
БЕЛГРАД, 2025 оны зургаадугаар сарын 24 /Forbes/. Серби улс зэвсгийн экспортоо зогсоосон тухай тус улсын Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгджээ.
“Бид одоогоор юу ч экспортлохгүй байгаа, бүх экспортыг бүрэн зогсоосон. Одоо сум, галт хэрэгслийг зөвхөн манай цэргийн анги нэгтгэлүүд болон агуулахуудад нийлүүлж байна” гэж тэрбээр Сербийн армийн Ерөнхий штабын өргөтгөсөн хурлын дараа мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ А.Вучич Сербийн батлан хамгаалахын бүтээгдэхүүнийг борлуулах шинэ зах зээлийг хайна гэдгийг хэлсэн байна. “Манай цэргийн аж үйлдвэрийн цогцолборын захиалгын ачаар шууд 24 мянган хүн, шууд бусаар 50 мянга орчим хүн, гэр бүлийнхнийг нь хамтад нь тооцвол нийт 150 мянга орчим хүн амьжиргаагаа залгуулж байна. Би тэднийг орлогогүй, амьжиргаагүй орхихгүй” хэмээн тэрбээр онцолжээ.
Украины Зэвсэгт хүчинд зэвсэг нийлүүлж байна гэж ОХУ-ын эрх баригчид Серби улсыг удаа дараа буруутгасан юм.
Сербийн зэвсэг үйлдвэрлэгч компаниуд Киев рүү зэвсэг нийлүүлэхдээ хуурамч гэрчилгээ ашиглаж байна гэж Оросын Гадаад тагнуулын алба тавдугаар сарын сүүлчээр мэдээлээд үүнийг “Оросын ар нуруу хутга шаасан явдал” гэж нэрлэжээ. Үүний дараа Вучич хэрэв эцсийн хүлээн авагч нь Украин улс байх магадлалтай бол гэрээг мөрдөхгүй гэдгээ амласан боловч Серби улс зэвсгээ гадаад зах зээлд үргэлжлүүлэн борлуулна гэдгийг мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Орос ахаа хараад чацга алдсан бөлгөө. Яаг манай Х шиг