sonin.mn
Засаглалын тогтолцоогоор улсдаа тэргүүлэх эгнээнд хүрлээ
 
Аймаг байгуулагдсан 73 жилийн түүхийн сүүлийн 7 жилд салбар бүрт дээд амжилт тогтоож, эдийн засгийн чадавхи, засаглалын тогтолцоогоороо улсдаа тэргүүлэх эгнээнд хүрээд байгаагаа Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Бастуурь Зүүн бүсийн их хурд, аймгийн баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
 
Тус аймагт хүн амын төв рүү нүүх нүүдэл зогсож, сүүлийн жилүүдэд өрх, хүн амын тоо байнга өсч 16,7 мянга өрх, 57.4 мянган хүн амтай болсон нь аймаг байгуулагдсанаас хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
 
Жил тутам 1 сая гаруй төл бойжуулж, бүх малын тоо 3 саяд хүрч, 1000 болон түүнээс дээш малтай өрхийн тоо 496 болжээ. 2014 оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүн 382.8 тэрбум төгрөг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 6.9 сая төгрөг, иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 34.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.
 
Хоёр наадмын хооронд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
 
Хоёр наадмын хооронд аймгийн хэмжээнд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 
 
Баруун-Урт хотыг нийслэл Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбож Монгол Улсын далайд гарах гарц, Ази Европыг холбосон автозамын эхлэлийг тавилаа. Баруун-Урт суманд “Боловсрол” хорооллын 256 айлын орон сууц, 200 хүүхдийн дотуур байр, 4 дүгээр бүрэн дунд сургууль, 9 дүгээр цэцэрлэг, 50 ортой эх хүүхдийн төрөх эмнэлэг, ахмадын сувилал, хоккейн талбайг ашиглалтад оруулжээ.
 
Мөн олон улсын стандартад нийцсэн “Олимп цогцолбор” хөлбөмбөгийн талбай, 6 замтай усан бассейн, 16 давхар худалдаа үйлчилгээний төв зэрэг барилга байгууламжийн ажлын явц жар гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
 
Аймгийн хурц арслан Ш.Мөнгөндалай түрүүлэв
 
“Зүүн бүсийн их хурд-2015”, аймгийн баяр наадамд Дорнод аймгийн Халх гол сумын харьяат, Улсын начин Ж.Гансүх, Ардын хувьсгалын 94 жилийн ойн улсын баяр наадамд 5 давж улсын начин цол хүртсэн Мөнххаан сумын харьяат Б.Батжаргал, Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй 128 бөх барилдаж, Онгон сумын харьяат, “Энгүй тал” компаний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, мөн сумын харьяат, аймгийн арслан Б.Мөнгөндалай үзүүрлэж, улсын начин Ж.Гансүх, Б.Батжаргал шөвгөрлөө.
 
Б.Бат-Эрдэнэ түрүүлж аймгийн мэргэн цол хүртлээ
 
Аймгийн наадмын сурын харваанд Монгол улсын мэргэн 1, аймгийн мэргэн 15 гээд 40 гаруй харваач цэц мэргэнээ сорьсоноос Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Б.Бат-Эрдэнэ 40 сумаас 34 онож түрүүлэн аймгийн мэргэн цол хүртлээ. Эмэгтэйчүүдээс Монгол улсын мэргэн Д.Сувд 30 онож түрүүлэв. Харваач хүүхдүүдээс Баруун-Урт сумын У.Хишигбат, Уулбаян сумын Б.Цэндсүрэн нар түрүүлжээ.
 
Дорнодын шагайчид тэргүүлжээ
 
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 114 шагайчид аймгийн баяр наадамд харавсанаас багийн дүнгээр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Ч.Батбаяр ахлагчтай баг тэргүүлж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын А.Энхбаатар ахлагтай баг, Мөнххаан сумын а.Ганбаяр ахлагчтай баг удаалсан байна. Өсвөрийн харваачдаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 6 настай Э.Ган-Эрдэнэ түрүүлжээ.
 
1800 хурдан хүлэг тоосоо өргөн уралдлаа
 
 
“Зүүн бүсийн их хурд-2015” шигшмэл хурдан морьдын уралдаанд зургаан насанд газар газрын 1800-гаад хурдан хүлэг уралдсанаас айргийн 5 морины цувааг хүргэж байна.
 
Азарга 287
1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Т.Болдбаатарын халиун 
2. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын М.Жаргалсайханы хул алаг
3. Ховд аймгийн Мянгад сумын З.Мэндсайханы хээр
4. Дорнод аймгийн Чойбалсан сумын Ц.Эрдэнэцогтын 
5. Говь-Алтай аймгийн Дарви сумын С.Баттулгын хүрэн
 
Их нас 292
1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын П.Амгаланбаатарын хээр
2. Сүхбаатар аймгийн Асгат сумын Ж.Баярсайханы хээр
3. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Б.Цэдэвийн хонгор
4. Сүхбаатар аймгийн Онгон сумын Ө.Эрдэнэбаатарын саарал
5. Сүхбаатар аймгийн Онгон сумын О.Үнэнбаярын бор
 
Соёолон 243
 
1. Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга, “Жавхлант шарга” МСУХ-ны тэргүүн П.Мөнхжаргалын хээр
 
2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Б.Бат-Өлзийн хээр
3. Сүхбаатар аймгийн Наран сумын Ч.Энхтайваны бор
4. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Э.Чулуунбаатарын хээр 
5. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Ч.Амарсанаагийн хонгор
 
Хязаалан 290
1. Сүхбаатар аймгийн Асгат сумын С.Энхбаатарын хүрэн халзан 
2. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ц.Элбэгзаяагийн цавьдар
3. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн буган хүрэн 
4. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Г.Батболдын зээрд 
5. Сүхбаатар аймгийн Асгат сумын А.Мэндбаярын буган
 
Шүдлэн 360
1. Сүхбаатар аймгийн Халзан сумын Г.Ганбаярын саарал
2. Дорнод аймгийн Хэрлэн сумын Ц.Эрдэнэцогтын хүрэн
3. Дорнод аймгийн Матад сумын Д.Цогтжаргалын хүрэн
4. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын М.Ганболдын зээрд
5. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн шарга
 
Даага 192
1. Сүхбаатар аймгийн Халзан сумын Ж.Дондогдоржийн хээр
2. Сүхбаатар аймгийн Наран сумын С.Баатарын халиун 
3. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Д.Хүдэрхангайн улаан 
4. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Г.Баттулгын ногоон
5. Дорнод аймгийн Халх гол сумын Ч.Батсүхийн хүрэн
 
Г.Сүхээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг