Улаанбаатар /МОНЦАМЭ/. MNBA Үндэсний дэд хэсгийн дөрвөн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж ялагчид тодорлоо.
Дэд хэсгийг хожигдолгүй тэргүүлж байсан Багануур баг энэ удаад Завхан аймгийн багийн эсрэг тоглолтоо хийлээ. Хоёр багийн тоглолт тэнцүүхэн үргэлжилж эцсийн мөчид 67:66-аар Багануур хожлоо. Энэ тоглолтод Багануур багийн бага зэрэг илүү нь холын зайн шидэлт болон чөлөөт шидэлтийн хувь байсан юм. Тоглолтын турш жигд тоглосон Н.Ганбаатар 18 оноо, 12 самбартай дабл дабл хийж тоглолтын шилдгээр нэрлэгджээ.
Хөвсгөл болон Сэлэнгэ аймгийн багуудын тоглолтын мөн тэнцүүхэн өрсөлдөж эцсийн мөчид 67:61-ээр сэлэнгэчүүд хожил байгууллаа. Тус тоглолтод хоёр багийн хамгаалалт сайн байсан. Харин чөлөөт шидэлтийг 30 удаа шидсэн нь Сэлэнгэ аймгийн хожих нэг шалтгаан болов. Тус тоглолтод Т.Цогбадрах өөрийн энэ улирлын хамгийн өндөр оноо болох 29 оноо авч, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа хожиход том тус хүргэлээ.
Дэд хэсгийн эхний хоёр тоглолтод хожигдсон Увс Нуур багийн залуус Говь-Алтай аймгийн багийг 78:76-аар хожиж чадлаа. Тоглолтын эхнээс л бага зэрэг илүү тоглосон Увс аймгийн баг хоёр дахь боломж болон бөмбөг алдалтаас авсан оноогоор эсрэг багаасаа илүү байв. Тус тоглолтод Ө. Мөнхбаяр 14 оноо, 12 самбар багаа тэргүүлсэн бол багийн бусад тоглогч жигд тоглолтыг үзүүлсэн юм.
Харин Дархан-Уул болон Баян-Өлгий аймгуудын тоглолтод эхний үеэс л Дарханы залуус илүү тоглолтыг үзүүлж байв. Ялангуяа Г.Алтансоёмбо гайхалтай байж зөвхөн эхний таван ч удаа эсрэг багийн довтолгоонд хаалт хийж Үндэсний лигийн нэг үед хамгийн олон хаалтыг хийсэн тоглогч болсон юм.
Улмаар эхний хагаст 43:27-гоор Дарханчууд илүүрхсэн. Харин гуравдугаар үед Баян-Өлгий аймаг сэргэж олон онооны зөрүүг ердөө хоёр болгож ойртуулсан ч дөрөвдүгээр үед тоглолтын гол баатар Г.Алтансоёмбо багаа сэргээсэн довтолгоонуудыг хийснээр 80:70-аар Дархан-Уул аймаг хожлоо. Энэ тоглолтын шилдгээр 17 оноо, 8 самбар, 6 хаалт, 3 оновчтой дамжуулат өгсөн Г.Алтансоёмбо нэрлэгдсэн юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг