
Дэлхийн аваргын финалд шалгарсан анхны Ази баг MongolZ
“Austin Major 2025” буюу Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны ДАШТ зургаадугаар сарын 3-22-ны өдөр АНУ-ын Остин хотод 32 багийн дунд амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний ялагчаар Францын “Team Vitality” баг тодорсон юм.
Энэхүү баг нь 2013 онд үүсэн байгуулагдсан бөгөөд CS2 төрлийн цахим спортод 2018 оноос оржээ. Тэдний хувьд Франц, Эстони, Их Британи, Израйл гаралтай тоглогчидтой бөгөөд насны дундаж нь 25 аж. Харин тус тэмцээний дэд аварга болж Ази тивээс анх удаа финалд шалгарсан баг нь MongolZ юм.
Тэд бол багийн тэр дундаа цахим спорт дөнгөж хөгжиж буй Монгол Улсын тамирчид билээ. Манай тамирчид өнгөрсөн удаагийн Шанхайн мэйжорт шөвгийн наймд шалгарч байсан бол энэ удаа амжилтаа ахиулан гранд финалд шалгарсан юм. Хөвгүүдээ дэмжсэн монголчууд Д.Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай театр, Ховд аймгийн Ард Аюушийн талбай, Дархан-Уул аймгийн хөл бөмбөгийн талбай зэрэгт цуглаж, хамтдаа тоглолт үзсэн байна.
Тус тэмцээний финалын тоглолтын үзэгчдийн тоо 1.78 сая хүрсэн нь түүхэнд байгаагүй үзүүлэлт юм. Мөн монгол хэл дээрх шууд дамжуулалт нь 100 мянга давжээ.
Тэмцээний дараа MongolZ багийн тоглогч Mzinho буюу Б.Аюуш “2:1-ээр хожигдлоо. Биднийг дэмжиж, үзэж, цугласан бүх хүмүүстээ баярлалаа. Итгэлийг нь алдсан бол уучлаарай” гэсэн юм. Түүний хувьд 2007 онд төрсөн бөгөөд багийнхаа хамгийн залуу тоглогч юм.
Тэдний аялал дөнгөж эхэлж байна
MongolZ баг нь 2015 онд байгуулагдсан бөгөөд 2025 онд тэднийг Монгол Улсын үндэсний шигшээ баг болгосон юм. Хоёр жилийн өмнө одоогийн үндсэн бүрэлдэхүүнээ олсон тус баг одоо Монголын төдийгүй дэлхий дахинд шүтэн бишрэгчидтэй болсон байна. Мөн дэлхийн аваргын финалд шалгарч байсан багуудаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэйгээр тодорчээ.
Дэмжигчид нь тэднийг “Хэзээ ч хэн байснаа мартдаггүй. Ялсан ч, ялагдсан ч нэг л зангаараа ухаалаг байдаг. Мөн багийн сэтгэл зүй үнэхээр тогтвортой. Энэ нь том давуу тал болдог” гэдэг.
Багийн спортод хамгийн чухал нь эв нэгдэл. MongolZ багийн тоглогч бүр тус тусын үүргээ тултал биелүүлдэг. Blitz-ийн багаа чиглүүлдэг уран “call”-ууд, Techno-ийн зоримог, давшсан тоглолт, 910-ын оновчтой, мэргэн буудалт, Mzinho-ийн торгон мэдрэмжтэй тоглолт, Senzu-ийн тэсрэлттэй тоглолт. Мэдээж дасгалжуулагчийн ур ухаан. Энэ бүгд нийлээд MongolZ багийг амжилтад хөтөлсөн юм. Энэ мэтчилэн тоглогч бүр өөрсдийн дахин давтагдашгүй онцлогтой. Тэр тусмаа Techno буюу М.Содбаярыг дэмжигчид нь багийн зүрх гэлцдэг. Учир тэрээр тоглолтын стратеги, сөрөг довтолгоонд үзүүлэх нөлөө, хувилбараараа үзэгчдийг гайхшируулдаг аж.
Энэ гайхалтай ур чадвараараа тэрээр өнгөрсөн жил гэхэд 260.000 ам.доллар олжээ. Mongolz баг хуучин бүрэлдэхүүнээрээ 2016 онд “IEM Taipei”-д аваргалсан нь тэдний түүхэнд бичигдэх анхны ялалтуудын нэг байсан.
Үүний үр дүнд олон улсын тавцанд гарах эхлэлээ тавьсан юм. Харин одоогийн бүрэлдэхүүнээрээ “Yalla Compass 2024” тэмцээнд ялалт байгуулж, мөн онд “PGL Major Copenhagen 2024” тэмцээнд Азийн RMR-аас шалгарч анхны стикэрээ авч байв. Тэдний аялал дөнгөж эхэлж байна.
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл5
Тэмцээн дээр гадаад хүмүүс манай багийг дэмжиж буй нь сайхан харагдаж байлаа
Цахим донтолт
БИТҮҮ ӨТГӨН УТААН ДУНД БАЙГАА БАЙГ ЯГ НЭВТ ОНОЖ ГАДНЫХНЫГ ОЛОН УДАА ГАЙХШРУУЛСАН ЖИНХЭНЭ УЛААНБААТАРЫН УНАГАН ИРГЭД.
утаа байтугай, ханын цаана байга хүний силуэт, контур нь /дүрсний хүрээ/ нь харагдаад байхад ....
ene temtseenees 150K avna shd