sonin.mn

ПАРИС, 2026 оны гуравдугаар сарын 10 /RIA Novosti/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Европын орнууд Оросын уранаас хамааралтай хэвээр байгааг хүлээн зөвшөөрч, энэ хамаарлаас ангижрахын тулд нийлүүлэлтийг төрөлжүүлэхийг уриалжээ. “Оросоос хамааралт байдал одоо ч байгаа учраас бид саяхан зарим идэвхтний шүүмжлэлд өртлөө. Энэ үнэн. Гэхдээ дэлхийд үүнийг олборлордог өөр улс орнууд бий. Бид олон улсын хамтын ажиллагаанд оролцож, ураны нийлүүлэлтээ төрөлжүүлэх, аюулгүй байдлыг хангах, мөн хамаарлыг багасгах ёстой” гэж Францын Ерөнхийлөгч Э.Макрон Парист болсон цөмийн эрчим хүчний олон улсын дээд хэмжээний уулзалтын нээж үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Түүний хэлсэн үгийг Европын Комиссын цахим хуудсаар шууд дамжуулжээ.


Э.Макрон Франц болон Европын орнууд Оросоос хараат байдлаа багасгахад нь тусалж чадах орнуудаар Казахстан, Монгол, Узбекистан, Канад, Австрали улсуудыг дурдсан байна. 


Тэрбээр хэлэхдээ цөмийн эрчим хүч бол улс орнуудын бие даасан байдал, эрчим хүчний бүрэн эрхт байдлыг хангах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, мөн дэлхийн улс орнуудын эдийн засгийг өсгөх “түлхүүр” гэж тодорхойлсон байна. Макрон мөн Парист болох цөмийн бодлогын зөвлөлийн хурлаар Францын цөмийн салбарыг хөгжүүлэх шийдвэрүүдийг хоёрдугаар сард батлагдсан төрийн эрчим хүчний хөтөлбөрийн үндсэн дээр гаргана гэдгийг дурджээ. 


Тэрбээр цааш нь хэлэхдээ, улс орнуудын цөмийн аюулгүй байдлын байгууллагууд хамтран ажиллаж, тус салбарын стандартыг нэгтгэн уялдуулах шаардлагатай байгааг мэдэгджээ.


Францын ерөнхийлөгчийн хэлснээр, стандартчилал ба хамтын ажиллагаа нь Европын орнуудад цөмийн эрчим хүчний салбарт ажлын байр нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай байна. Бельги, Франц улсууд Оросоос уран импортлохыг хориглох заалтыг Оросын эсрэг 20 дахь багц хоригт оруулахыг эсэргүүцсэн гэж Welt сонинд өнгөрсөн оны 12 дугаар сард эх сурвалжуудыг эш татан мэдээлж байв.  




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг