sonin.mn

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Төрийн ордонд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. 


Тодруулбал тэрбээр: "Манай яам Засгийн газрын хэмнэлтийн хүрээнд 600 гаруй алба хаагчийг цомхотгохоор байгаа. Нийслэлийн том байгууллагуудаас 242 хүн, нийтдээ 600 гаруй албан хаагчийг цомхотгоно. 


Миний хувьд Сангийн яам, ЗГХЭГ, Ерөнхий сайдад сумдад байгаа соёлын төвийн ажилтныг цомхотгох биш Улаанбаатарт байгаа яамдын ажилчдыг цомхотгоно гэдгээ илэрхийлсэн. Манай яам арван нэгэн газартай байсан одоо долоон газартай болсон. 


Одоогийн байдлаар дарга нарын тоог цөөлж, бүтцийн өөрчлөлт хийгээд явж байна. Төрийн албаны шалгуурт тэмцэх хүмүүс нь ажлаа хийгээд явна. 


Төсвийн хувьд зургаадугаар сарын 1-ээс өмнө 21 аймаг, 9 дүүрэгт 19 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдаж авах байсан боловч тендер нь цуцлагдаад худалдан авалт хийж чадаагүй учраас төсөв нь хураагдаж байгаа. Манай яам эхний байдлаар 18 хувиар төсвөө танасан. 


Өмнө нь ажиллаж байсан Ч.Номин сайдын хувьд энэ салбарт ажиллахдаа зөндөө олон зүйл хийсэн. Тийм учраас бид тэр хүний хийсэн ажлыг алдаа оноотой нь тодорхой хэмжээнд үнэлэх ёстой. Тэр хүнд сайн хийсэн ажлууд зөндөө байгаа" гэлээ.


Ж.Бат