sonin.mn
“Хүүхдийн тусламжийн утас-108” гэхээр эцэг эхчүүд, хүүхдүүд нэг үеэ бодвол маш сайн мэддэг болжээ. Гэсэн ч өнөөдрийн нийгэмд, та бидний амьдралд хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхэд гэмт хэргийн золиос болсон, хүчирхийлэлд өртсөн гэх хар бараан мэдээллүүд байсаар байна. Тиймээс нийгэмд илүү олон хүүхдэд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс “Хүүхдийн тусламжийн 108” утасны үйлчилгээний захирал О.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
 
 
ӨДӨРТ ДУНДЖААР 263 ДУУДЛАГА ИРДЭГ
 
-"Хүүхдийн тусламжийн-108 утас" хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр 24 цаг, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээллийг өгдөг. Ойрын өдрүүдэд ачаалал хэр байна. Өдөрт дунджаар хэдэн хүүхдээс дуудлага хүлээн авч байна вэ?
 
-"Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв" нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага, мэдээлэл, хүүхэд, эцэг эх, олон нийтэд хэрэгтэй зөвлөгөөг хүргэх утасны үйлчилгээг 24 цагийн турш хүргэдэг байгууллага юм. Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөх, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх дуудлага мэдээллийн дагуу холбон зуучлах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж байна.  Манайд ирдэг дуудлагыг зорилтот болон зорилтот бус дуудлага гэж ангилдаг. Өдөрт дунджаар 263 дуудлага ирдэг бөгөөд дуудлагад эзлэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуудлага өмнөх онуудаас өсөх хандлагатай байна. Дуудлага өсөх шалтгаан олон байдаг ч ихэнхдээ баяр ёслол, хүүхдийн мөнгө, халамж тэтгэвэр, цалин  олгох үеэр эрс нэмэгдэх жишээтэй. Хамгийн сүүлийн нэг жишээ бол цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжихтэй холбогдуулан Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон энэ сарын 8,9-ний өдөр хүүхдийн тусламжийн 108 утсанд 350-430 дуудлага ирсэн нь бусад өдрүүдээс 23 хувиар өссөн.
 
-Энэ утас маань үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, Монгол орны өнцөг булан бүрт байгаа 18 хүртэлх насны хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, шаардлагатай үед  хүүхдийг эрсдэлээс хамгаалах дараагийн шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг гэж ойлгодог. Сүүлийн үед хүүхдүүд 108 утас руу залгаад ямар зөвлөгөө мэдээллийг хүлээж авч байна вэ?
 
-Сургууль, цэцэрлэг орохгүй байгаатай холбоотой үе тэнгийнхний дээрэлхэлт, хүүхдүүд хоорондын харилцааны зөрчил, сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага харьцангуй бага байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагддаг байхад багшийн ёс зүйн зөрчил, үе тэнгийнхний дээрэлхэлт,  дарамт, үерхэл нөхөрлөл, гэрийн даалгавар, хичээлийн ачаалал гэх мэтчилэн сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотой дуудлага мэдээллийг хүүхдүүд манайд их мэдээллэдэг байсан. Харин сүүлийн үед гудамж, хорооны болон оршин суугчдын хүүхдүүд хоорондын маргаан, дээрэлхэлтийн дуудлага өсөх хандлагатай байна. Хүүхдүүдийн хувьд манай төвөөс мэргэжил сонголт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, харилцаа хандлага, сэтгэл зүйн үйлчилгээ, үе тэнгийнхний харилцаа, үерхэл нөхөрлөл, хүүхдийн эрх,  хөгжил, оролцоо, хүмүүжлийн эерэг аргуудын талаар зөвлөгөө, мэдээлэл авах нь өндөр болсон.
 
ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДДЭЭ ЦАГ ГАРГАХГҮЙ БАЙНА
 
-Ирж буй дуудлагын хувьд, мэдээж олон төрлийн тусламж үйлчилгээ байдаг байх. Яг  өсвөр насны хүүхдүүдийн хувьд гол төлөв ямар асуудлаар их хандаж байна вэ?
 
-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй маш эмзэг, тодорхойгүй байдаг гэдгийг хүн бүхэн, эцэг эхчүүд бүгд мэддэг.  Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ цаг гарган ярилцаж, харилцаж, ойлголцож төдийлөн чадахгүй байгаагаас үүдэн гэр бүлийн харилцааны зөрчил гардаг үүнээс  болж өсвөр насны хүүхдүүдийн хувьд сэтгэл санаа  тогтворгүй болох, сэтгэлзүйн хүнд хэлбэрийн эмгэгт өртөх цаашлаад амиа хорлох сэдэл төрсөн кейсүүд олон байдаг. Бусад орнуудад эцэг эх болгонд  долоо хоногт заавал хоёр удаа хоёр цагийн хугацаанд ч юм уу хүүхдүүддээ цаг гаргах, хүүхэдтэйгээ ярилцах үүргийг өгдөг, мөн хүүхдийн гэрийн даалгаварт иймэрхүү агуулга оруулж өгдөг сайн жишээ байдаг.
 
-Цар тахал, хатуу хөл хорионы дэглэм  өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгааг сэтгэлзүйчид анхааруулсаар байгаа. Энэ чиглэлээр хийсэн судалгаа, мэдээллүүд ч их гарч байна. Тухайлбал, ганцаардах, гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох гэх мэт асуудлууд цар тахлын өдрүүдэд хэр мэдрэгдэж байна?
 
-2021 оны I улирлын байдлаар ирсэн нийт дуудлагын 6.8 хувийг зөвлөгөө хүссэн дуудлага эзэлж байгаа нь эцэг эх, асран хамгаалагчид маань сүүлийн үед хүүхэд  хүмүүжлийн эерэг арга, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах тухай зөвлөгөөг сэтгэл зүйчээс авах нь нэмэгдэж байна. Энэ нь нэг талаар сайшаалтай, сайн мэдээ. Цар тахалтай холбоотойгоор хүүхдүүд гэртээ өдрийн бүх цагийг өнгөрүүлж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нар маань хүүхэдтэйгээ илүү ойлголцож, ярилцах завшааныг олгож байгаа.Гэтэл эцэг эхчүүд урдын адил хүүхдүүддээ цаг гаргахгүй байна.
 
-108 утсанд ирж байгаа дуудлагын хэдэн хувийг гэр бүлийн хүчирхийлэл эзэлж байна вэ?
 
-Тусламжийн утсанд ирдэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага  2018 онд 46 хувь байсан бол цар тахлын үед буюу 2020 онд 43 хувь байгаа нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед гэр бүлийн хүчирхийлэл нь далд хэлбэрт шилжих тохиолдолууд байна.
 
Хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийн ард ихэвчлэн гэр бүлийн харилцаа, үл ойлголцол, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэлтэйгээр хүүхдийг үл хайхрах, бие махбодийн хүчирхийлэлд өртүүлдэг. Үл хайхрах, бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийлэл гэж юу болохыг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй дутуу ойлголттой байдаг юм шиг санагддаг. Жишээ нь, Гэр бүлийн маргааны улмаас хүүхэд нь сэтгэл санаа, үл хайхрах хүчирхийлэлд  өртөсний улмаас хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж байдаг. Мөн хүүхдэд буруу зан үйл дадал болсоноор дараагийн хүчирхийлэл үйлдэгч болох эрсдэлтэйг эцэг эх, асран хамгаалагч нар маань ойлгох хэрэгтэй.
 
 -Хүчирхийллийн шинж чанартай, яаралтай тусламж хэрэгтэй дуудлага ирвэл ямар арга хэмжээ авдаг вэ. Ер нь өдөрт энэ төрлийн дуудлага хэр ирдэг вэ?
 
-Хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээлэл дээр  манайх тухайн хүүхдийн хороо, дүүргийн хамтарсан баг, харья дүүрэг, орон нутгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүдэд холбон зуучилж, нэн шаардлагатай дуудлагад хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг шуурхай дуудлагын баг маань түргэн шуурхай үзүүлж түр хамгаалах байруудад холбон зуучилдаг.
 
 
 
Хүүхэд хамгааллын дуудлагын хамгийн өндөр хувийг хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэр дотроо үл хайхрах хүчирхийлэл, бие махбодийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл эзэлдэг энэ гурван хүчирхийлэл нэг хүүхдэд дандаа нэгэн зэрэг үйлдэгдсэн байдаг тул хүүхэд хүчирхийллийн олон хэлбэрт өртөж байна. 
 
 
 
-“Хүүхдийн тусламжийн утас-108” дээр ямар мэргэжлийн хүмүүс зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг юм бол?
 
-Манай байгууллагатай яг адилхан чиг үүрэгтэй байгууллага дэлхийн ихэнх орнуудад байдаг. Бид бүхэн олон улсын Хүүхдийн тусламжийн утас ямар байх ёстой яг түүн шиг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг хүргэж ажиллахыг эрхэм зорилго болгон ажиллаж байна. Манай 108 дугаарт  ирж байгаа  дуудлага бүр мэргэжлийн үйлчилгээг бид бүхнээс шаарддаг учраас мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, гэр бүл судлаачид гэх мэт мэргэжилтнүүд ажилладаг.
 
-Эцэст нь, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө авья. Хүүхдийн эрүүл аюулгүй байдалд хамгийн түрүүнд санаа тавьж, айдасгүй, аз жаргалтай орчныг бүрдүүлэх үүрэг нь ээж, аавуудад байдаг. Тиймээс эцэг, эхчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ. Анхаарах зүйлс юу байна?
 
-Эцэг эхчүүд хүүхдийн суурь хэрэгцээнд илүү анхаараад сэтгэлзүйн асуудлуудад  нухацтай хандаж, хүүхдүүдээ ойлгож ярилцаж чадахгүй байна.
 
 
 
 
Эцэг эхчүүд, хүүхдийн албан ёсны харгалзан дэмжигчид  хүүхдийнхээ өмнө тулгамдаад байгаа сэтгэлзүйд асуудлуудыг олж харж, мэдэрч асуудалтай нь тулж ажиллах нь хамгийн чухал мөн дан ганц эцэг эх гэлтгүй анги удирдсан багш, сургуулийн нийгмийн ажилтнууд энэ асуудалд илүү анхаарч ажиллах шаардлагатай байгааг чухалчлах хэрэгтэй.
 
 
 
Манайд цахим дарамт, цахим донтолт, цахим гадуурхалтай холбоотой мэдээлэл ирэх нь ихэсч байна. Цахимаар мөрийтэй тоглож мөнгө алдах,  цахим хаягаа бусдад алдах, гүтгүүлж доромжлуулах,  зураг, бичлэгээ алдах түүнээсээ болоод дарамтад өртөх, сэтгэл зүйн хямралд өртөх, ямар нэгэн сэтгэлзүйн эмгэгтэй болох, хүүхдийн эсрэг хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөх магадлал өндөр цаг үед яг одоо байгааг анхаарах хэрэгтэй байна. Хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавихгүй бол маш олон сөрөг үр дагавар үүснэ. Үүнээс болоод амиа хорлох сэдэл тухайн хүүхдэд төрдөг болсон тохиолдлууд олон гарч байгааг гэдгийг дахин хэлмээр байна. Таны хүүхдийг цахимаар өөр хүн хүмүүжүүлж байх вий гэдгээс сэргийлээрэй. 
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин