sonin.mn
Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн буюу Нагоя башё манай улсын баяр наадмын үеэр давхацдаг. Тиймдээ ч юм уу баяр наадмын сүрд дарагдаад олны сонирхлоос зайдуухан үргэлжилж байна. Энэ башё уг нь хоёр аваргатайгаар эхэлсэн. Гэтэл 3-4 хоногийн дараа Хакүхо, Какирюү хоёр гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж тэдний хойноос шинэхэн озеки Точиношин бас хөлийнхөө эрхий хурууг гэмтээснээс болоод дэвжээнд эргэж ирсэнгүй. Иймээс бараг л "толгой муутай" тэмцээн болж хувирчээ дээ. Гэхдээ озеки Такиясү, Гоейдо нар манлайлан сүмоч бүр л давааны төлөө чармайж байх шиг. Тэгэхээр түрүүлэх эрэмбэтэй аварга, озеки нарын эзгүйд хэн түрүүлэх бол гэдэг нь тун сонирхолтой байгаа юм. Тэмцээний эхний найман өдрийн дараа ямар нэг өнгө төрх харагддаг. Энэ тэмцээний өнгө ч тодорч л байна. Ер нь тун гайгүй сүмоч гэгддэг Митакүэми боломжийг ашиглаж мэрийлттэй барилдаж ганцаараа найман даваатай хошуучилж байна. Араас нь Асанояма, Эндо нар долоон даваа, нэг унаатайгаар нэхэж явна. Тэгвэл озеки Такиясү, маэгаширагийн зургаагаас боссон Чиёотарюү, мөн маэгаширагийн 13-т бичигдсэн Точиоазан нар тэмцээн хошуучлагчдын гурав дахь эгнээнд явна. Монгол сүмочдын амжилт гэж ярьвал төдийлөн сайн биш байна. Секиваке цолд хүрсэн Ичиноёо Ичинноров ердөө гурван даваатай яваа бол комүсүби Тамаваши Мөнх-Оргил таван даваатай байгаа юм. Тэд цолтой бөхийн зиндаанд хүрч барилдахгүй л байна. Даангүй Ичиножёо тун урагшгүй барилдаж харагдана. Энэянзаар бол секиваке цолтой удахгүй л байхаа даа. Мөн Чёошома Мөнхсайхан, Араваши Дөлгөөн нар гурван даваатай байна. Японы бөхчүүдээс уг нь гайгүй сүмоч гэгддэг Окиноүми, Икиой, Шёодай, Шоохозан нар унах нь олон харагдана. Тиймээс энэ башё аагилж, бярдаж давдаг аварга, арслангууд эзгүй тун сонирхол муутайхан байна гэж сүмо сонирхогчид ярилцаж байна. Гэхдээ хэн ч юм нэг нь түрүүлж таарах биз ээ. 
 
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин