батсайхан нарын бөхийн секцэнд явж байсан. Өнөө жил аймгийнхаа наадмын үзүүр түрүүнд Д.Дэлгэрбат багштайгаа үлдсэн нь бас сайхан санагдаж байлаа.

-Анх цол авч байсан наадмаа эргээд дурсан ярина уу?

-2009 онд аймгийнхаа тойргийн барилдаанд амжилттай барилдан тавдугаар байранд шалгарч тойргийн сумын заан цол авсан. Хойтон, жил нь сумандаа түрүүлж, тойргийн заанаа жинхэлсэн.

-Багын л биерхүү хүүхэд байв уу?

-Үеийнхэн дотроо арай л дэнхэрдүү хүүхэд байв.

-Арван жилдээ аймгийн аварга шалгаруулах барилдаанд оролцож байв уу?

-2009 онд өсвөр нас буюу 16-17 насанд барилдан түрүүлж, аймгийн аварга болж байсан. Мөн өсвөр залуучуудын улсын аваргад ч барилдаж байсан. Гэхдээ олигтой амжилт үзүүлээгүй. Би чинь тойргийн сумын заан цолоо аравдугаар ангидаа авсан юм шүү дээ. Нэгдүгээр курст ордог жилээ сумандаа түрүүлсэн.

-Өнгөрсөн жил сумын заан байхдаа олон түрүүлж, магнайлан барилдаж байсан байх аа?

-Тэгсэн. 4 түрүүлж, 1 үзүүрлэсэн. Б.Баянмөнх бас 4 түрүүтэй байсан. Би чинь гурван сар дараалж түрүүлсэн, 1 үзүүртэй гэдэг утгаараа сүүлд магнайлан барилддаг болсон.

-Сумын заанд хамт барилдаж байсан найзууд чинь ихэнх нь аймгийн цол авчихав уу даа?

-Өө тэглээ. Сумын заанд үзүүр, түрүүнд үлдэж байсан Б.Чимэдвандан, Б.Баянмөнх, Д.Бат-Эрдэнэ нар аймгийн арслан, харцага цолтон болсон. Ер нь сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд дээгүүр барилддаг байсан заанууд бүгд л цол авсан байна.

-Үеийнхнээсээ хэн, хэнийг цол авчих байх гэж харж байсан бол...?

-Б.Чимэдвандан, Б.Баянмөнх хоёрыг арслан болчих байх гэж бодож байсан. Харин Хэнтийн Э.Дарханбатыг дээгүүр барилдана гэж бодсон. Аймгийн начин болсон байна лээ.

-Өнөө жил наадмын өмнө өөрийг чинь нутагтаа түрүүлнэ гэсэн хүмүүс олон байсан шүү?

-Аймгийн наадмын өмнө бүх цэргийн наадмаар цэргийн харцага цол авсан. Би улсын наадамд барилдана гэсэн бодолтой байсан боловч Д.Дэлгэрбат багш маань чи эхний ээлжинд цолоо дээшлүүл, цаг хугацаа алдаад яахав.

Ер нь аймагтаа барилдчихаад дараа нь улсад барилдвал яасан юм гэж хэлсний дагуу аймагтаа барилдсан. Хүмүүсийн итгэлийг алдалгүй түрүүлсэндээ баяртай байна.

-Шинэ цолтойгоо анх хаана барилдав?

-Дэрэн сумын түүхт 90 жилийн ойд барилдаж, аймгийн арслан Бо.Батжаргал ахыг орхин түрүүлсэн дээ.

-Цолондоо дасч байна уу?

-Одооноос л ер нь дасах гээд байна. (инээв) Заал танхимын барилдаанд ганц, хоёр гарлаа. Цаашид заалны барилдаан алгасахгүйг бодож байгаа.

-Би ер нь бөх болох юм байна гэсэн урам, зориг хэдий үеэс төрөв?

-Бөхийн спортоор хичээллээд амжилт гаргахаараа урам зориг орж, огшиж, болно, бүтэх юм байна гэж боддог юм билээ. Б.Адъяахүү багш маань их зүйлийг хэлж өгдөг.

-Багштайгаа яаж танилцаж байв. Оюутан болоод л шавь орсон уу?

