sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Азийн АШТ энэ сарын 19-22-нд Энэтхэгийн Шинэ Дели хотод болж, аваргуудаа тодрууллаа. 
Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, Энэтхэг, Какахстан, Япон, БНСУ зэрэг 18 орны 202 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдсөн юм.
Шинэ Делигийн дэвжээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин зодоглосноос хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ. Тодруулбал,
Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Бат-Эрдэнэ, Эмэгтэйчүүдийн 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан мөнгө, 50 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь, 53 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхцэцэг, 55 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Халиунаа, 59 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн, 65 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Тэднээс Э.Дэлгэрмаа залуучуудын Азийн АШТ-ий хошой медальтан болсон бол үлдсэн нь тивээсээ анхны медалиа зүүжээ. Багийн дүнгээр эрэгтэй бөхчүүд 52 оноогоор ес, эмэгтэй бөхчүүд 112 оноогоор тавдугаар байр эзэлжээ.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг