sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын тэмцээн ирэх ням гарагт Нагоя хотод эхлэх бөгөөд Нагоя башё эхлэхийн өмнө бөхчүүд хамтарсан бэлтгэлд гарсаар байна.
Их аварга Хакүхо М.Даваажаргал даваа гарагийн өглөөний бэлтгэлийг Их аварга Кисэносатотай хийсэн байна. Хоёр аварга залуу бөхчүүдтэй бэлтгэл хийж, тэдний хүч чадлыг шалгажээ. Тус бэлтгэл дээр Кисэносато сайн байжээ. Хакүхо, Кисэносато нар 2018 он гарсаар нэг ч башёд барилдах боломж гараагүй. Учир нь Кисэносато нэг, гурав, тавдугаар сарын башёд бэртлийн улмаас өнжсөн бөгөөд хагас жил дохёд гараагүй  түүний барилдааныг үзэгч олон хүлээж байгаа юм.
 
 
Хакүхо 2017 оны 11 дүгээр сарын башёд түрүүлж, 40 дэх түрүүгээ хүртсэн бол Кисэносато 2017 оны нэг, гуравдугаар сарын башёд дараалан түрүүлсэн билээ. Нагоя башё долдугаар сарын 8-22-нд болно.
Дашрамд дуулгахад, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сар хагалгаанд орохоор болжээ. Гэмтээд удаж байгаа өвдгөндөө хагалгаа хийлгэх тул ирэх Нагоя башёд барилдахгүй.
Исэгахама ояката “Залуу бөхийн ирээдүйг бодоод гэмтэл нь бүрэн эдгэтэл зодоглуулахгүй. Нагоя башёд барилдахгүй. Баруун, зүүн өвдөг аль аль нь архаг гэмтэлтэй байгаа. Эмч нартай ярилцаж байгаад алинд нь мэс засал хийхээ шийднэ” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Тэрүнофүжи зүүн өвдгөндөө өмнө нь хоёр удаа мэс засал хийлгэж байсан. Харин 2015 онд гэмтээсэн баруун өвдгөндөө хагалгаа хийлгэлгүй, эмчлүүлж байжээ. Өнгөрсөн тавдугаар сарын башёд 9 унасан тул Макүшитад унах нь тодорхой болсон. Нагоя башёг өнжиж байгаа түүний хувьд есдүгээр сарын намрын тэмцээний Банцүкэ нь Макүшитагийн доод хэсэгт буурах юм.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг