sonin.mn
 
Ирэх зун болох “Универсиад-2015” наадамд оролцох Монголын сагсанбөмбөгийн оюутны эрэгтэй шигшээ багийн тамирчид “В” хэсэгт тоглох сугалаа таарчээ.
Тус наадамд оролцох орнуудын багийн ахлагчдын уулзалт БНСУ-ын Гванжу хотноо энэ сарын 11-15-нд болж байна. Уулзалтын үеэр багийн сугалаа болж сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй дэлхийн шилдэг 24 оюутны багийг 4 хэсэгт хуваах сугалааг явуулахад Монголын эрэгтэй шигшээ баг, ОХУ, Канад, Мексик, Швед, Монтенегро улсын шигшээ багуудтай "В" хэсэгт багтжээ.
 
ОХУ-ын Казань хотноо болсон Универсиад наадамд Монголын баг хэсэгтээ Филлипин, Японы багуудыг хожиж хэсгийн зургаан багаас дөрөвдүгээр байрт шалгарч 24 багаас 16 дугаар байрт шалгарсан юм.
 
Энэ удаагийн багийн ахлагчдын хуралд 51 орны 110 төлөөлөгч оролцож байна. Хурлаар наадмын бэлтгэл ажлын явцын тухай ЗБХорооны мэдээллийг сонсч, виз олгох, тээвэр, холбоо, эмнэлгийн үйлчилгээ, тамирчдын тосгоны байдалтай танилцахаас гадна тэмцээн болох байр талбайг /туялзуур жад, сагсан бөмбөг, таэквондо, теннис, гимнастик, усанд сэлэлтийн замууд/ үзэж сонирхжээ. Энэ үеэр сагсан бөмбөг, волейбол, гандбол, усны бөмбөг, хөлбөмбөгийн /эмэгтэй, эрэгтэй/ зэрэг багийн спортын сугалааг явуулсан байна.
 
Дэлхийн оюутны зуны “Универсиад-2015” 28 дугаар наадам БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сард болно.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг