sonin.mn

АНУ-ын Лос-Анжелес хотноо 2015 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 2-нд зохион байгуулах Тусгай олимпийн зуны наадамд манай улсаас тамирчид оролцоно.

Энэхүү наадамд дэлхийн 177 орны 700 гаруй тамирчин, 300 гаруй дасгалжуулагч, 30 мянга гаруй сайн дурынхан оролцоно. Олон улсын тусгай олимпийн хорооноос зохион байгуулж байгаа уг наадамд Монгол Улсаас спортын дөрвөн төрөлд 16 тамирчин оролцох юм.

Монголын тусгай олимпийн хороо ТББ нь Монгол Улсынхаа оюуны бэрхшээлтэй мянга, мянган хүүхэд залуучуудад амьдрах урам дэм өгөх, эрүүл чийрэг аж төрөх, бусдын адил тэгш эрхтэй амьдрахад нь спортоор дамжуулж хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд эерэг хандлага бий болгож улс орон даяар хөгжүүлэн түгээх зорилготойгоор 2013 онд албан ёсоор байгуулагдаж Олон Улсын Тусгай Олимпийн хорооны гишүүнээр элссэн байна.

Лос-Анжелес хотноо болох анхдугаар наадамд оролцох тамирчдыг шалгаруулах зорилгоор Монголын тусгай олимпийн хорооноос оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулсан тусгай олимпийн үндэсний анхдугаар наадмыг  10 дугаар сарын 17, 21, 22-нд жүдо, ширээний теннис, хөнгөн атлетик (холын болон ойрын зайн гүйлт) гэсэн төрлөөр зохион явуулах юм.

Тусгай олимпийн Үндэсний анхдугаар наадамд 200 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн бөгөөд тэмцээнийг Монголын тусгай олимпийн хороо нь ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулна.

Д.Өлзий

Эх сурвалж: