sonin.mn

Оросын тусгай алба Зеленский болон Украины өндөр албан тушаалтнуудын амь насанд халдах хэд хэдэн оролдлогод бэлтгэж байсан гэж Украины Аюулгүй байдлын албаны дарга Василий Малюк мэдэгджээ.


Түүний хэлснээр Москва түүнийг өөрийг нь болон Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ах Денис Ермак нарыг алахаар бэлтгэж байсан гэнэ.


Үүнээс гадна ОХУ Украины удирдагч Владимир Зеленскийн амь насанд халдах оролдлогыг дор хаяж хоёр удаа бэлтгэсэн гэж Малюк Интерфакс-Украина агентлагт мэдээлсэн байна. Оросын тусгай алба Польшийн Ржешов нисэх онгоцны буудалд Зеленскийг "бие махбодийн хувьд устгахаар" бэлтгэж байсныг Украины Аюулгүй байдлын албаны тэргүүн тэмдэглэсэн бөгөөд Украины ерөнхийлөгчийг FPV нисгэгчгүй онгоц эсвэл мэргэн буудагчийн буу ашиглан хөнөөхөөр бэлтгэж байсан гэжээ.  


Москва энэ ажиллагаанд Польшийн тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчийг ашигласан бөгөөд уг ажиллагааг Польш, Украины тагнуулын албадын хамтарсан ажлын үр дүнд зогсоосон гэж Малюк хэлсэн байна.


Тэрбээр мөн Зеленскийн амь насанд халдах ээлжит оролдлогын талаар ярьсан бөгөөд уг ажиллагааг Оросын ФСБ-д ажиллаж байсан Украины Төрийн аюулгүй байдлын албаны ажилтнууд үйлдэх ёстой байсан гэжээ. "Тухайн үед уг албыг дэслэгч генерал Сергей Беседа удирдаж байсан бөгөөд ташрамд дурдахад, энэ бүтэлгүйтлийн дараа Путин түүнийг огцруулж, тэрбээр ФСБ-ын системд зөвлөх хэвээр үлдсэн" гэж Украины Аюулгүй байдлын албаны дарга тэмдэглэсэн байна.



Ж.Бат 

Эх сурвалж: DW