-Дарханд болсон үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдааны үеэр Б.Адъяахүү багштайгаа анх танилцаж байсан. Би ч тэр үед оюутан болоод дөнгөж хотод ирээд байсан үе л дээ.

Багш надтай ирж уулзаад чамайг АБТДС-д орохыг урьж байна. Багш дээрээ бэлтгэл хий гэсэн санал тавьсан. Би Дарханаас ирээд долоо хоногийн дараа очиж шавь орж байлаа.

-Аваргыг үндэсний бөхийн багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байх аа ? Танай ангиас цолтой бөхчүүд төрөн гарсан уу?

-Тэгсэн. Хэнтийн а.н Ш.Отгонтөгс бид хоёр нэг анги. Нөгөө ангийг төгссөн бөхчүүдээс у.х Э.Оюунболд, а.а Б.Номиндалай гээд бөхчүүд байна.

-Цэргийн наадмыг дурсахгүй өнгөрч болохгүй байх?

-Цэргийн наадмын өглөө өөрийгөө түрүүлчихнэ л гэж бодсон. Гэхдээ цэргийн харцага хэмээх сайхан цол авсан. Ийм цол авна гэж бодож байгаагүй. Хүнд төсөөлөгдөөгүй цол гэж байдаг даа. Тийм цолоо авсан.

-Хэн хэнийг давж харцага боллоо?

-Гурвын даваанд а.а Х.Мэндбаяр, дөрөвт а.х.а Ш.Мөнгөнбаатар, тавд а.х.а А.Алтанхуяг, зургаад а.х.а Ч.Батчулуун (улсын начин) нарыг давсан.

-Харцага цолсон барилдаан тань сонирхолтой болсон шүү?

-Өмнө аймаг цэрэгт Ч.Батчулуун ахад гурав уначихсан байсан. Ч.Батчулуун ах барьц сонгоод бараг давчихлаа гээд тайвширчихсан байх. Би унаж яваад эргээд давсан.

-Бэлтгэл жигдэрч байна уу?

-Одоохондоо арай л жигдрээгүй байна. Зунжингаа найр, наадам, энэ тэрүүгээр явсан. Удахгүй жигдрээд эхлэх байх аа.

-Заалны барилдаанд анх давж байсан улсын цолтон хэн бэ?

-2013 оны хавар улсын цолтнуудын барилдааны нэгийн даваанд улсын начин Р.Пүрэвдагвыг давсан барилдаан байна. Р.Пүрэвдагва начин тэр барилдаанаас хоёр, гурав хоногийн өмнө начингуудын халж барилдаанд барилдаад зургаа давсан байсан.

-Биеийн өндөр, жин хэдтэй байна?

-Өндөр 182 см, жин 115 кг

-Залуу хүний хувьд монгол бөхийн хөгжлиийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би хувьдаа бөхийн хөгжлийг мундаг байна гэж боддог. Бөхийн сургуулиуд олон болсны зэрэгцээ, хичээллэгсдийн тоо их болсон. Бөхчүүд ч бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг болж, одоо цагт хэн сайн бэлтгэл хийсэн нь дээшээ гараад ирдэг болсон байна шүү дээ.

Сумын заанууд улсын цолтнуудын барилдаанд багтдаггүй болсны зэргэцээ цагаан сар болон томоохон барилдаануудад аймгийн начин цолтой бөхчүүд багтахаа байсан байна.

-Хэзээнээс “Алдар” спорт хороонд харъяалалтай болсон бэ? Аль нэг ангид харъяалагдаж байна уу?

-Сумын заануудын барилдаанд дөрөв түрүүлсний дараа тамирчнаар орооч гэсэн урилга ирсэн. Ямар нэг ангид харъяалагдаагүй. Алдар спорт хороо гэж барилдаж байгаа. Дэд ахлагч цолтой.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Хүмүүст дамжуулж хэлэх зүйл байвал хэлж болно шүү?

-Зэвсэгт хүчний “Алдар" спорт хорооны хамт олон болон, төрүүлж, өсгөсөн аав ээждээ баярлаж явдаг шүү гэдгээ “Бөх" сониноороо дамжуулан уламжилъя.

ХААИС-ийн оюутан С.Давааням

Эх сурвалж: "Бөх" сонин