sonin.mn
Дэлхийн оюутны зуны Универсиад XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод үргэлжилж байна. Манай тамирчдаас өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан ОУХМ Д.Сумъяа Хорватын А.Бекичийг ялснаар аварга болж баг тамирчдынхаа алтан медалийн салхийг хагаллаа.
 
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө "Чингис хаан" Гран при-д түрүүлсэн шилдэг тамирчин. Универсиад наадамд ОУХМ Д.Сумъяа БНСУ, АНУ, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон.
 
Улмаар хэсгийн аваргын төлөө Японы бөх Ямамото Анзуг торгуулиар ялж, Хорватын бөх Андреа Бекичтэй барилдахаар шалгарсан юм. Улмаар шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 18.40-д эхэлж, манай бөх өрсөлдөгчөө цэвэр ялж, "Универсиад-2015" наадмын анхны алтан медалийг авлаа.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг