“Бид капитализмруу шилжиж байна. Эхний шат нь зэрлэг капитализм – чөлөөт зах зээл... чөлөөт үнэ... жижиг үйлдвэрлэл... чөлөөт өрсөлдөөн... ганзагын наймаа... анхны хуримтлал худалдаанаас л буй болдог... дамлах, залилах, луйвар энэ шатанд байдаг л зүйл... улстөрчдийн олонхи нь популистууд, дүр эсгэгчид...” – яг л иймэрхүү ойлголт, үнэлгээ 1990 оноос хойш хүн бүхний л ухамсарт ноёрхох шахав. Тиймээс ч өнгөрсөн 35 жилийн дотор авлигачид, луйварчид, популистууд, “хачиг, хувалзнууд”, боловсрол нимгэн хүмүүжлээр сул танхайрагчид, хэр чадвараа үл мэдэгсэд, дүр эсгэгчид, хоёр нүүртэн, цүнх баригсад, бүр чулуун зүрхтэн гэгдэхээр залуус олноороо төрөн гарцгаалаа. 1990-2025 оны хоорондох Монголын нийгмийн харилцаа ийм хүмүүсийг бүтээжээ.
Цаашид энэ процесс үргэлжилбэл, бүр өргөсвөл Монголын нийгмийг, монголчуудыг гадаадынхан яаж үнэлэх, яаж нэрлэх, ямар хоч өгөх бол оо? Нэвт авлигажсан улс орон гэж буй, найгүй болтлоо дампуурсан нь ч буй, нийгэм даяараа мафижсан нь ч бас буй, төр засагт нь хулгай, луйвар нүүрлэсэн нь ч цөөнгүй...
Улс орон нэг бүр, нийгэм нэг бүр ирээдүйдээ тохирох хүмүүсийг бэлдэх, хүмүүжүүлэх ёстой. Эс тэгвээс ирээдүй маань бидний хүссэнээр биш, бүр эс хүссэнээр бүтээгдэх болно. Өнөөдөр Монгол маань, Монголын бодит орчин, нөхцөл маань хот болон хөдөөд хэнийг бэлдэж, бүтээж байна вэ? Монголыг маргааш ямар хүмүүс авч явах бололтой байна вэ? Ухаалаг, соёлжсон, зөв нийгэм юуны өмнө л сайн эцэг болох эрчүүдийг, сайн ээж болж чадах эмэгтэйчүүдийг өсгөж, сургаж, хүмүүжүүлж бэлдэх учиртай. Мөн нийгмийн амьдралын салбар нэг бүрээр сайн ажилтан, ажилчдыг, бас төр засагт ажиллах шударга, эх оронч улстөрчдийг бэлдэх ёстой. Энэ амин чухал ажил, үүргийг төр засаг, салбарын яамд, ахмад үе, эцэг, эхүүд хийх, хэрэгжүүлэх, бүр өөр өөрөөрөө үлгэрлэн, хөтлөн гүйцэтгэж байх учиртай. Өнөөдөр бид ингэж чадахгүй байна. Иргэн Таны хүү, охин хэн болж өсөж, нас биед хүрч байна вэ? Таны сэтгэл ханамжтай, хэвийн, яахав дээ хүү, охид минь боломжийн л хүмүүс болцгоолоо гэж үнэлж байгаа юу? Эсвээс сэтгэл тун дундуур, гонсгор, бүр гутарч, гуниж, яагаад ийм болчихвоо хэмээн харамсаж, хэнд буруу өгөхөө ч мэдэхгүй зовиуртай байна уу?
“Бид биеийг нь төрүүлсэн болохоос биш сэтгэл санааг нь төрүүлээгүй. Энэ хүүхэд ийм болчихсонд нийгэм, сургууль, багш, нар нь л буруутай. Тэд л сургаж, хүмүүжүүлсэн...” гэж хэлдэг, унтууцдаг эцэг, эхүүд буй. Ингэж үзэх, хэлэх нь ч үндэсгүй зүйл бас биш...
Угсаатан бүхэнд өөрт нь, хэл, соёлд нь, зан заншилд нь, ардын аман зохиолд нь, үлгэр туульст нь, зүйр цэцэн үгэнд нь, урлагт нь тухайн угсаатны хүүхдийг мөнхүү угсаатны хүн болоход нь тусалдаг, сургадаг, хүмүүжүүлдэг бүх зүйл, заавар, утга, зан үйл, үнэлгээ, бүр магтаал ба зэмлэл нь хүртэл оршин байдаг. Тэр бүхэн тухайн хүүхдэд төрөлх ахуй, орчноос нь нөлөөлж, шингэж, аажимдаа бүр төрх, төлөв нь, үйл хөдлөл нь болж төлөвшдөг. Чухам тэгж л тухайн угсаатны нэгэн гишүүн, нэгж нь буй болсоор байдаг. Энэ процесс тасалдах, доголдох, эвдрэх аваас тухайн угсаатан мөхөж эхэлдэг. Ингэж мөхсөн, устсан жишээ, баримт ч тун олон.
Манай орны эдийн засгийн ил, далд орчин, мөн улстөрийн ил, далд орчин, нөхцөл, эерэг сөрөг хүчин зүйлүүд залуусыг хэн болгож хувиргаж байна вэ? Үр хүүхдүүд, ач, зээ нарын минь амьдрах маргаашийн Монголд ард иргэд нь чухамдаа хэн, ямар хүмүүс байгаасай гэж бид хүсэж байгаа билээ?
Луйварчид, хулгайчид, авлигачид, гаж донтонгууд, шуналаар өвчлөгсөд, элдэв зүсмийн хийрхэлд автаж самуурагсад, гадныхны гар хөл, утсан хүүхэлдэй бологсод, нам намаараа талцаж, тэмцэлдэж хагалан бутлагчид мэт нь тооны хувьд өсөж олширсоор, муу нөлөө нь өргөсөж тэлсээр 4 сая хүрэхгүй цөөн тоотой хүн амыг маань нэлэнхүйд нь уруу татчихвал яанаа! Ийм хүмүүсийн эгнээнд хүү, охидоо оруулчихгүй байхын төлөө эцэг, эх, багш нар чармайн ажиллах хэрэгтэй байна. Нийтээрээ санаа тавих цаг нь ирчихлээ. Хүү, охид маань хүмүүнлэг, энэрэнгүй, тусархаг, шударга, хөдөлмөрч, эх түүхээ мэддэг, эх оронч сэтгэлтэй, үндэсний соёл, зан заншлаа дээдэлдэг, сахидаг, хамтач, нийтэч, улс түмэнч, эв найрыг эрхэмлэдэг хүмүүс болж хүмүүжих, төлөвших ёстой. Тэгэх аваас л Монгол угсаатан маань түүхэн онцлогоо хадгалж, үнэт чанараа улам бүр тодруулан, чамбайруулан авч үлдсээр, бусдаас ялгаран эрхэмлэгдсээр байх болно. Маргаашийн иргэд маань бүгдээрээ л ийм байж чадвал “Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ содон ч, сонирхолтой ч, хүндтэй ч байж чадна”.
Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын тоо жилээс жилд л өссөөр байна. Тэднээс олон хүн тухай тухайн орны иргэдтэй гэр бүл болж байна. Хүүхдүүд нь монгол хэл мэдэхгүй байна. Тэдний нэг хэсэг нь мөн тэр улсад үлдэж иргэд нь болсоор байна.
Өөр хэл, соёлтой болсон олон зуун мянган хүн (эрлийз, хурлийз) Монголд гэнэт орж ирж суурьшиж ч болох юм. Тийм хүмүүсийн тоо, хувийн жинг хязгаарласан хууль Монголд байхгүй. Алсдаа ийм үзэгдэл юу авч ирэх, ямар үр дагавар гарах бол оо? Баруун талдаа жолооны хүрдтэй машинууд гэхэд л ямар сөрөг үр дагавартай байгаа билээ? Олон арван мянган хүний аминд хүрлээ шүү дээ... Энэчлэн бодох, тооцох юм тун ч их болчихлоо. Монгол хүн хүний дээд нь хэмээгдэж байсан нь үнэн юм шүү. Элэгсэг, дотно, хүмүүнлэг, зочломтхой, цайлган, өр зөөлөн, нөхөрсөг гэх үнэлгээг монгол хүн, малчид ХХ зууны туршид л гадаадынхнаас авсаар ирсэн юм. Гадаадад сурч байсан олон үндэстний оюутнуудын дунд ч монгол оюутан тийм үнэлгээтэй байсан. Энэний нэг гэрч нь би өөрөө. 14 улсын иргэн охид, хөвгүүдтэй би нэг ангид хичээллэж, заримтай нь нэг өрөөнд хамт амьдарч байлаа. Тэднийг нэгтгэж, нэг жижигхэн хамтлаг болгож байсан хүн нь би байсан юм. Орос, Вьетнам, Польш, Унгар, Чех, Уганда, Морокко, Куба, Латви, Эстони, Бирма, Монгол, Казахстан, Конго оюутнууд хамтдаа хичээл давтаж, хамтдаа сагс тоглож, хамтдаа зугаалдаг, хамтдаа баяр тэмдэглэдэг байв. Бүгд л зөвхөн надтай хамгийн дотно харилцаатай байж билээ. Ихэнх арга хэмжээ миний л санаачилгаар эхэлдэг, үргэлжилдэг, төгсгөл нь ч сайхан болдог байв... 17 сая квадрат километр нутагтай Оросын Холбоонд 200 шахам угсаатан амьдарч байна. Монгол нь Оросоос 11.3 дахин бага газар нутагтай. Гэхдээ 4 саяд ч үл хүрэх тоотой хүмүүст энэ бол асар том нутаг дэвсгэр, элбэг баян амьдралын материаллаг нөхцөл. Монголчууд бид Монголдоо л сайхан амьдармаар, монгол янзаараа л үлдмээр байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Пүрэв - 01 сарын 15,
2026

Сэтгэгдэл9
Одоогийн залуус ардчилалыг зэрлэг капитализм гэж бодохгүй байгаа нь маш харамсалтай.
Сэтгэл мэдрэлийн өвчит минь хуцалгүй хамар доорхоо хамхи. Буруу хүрдтэй машин яахаараа олон мянган хүний аминд хүрдгийн. Бага шиг хуцаарай.
баруун, зүүн. миний зөв гэсээр үхцгээгээд байна гэнээ.
тэмүүжиний дүү бэлгүдэй баруун мөрөөр цавчуулаад цусаа савируулаад явсан гэх. хаан ах асуутал зүгээрээ гэв.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\
Эх орноо, аав ээжийн голомтоо үгүй хийх, зарах гэж хар амиа бодсон бүхэл бүтн үеийг 95-2025 онд Баабр Үүл Эрлгдорж, МАНАН-гийн эрх баригчид бэлтгэн гаргаснаар МУ эргэлт буцалтгүй сөнөх замдаа орсн-ыг үнэн зөвөөр илчилж. Мөд өөөрийнх нь хүүрийг хаях газаргүй болсноо эргүү мнглчууд ухаарах болно
Энд олон үнэн зүйл бодит амьдралыг бичжээ. Харин тэр баруун гартаа жолоотой машинаас болж олон хүний амь сүйдэж байна гэдэг бол худлаа даа худлаа. Эндээс бас энэ хүн дэмий худал дүгнэлт хийж л байдаг хүн байна гэсэн гаргалгаа гарч байна.
Чулуужав гуай монголоороо үлдэх гэхээр таны орос ах чинь монгол бичигийг хавчиж кирилээр бичихийг шаарддаг 10 жилийн сургалтын хөтөлбөрөөс орос хэлийг хасахгүй байхыг заавал орос хэл сурахыг шаарддаг Монголчууд орос хэл сурахаар оросоос юу сурахийн Монголчууд нийтээрээ англи хэл сурч дэлхийн бүх орнуудтай харилцаж монгол бичиг үсгээ тэд нарт бахархалтайгаар харуулж баян чинээлэг амьдармаар байна
Тэнэг өвгөн минь маргааш гэхэд Хятад улс ар Монголд цэргээ оруулах гээд байна ! Путиныг үхэхийн нь хүлээгээд үхмэгц нь маргааш нь цэргээ оруулж эзэлж авах гээд бэлдчихсэн байна ! Тэр ар Монгол нь Шинжаан Уйгар өвөр Монгол хоёр шиг болно ! юун монгол хүний хөгжил мөгжил ! 29 онд болох Хятад улсын 80 жилийн ойгоос өмнө хойд нутгаа Дундад улсдаа нэгтгэчих санаа Си даргад байна ! Цэрэг оруулчихад Трамп эсэргүүцэхгүй ! барууныхан бөяр хүргэж Си даргад цахилгаан утас явуулна ! Японууд л жаахан сандарч гүйх байх ! Өөр хамгаалах улс амьтан алга ! Юун алсын хараа мараа !