sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мандаагийн Алтангэрэл агсны нэрэмжит волейболын тэмцээнийг энэ сарын 21-23-нд Спортын төв ордонд зохион байгуулна.
Тэмцээнд клуб, аймаг, их дээд сургуулиудын багууд оролцох бөгөөд тус тэмцээнийг цаашдаа М.Алтангэрэл агсны гэр бүл, Алтайн барс клуб, МВХ-ноос хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар болжээ. М.Алтангэрэл нь Монголын волейболын нэгэн үеийн од тамирчин байсан билээ. 1990-ээд онд Монголын волейболын лигийн тэмцээнийг үзэх гэж Спортын төв ордонд спорт сонирхогчид багтаж ядан цугладаг байсан тэр үед “Тэнгис” багт хүчин зүтгэж байсан юм.
 
 
М.Алтангэрэлийн уран гоё, чадварлаг тоглолт, олон зуун хүүхэд багачуудад волейболын спортоор хичээллэх урам зориг хайрласан гэж болно. Лигийн аварга, Тэгш тоглогчийн шагналыг олонтаа хүртсэн М.Алтангэрэл Монголын волейболын шигшээ багийн төлөө 18 жил хүчин зүтгэсэн.
Түүний ур чадварыг гадаадын тамирчид, мэргэжилтнүүд ч хүлээн зөвшөөрдөг байв. М.Алтангэрэл волейболоос гадна сагсан бөмбөг тун сайн тоглодог, мэргэжлийн лигийн тамирчин байсныг өнөө ч нөхөд нь санан дурсдаг байна.

 

Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг