sonin.mn

Хуурамчлал, дүр эсгэлт-энэ зууны улстөрийн амьдралын түгээмэл шинж


Ямар ч амьтанд хоол, ундтай, аюулгүй амьдрал л чухал байдаг. Энэ бол хэвийн оршин байх нөхцөл. Хүмүүсийн хувьд ч ялгаагүй, нийгмийн хувьд ч мөн адил. Чухам иймийн учир ахуй нь ухамсраа, хүсэл нь үйлдлээ, эдийн засаг нь улстөрөө нөхцөлдүүлж, бүр тодорхойлж байдаг. “Эдийн засгийн бодлогын төвлөрсөн илэрхийлэл нь улстөрийн бодлого, харин дайн бол улстөрийн бодлогын цэрэг, зэвсэг хэрэглэсэн үргэлжлэл, хүчээр шийдвэрлэх гэсэн оролдлого” гэдэг үг үнэн. Цэрэг, зэвсгийн хүчээр түрэмгийлэх, эсвээс хамгаалах; улстөрийн бодлого шийдвэрээр дарамтлах, эсвээс сөрөн зогсох; эдийн засгийн хориг арга хэмжээ, тарифаар боомилох, шахалт үзүүлэх, эсвээс ашигтай, таатай нөхцөлөөр хангаж туслах, дэмжих; аливаа зөрчлийг дипломатаар, яриа хэлэлцээрээр шийдвэрлэх, эсвээс харилцаа, холбоогоо тасалж хөндийрөх гэх мэтийн олон арга, замаар улс хоорондын харилцаа хэрэгжиж иржээ. Тэр бүхний дундаас тайван арга, замаар шийдвэрлэж байсан түүхийг л хүн төрөлхтөн зөв зүйтэйд тооцож, үнэлж, сайшааж байсан нь ч үнэн.


Дайн бол улс хоорондын маргааны мухардмал байдлаас болж гардаг аюултай үзэгдэл, аллага хядлага, эвдрэл сүйрэл юм. Хөнөөх чадвар сайтай зэвсэг хэрэглэх болсноор хүмүүс зуун жилд бүтээсэн хотуудаа хэдхэн өдрийн дотор л нурааж балгас болгож байна. Асар их баялгаа ч хэдхэн сарын дотор устгаж, хохирч байна.


Олон сая хүний амь хохирч, олон сая гэр бүлийн амьдрал үгүйрэл, хагацалд өртөж, олон сая хүүхэд өнчирч, олон сая эмэгтэйчүүд бэлбэсэрч, олон зуун мянган хүн тахир дутуу, эрэмдэг, зэрэмдэг болж байна. Аливаа асуудал, зөрчил, маргаанаа дайнгүйгээр шийдэх сэтгэлзүй, ухамсар, үзэл суртал, ёсзүйд хүн төрөлхтөн суралцаж, тэр байдлыг хууль болгон сахиж, НҮБ тэр хуулийг бүх улс орноор мөрдүүлж байх ёстой. Одоо тэгж чадахгүй байна. Энэ том дутагдлыг буцалтгүйгээр арилгах учиртай. Эс тэгвээс хүн төрөлхтөн өөрсдийнхөө дэгдээсэн дайны улмаас өөрсдөө ч устаж, эх дэлхийгээ ч устгаж мэднэ. Дэлхий маань ямар ч амьдралгүй, цөмийн хордлогод гүнзгий автсан сөнөсөн гариг болон үлдэж ч болох юм. Тийм үр дагавар гарахыг үгүйсгэх аргагүй болчихлоо. СССР-ийн бүрэлдэхүүнд орсон, байсныхаа ачаар бүх талаар сэргэж дэгжсэн улсуудын нэг нь Украин юм. Тийм гэдгийг дэлхий даяараа мэднэ. Оростойгоо эргэж нэгдчихээд байгаа газар нутаг, хүн ам бол угтаа Оросын л нэг хэсэг шүү дээ. Оросын Холбоо гэх энэ том хөрштэйгөө энх тайвнаар зэрэгцэн оршиж байж л (наад зах нь 100-150 жил) Оросоос авсан бүхнээ, бэлгэнд авсан бүхнээ өөрийн болгож, өөртөө уусгаж, салшгүй хэсгээ болгож чадах байсан. Уг нь хэн хэндээ хялбархан уусаж болох нэг л угсааны хүмүүс, ард түмэн. Хөрш зэргэлдээ оршиж, холилдож хутгалдаж аж төрж, нэг төр, нэг тугийн дор дайсантай тулалдаж, харилцан туслалцаж, хэн хэндээ бүх талаар ойртож, найрсаж ирсэн хүмүүс, ах дүү ард түмэн шүү дээ. Гэтэл одоо ямар байдалтай болчихоод байна вэ? Оросоос бэлгэнд гэхээр авсан, Оросын ачаар олсон, бүтээсэн олон зүйлээ Украин алдлаа. Алдсаныхаа дараа л бүтэлгүй удирдлага нь ямар их үнэтэй зүйлсээ алдсаныгаа ухаарч байх шиг байна. Чухал байрлалтай, их баялагтай газар нутаг, үйлдвэрлэн бүтээх өндөр соёлтой хүн ам, хүнд аж үйлдвэрлэлийн чухал чухал том объектууд, цахилгаан станциуд, услалтын систем, тээврийн замууд гээд л мөн ч их баялгаа ухаан муугаасаа болж алдлаа.


Олон зуун мянган цэрэг эрсийнхээ амиар чөлөөлж авсан бүхнээ Орос улс буцааж өгнө гэж байхгүй л дээ. Үүрд алдлаа гэсэн үг. Уг нь үлдээж бүрэн болох байсан үнэт зүйлүүд шүү дээ. Улстөрчид гэх нэртэй, гэнэхэн, харалган цөөн хэдэн залуус л Украиныг ямар ч дайснаас илүүгээр сүйтгэчихлээ.


Ах дүү ард түмэнтэй нь хонь, чоно болгочихлоо. Хоёр талаас хичнээн ч залуус амь хохиров доо! Харамсалтай том хохирол, учрахгүй байж бүрэн болох байсан том хохирол! Ухаалаг, оюунлаг, хүмүүнлэг бүх хүн л харамсаж, гашуудаж байна. Ийм төгсгөл ирэх магадлалтайг Оросын өмнөх удирдлага (Ленин, Сталин, Хрущев, Бережнев, мөн Горбачёв, Ельцин) даан ч тааварлаж байсангүй бололтой. Тааварлах, тооцоход үнэхээр ч бэрх, хэцүү тохиолдол мөн нь мөн л дөө... Дэлхийн бөмбөрцгийн зүүн хагасад болж өнгөрсөн дайн нэг бүрээс ашиг олж гаршсан АНУ, мөн томоос том эзэнт гүрэн байгаад нэр, нөлөөгөө алдаж жижгэрсэндээ хорсож, өширхөж байдаг Их Британи хоёр ил далд нийлж, хуйвалдаж, хор найруулж Европ дахиныг турхирч, хордуулсаар Украины нацистуудаар гар хөлөө хийж Оростой ужгирсан том дайн дэгдээлээ. Орос гадны хүчинд ялагдахгүй, дотооддоо хагарч бутрахгүй, цөмийн зэвсэг хэрэглэх аваас Европ л бүрэн сүйрнэ. Ялах ямар ч боломжгүй дайныг чухам юунд найдаж үргэлжлүүлж байгаагаа Англи, Франц, Польш, Германы удирдлага өөрсдөө ч хэлж мэдэхгүй болцгоожээ. Эдийн засаг нь буурах, уруудах хэрээр л тэд дайнд бэлтгэж, зэвсэг үйлдвэрлэх тухай л ярих болов. Ийм аргаар л сонгуульт хугацаагаа дуусгах, цэрэг-дайны зардлаас том том хувь хүртэх, зөвхөн өөрсдөө л хожиж гарах, нэр нүүрээ ч алдалгүй үлдэх боломжтой гэж тэд шийдсэн байх. Энэ бол мэдээжээр зөв шийдэл огт биш! XXI зууны улстөрийн амьдралын бодит байдлын гол онцлог бол аль ч улс орны төр, засаг үндэсний хөрөнгөлөг давхрааны элитүүдийн төлөөллөөс бүрэлдэх болсон явдал юм. Тэд улс орныхоо жирийн иргэд, дундаас доош давхраа, эмзэг бүлгийнхний ашиг, сонирхлыг үл тооцох, үл хэрэгсэх болов.


Олонхи улс орон төр, засгаа “ардчилсан” гэж нэрлэж, улстөрийн намуудаа ч “ардын нам”, “ардчилсан нам”, зүүний нам, зүүн төвийн нам хэмээн цоллох, рекламдах, үндэсний хөрөнгөтнүүд нь “ардуудынхаа ашиг, сонирхлын төлөө” л эвлэлдэн нэгдсэн мэтээр жүжиглэх болжээ.


Тэгж дүр эсгэсээр 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн нам ч олон болов. Хуурамчлал, дүр эсгэлт ийнхүү XXI зууны улстөрийн амьдралын үндсэн бөгөөд түгээмэл шинж болоод байна. Жишээ нь: Авлигатай хийж буй тэмцэл. Авлига хамгийн их газар авсан орнуудад Авлигатай тэмцэх газар, хороо, комисс хамгийн олон тоотой байгуулагдсан хэдий ч уг үзэгдэл улам л их өргөжсөөр байна. Европоос Украин, Азиас Монгол энэ талаар тэргүүлж байгаа бололтой. Парламент дээр нь нээлттэй сонсгол байнга шахам, авлигатай тэмцэх газар нь улам томорсоор, цагдаа, шүүх, прокурор, засгийн газар, яамдууд нь ч тэмцэл хийсээр, гэхдээ уг үзэгдэл улам хүчээ авсаар... Тэмцэгчид нь жүжиглэдэг, дүр эсгэдэг болохоор л “ийм үр дүн” гардаг ажээ. “Хулгайчийг бариад аваарай” гэж хулгайч нар л чангаас чанга хашгирдаг гэх хэллэг зүгээр ч нэг гараагүй юм байна... Эцсийн дүндээ Украин хэсэг газраа Оросод алдаад үлдсэн нутаг дахь ашигт малтмал, баялагаа АНУ, Англи, Францад зуун жилээр давуу эрхтэйгээр ашиглуулж “Буруу сэхсэн”, “Буруу замаар будаа тээсэн”, “Буруу хүмүүсээ төрд гаргасан”, “Буруу санаатнуудын үгэнд орсон”, “Өөрсдөө бусармаг үзэл суртлаар толгойгоо угаалгасан” гэх мэтийн олон алдааныхаа горыг эдлэх нь гарцаагүй болчихоод байна.


Оросын газар нутагт эзэн суух, хувааж авах оролдлого 1918-19 онд “Сибирийн Бүгд Найрамдах улс” гээчийг байгуулж барууныхан эзэн суухын тулд (интервенци) бүлэглэсэн зэвсэгт халдлагаар хэрэгжих шахаж байв. Энэ мэтийн оролдлого хэдэн зуун дамнан хийгдсээр ирсэн нь үнэн юм.


Энэ удаагийн дайн ч гэсэн бидний үе дэх үргэлжлэл нь болж байна. Украинд одоо валютын нөөц, алтны нөөц мэт нь байхгүй. Гаднаас зэвсэг, цэргийн хэрэглэл, бусад зүйлийг авахдаа зээлээр л авч байгаа. Газар дээр, доор байгаа бүх баялгаа, ашигт малтмалаа барьцаалж л элдэв гэрээ, хэлэлцээр ч олныг байгуулсан нь тодорхой. Тэгэхлээр Украин ялагдвал АНУ, Англи, Франц, Польш мэт нь өр, зээлээ авч чадахгүйд хүрнэ. Үргэлжлүүлээд байлдаад байвал Оросын мэдэлд газар нутгаа нэмээд л алдаад л байна, удахгүй байлдах цэрэг ч байхгүйд хүрнэ. Украин улс байхгүйд хүрнэ. Наад зах нь л дахин сэргэтлээ 100 жилийн туршид өсөх, өндийх хэрэгтэй болно. Ийм л аргагүй байдалд орчихлоо, тун ч хэцүү болчихлоо. Улстөрчдийн нь алдаатай бодлого, давлиун зан, бодит байдал ба хүчний харьцааг тооцох чадваргүй, харь улсын ятгалгаа, түлхээсэнд автах, дулдуйдахын гай ингэж л илэрдэг, гарч ирдэг ажээ. Энэ их гай зовлон, өр төлөөсийг жирийн хүмүүс, ард түмэн л үүрэх, эдлэх болно шүү дээ! Тэд бидний л адил хүмүүс, ард түмэн, жирийн иргэд... Монголчууд бид ийм хүнд нөхцөл, байдалд орсон бол Яанаа!


Трампын ерөнхийлөгч байх 4 жилийн туршид дайныг яаж ийгээд үргэлжлүүлж Оросыг туйлдуулаад, дараа нь АНУ-д ардчилсан намынхан төр, засгийн эрхийг авахлаар тэднээс дэмжлэг, зэвсэг авч Оросыг ухруулна, бүр ялалт байгуулна гэж ч Европын дайнчид тооцоолж байж болох юм.


Энэ хугацаанд АНУ зэвсгээ зарж асар их ашиг олно, зэвсэг нь ч улам сайжирна, Европынхон ч дайнд бэлэн болно, Оросыг дотроос нь ч хагална, холбоотнуудыг нь ч холдуулна гэх нууцхан санаархал ч тэдэнд буй. Энэ нь хэдийгээр байж болох хувилбар мөн боловч Европынхон өөрсдөө, эдийн засаг нь тэр хүртэл тэсэхгүй л дээ. Ард түмэнд нь энэ дайн бүр одоо гэхэд хүнд нэрмээс болж, эсэргүүцэл эхэлчихээд байна шүү дээ. Ахиад 3 жил гаруй хугацааг энэ 30 шахам орны ард түмэн тэвчихгүй, одоогийн удирдлагууд ч огцрох болно, хэн нь ч үлдэхгүй байх. Харин Оросын холбоо хэврэгшсэн, задарна гэдэг худлаа. Энэ дайн дотоод нэгдлийг нь улам ихээр бэхжүүлэх болно. Эх орноо, уламжлалт газар нутгаа, хүн ардаа, хэл соёлоо, шашин шүтлэгээ, тусгаар тогтнолоо хамгаалж байгаагаа Оросын Холбооны бүрэлдэхүүнд буй угсаатан бүхэн ойлгож, нацистууд, фашистуудыг чин сэтгэлээсээ үзэн ядаж, тэмцэж, амь хайргүй тулалдаж байна шүү дээ. Тэд ялна, улам их хүчирхэг болж үлдэнэ. Тэдний талд үнэн байгаа юм. Улам бүр террорист болсоор байгаа Украины төр засаг, дэглэмийг зөвтгөх боломжгүй. Ард түмэн нь ч энэнийг ойлгож эхэлж байна. Өнөөдрийн бодит байдал үнэн ба худлыг ялгаад өгчихлөө шүү дээ!




Судлаач, профессор Д.Чулуунжав