sonin.mn

Өвлийн спортын “Универсиад-2015" дэлхийн оюутны 27 дугаар их наадамд Монголын цаначид хурд, ур чадвараа сорино. Энэхүү универсиад наадам анх удаагаа хоёр өөр улсын хотуудад зохион байгуулж байна. "Универсиад-2015" наадмын эхний хэсэг энэ сарын 24-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох бөгөөд манай цаначдын хувьд цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон гэсэн дөрвөн төрөлд өрсөлдөнө.

Словак улсад болох Универсиадын цанын тэмцээнд багийн ахлагчаар Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй найман төлөөлөгч оролцоно. Тамирчдын бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС), эмэгтэй тамирчдаас Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), Ж.Халиунаа (МУБИС) нар багтжээ. Манай тамирчид "Универсиад-2015" наадмын дөрвөн зайн уралдаан, багийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангасан.

Өвлийн "Универсиад-2015" наадмын дараагийн хэсэгт уулын цана, сноуборд, керлинг, хоккей, уран гулгалт, шорт трейк, фристайлийн тэмцээн багтаж байгаа бөгөөд Испани улсын Гранада хотноо ирэх хоёрдугаар сарын 4-14-нд зохион байгуулах юм.  Монголын тамирчид зөвхөн Словак улсад болох универсиадын тэмцээнд оролцоно. Дашрамд сонирхуулахад, Монголын баг тамирчид 1991 онд Японы Саппоро хотноо болсон өвлийн Универсиад наадамд анх оролцож байсан бөгөөд түүнээс хойших наадмуудад тасралтгүй хурд, хүчээ сорьж байна.

Д.Өлзий

Эх сурвалж: