Хүн төрөлхтөнт эв нэгдлийн XXXI олимп өндөрлөж, манай улсын 43 тамирчин оролцсоноос хоёр нь амжилт гарган мөнгө, хүрэл медаль эх орондоо авч ирлээ. Тэдний дунд төмөр замчдын эгнээнээс “мордсон” буудлагын спортын тамирчин  Г. Нандинзаяа есдүгээр байрт шалгарсан тул түүнийг энэ удаагийнхаа спортын буланд урьж оролцууллаа.
 
-Рио-гийн олимпийн сэтгэгдэл ямар байна вэ, очоод бэлтгэлээ хэр хангаж байж тэмцээндээ оров?
 
-Рио манайхаас 12 цагийн зөрүүтэй учраас цагийн зөрүүгээ гаргах, нутагт нь бэлтгэл хийх гэж долоо хоногийн өмнө очсон л доо. Цаг агаарын хувьд хэдийгээр өвлийн улирал нь болж байгаа ч манай зунтай адилхан, бэлтгэл хийхэд тохиромжтой байсан.
 
-Өөрийг чинь “Шилдэг наймд шалгарах нь дээ” гэж Монголчууд догдлон хүлээж байв ч чадсангүй. Үүнд юу нөлөөлсөн гэж бодож байна вэ?
 
-Харин тийм ээ, есдүгээр байрт орлоо. Уг нь, долоо, наймдугаар байрт орсон тамирчидтай оноо адилхан байсан. Гэхдээ “10-ын чанар” гэж тоолдог л доо. Тэгээд нарийвчлалтай тоолоход минийх хоёроор бага байсан учраас есд бичигдсэн. Хэвтээ буудлаган дээр би сэтгэлдээ хүртэл буудаж чадаагүй. Бага зэргийн алдаа гаргасан. Салхины нөлөө бас байлаа. Маш их сэтгэл дундуур л үлдсэн дээ.
 
-Буудлагын тамирчин хүний сэтгэл зүй асар тайван байж л амжилт гаргана. Өөрийн чинь хувьд сэтгэл зүй талдаа хэр тайван байв?
 
-Ер нь, спортын бусад төрлийн тамирчид сэтгэл хөдлөлөө шууд ил гаргадаг шүү дээ. Орилж, уйлж, хөөрч харагддаг. Харин буудлагынх бол сэтгэл хөдлөлөө хамгийн дээд хэмжээгээр барьж байх ёстой. Сэтгэл хөдлөлгүй л яах вэ. Түүнийгээ дотроо барьж, бясалгаж, шингээдэг гэх үү дээ. Оноо алдахдаа түүнийгээ бодохоосоо илүү дараагийн оноог яаж авах тухайгаа боддог. Тэгэлгүй “Оноо алдчихлаа даа" гэж харамсаад байвал дахиад л алдаад байдаг юм. Нэгэнт алдсан алдааг мартах нь амжилтад сайнаар нөлөөлдөг.
 
-Өөрийн чинь хувьд анхныхаа олимпод оролцож үзлээ. Тэгвэл дараа дараагийн олимпод юун дээрээ илүү анхаармаар юм шиг санагдав?
 
-Энэ удаад буудаж дуусаад маш их шар хөдөлж, илүү хичээх ёстойгоо ойлгосон. Хоол ундаа идэж уугаад, цагийн зөрүүгээ сайн гаргаж, ядаргаагаа тайлаад, ямар байх ёстой, яавал зохистой вэ гэдгийг бүгдийг дагахыг хичээсэн. Гэхдээ буудаж байх техникийн явцад бага зэрэг алдаа гаргаснаа ойлгож байгаа. Дасгалжуулагчтайгаа ч ярилцсан. Дараагийн удаа алдаа гаргахгүйг хичээнэ. Түүнээс биш буудлагын техникээс өөрөөр нөлөөлсөн хүчин зүйл байхгүй.
 
-Олимпод явахынхаа өмнө бэлгэнд авсан буу чинь ямар байв даа. Дасах гэж цаг хугацаа их оров уу?
 
-Шинэ буунд дасахад хугацаа их шаардагддаг. Гэхдээ энэ буундаа харьцангуй богино хугацаанд дассан. Тийм ч учраас гайгүй буудсан болов уу гэж бодож байна. Энэ дашрамд УБТЗ-ын удирдлагууд, Олон улсын тээвэр зуучийн төв, “Замчин" спорт хорооныхондоо миний мөрдөөлийг биелүүлж өгсөнд маш их баярлалаа гэдгээ хэлье. Надад бэлэглэсэн энэ буу шинэ загварынх л даа. Ийм буутай болохыг мөрөөдөж байсан юм. Цаашид илүү их хичээнэ ээ.
 
-50 гаруй тамирчнаас есдүгээр байр эзэлнэ гэдэг бол чамгүй өндөр амжилт шүү?
 
-Уг нь, өөртөө бүр илүү том зорилго тавьсан байсан ч энэ удаад хүрч чадсангүй. Гэхдээ яах вэ, олимп, дэлхийн аварга болж байсан тамирчдын өмнө орсон байна лээ. Хэдийгээр медальд хүрч чадаагүй ч үүндээ сэтгэл хангалуун байна.
 
-Өөрийн орондоо бэлтгэл хийх, тэнд очиж хийх хоёрын ялгаа хэр байна вэ?
 
-Мэдээж их бий. Том тэмцээн зохион байгуулж буй орны буудлагын талбайн байгууламжууд нь манайхаас хавьгүй илүү шүү дээ. Есдүгээр байрт орсон 50 метрийн төрөлд дандаа гадаа бууддаг. Манайд бол гадаа бууддаггүй. Өөрөөр хэлбэл, гадаа салхинд, нарны, байгалийн гэрэлд буудна гэсэн үг. Салхинд буудаж сурах нь буудагч хүний маш том чадвар байх ёстой. Энэ талдаа манайх дутмаг. Дээрээс нь гадна дотногүй электрон бай байдаг ч тэр нь манайд байхгүй. Жилийн дөрвөн улирлын турш гадаа буудах нөхцөл ч байдаггүй.
 
-Манай спортын салбарт тамирчдыг сэтгэл зүйгээр нь бэлтгэдэг багш хэрэгтэй тухай зарим тамирчин ярьж байна. Тиймээс ч зарим нь сэтгэл зүйн өөрчлөлтөөс болж медалиа алдаад байх шиг. Энэ талд өөрийн чинь бодол?
 
-Ер нь, “Сэтгэл зүйч байх ёстой” гээд буй нь оргүй зүйл биш. Бидэнд сэтгэл зүйч гэж байхгүй шүү дээ. Миний хувьд багшаасаа л зөвлөгөө авдаг, бас өөрөө дотроо бясалгадаг.
 
-Рио-д байхдаа бусдынхаа тэмцээнийг үзэж байв уу?
 
-Үгүй, бид бусад тэмцээнийг үзэх эрхгүй юм билээ. Ирсэн хойноо харж байхад манайхны хувьд нэг л болж өгөхгүй байх шиг. Үзэж буй хүмүүс бол дураараа ярьдаг л даа. Бүх амьдралаа спортод зориулсан хүмүүс чинь “Ялагдана" гэж хэзээ ч явахгүй шүү дээ. Мэдээж ялахын төлөө хамаг байдгаараа л хичээнэ. Үзэгчдийн хувьд шүүмжлэх зүйл гарвал шүүмжлэлгүй л яах вэ. Гэхдээ сэтгэл зүйд нь асар хүндээр нөлөөлөхөөргүй үг битгий хэлээсэй. Аль болох урам зориг өгөх үг хайрлаасай гэж боддог.
 
-Ярилцсанд баярлалаа. Олимпын аварга болохыг хүсье.
 
М.Наранболд
Эх сурвалж: “Ганзам”сонин