sonin.mn
Монгол Улсын нэр бүхий иргэд Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин Сайдын Яамны өмнө жагсаал хийн, Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суух элчин сайдаар томилогдож буй Лу.Болдыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Тэд Л.Болдыг эсэргүүцэж буй шалтгаанаа: " Ямар учраас ХБНГУ-ын ЭСЯ-ы өмнө энэ хүнийг эсэргүүцэж жагсаж байгаа юм бэ гэхээр ХБНГУ-ын Элчин Сайд нь Лу.Болд гэдэг хүнтэй маш дотно найз. Тийм учраас Лу.Болд найзыгаа ямар хүн бэ? гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Мөн Лу.Болд зэвсэг наймаалж, 300,000 доллар авсан гэдгийг эрх бүхий хүн мэдэгдэж байсан. Энэ мөнгө авсан үйлдэл нь Өмнөд Солонгос болон Япон Улсын аюулгүй байдалд заналхийлсэн, терроризмыг дэмжсэн үйлдэл боллоо гэж хардаг. Ийм асуудалтай хүнийг яагаад заавал НАТО-г хариуцдаг улс руу Элчин сайдаар явуулах гэж байгаа юм бэ? Өөр улс руу явуулж болдоггүй юм уу? Зэвсэг худалдаалсан асуудал нь худлаа байгаад, заавал Элчин сайд болох ёстой юм бол Хойд Солонгос руу явуулж болдоггүй юм уу?
 
Монгол Улс бол НҮБ-ын гишүүн орон. Гишүүнийхээ хувиар Хойд Солонгосын эсрэг тавигдаж байгаа бүх арга хэмжээнд оролцох ёстой байтал тэдэнд зэвсэг худалдаална гэдэг нь терроризмыг дэмжиж байна гэсэн үг. Энэ бүх үйлдэл нь Л.Болд бол Монгол Улсын төлөө биш, зөвхөн өөрийнхөө төлөө, мөнгө олохын төлөө л явдаг гэдгийг харуулж байна.
 
30 жил ардчилал ярьчихаад ,АН-аа нурааж, өөрийнхөө банкинд санхүүжилт авч, намаа худалддаг ийм хүн Монгол Улсыг Европд төлөөлөх эрхгүй. Тэнд маш олон Монголчууд байгаа. Тийм учраас энэ хүнийг эсэргүүцэж байна. Эсэргүүцлээ бүх шатны байгууллагад бичгээр өгч байгаа. Хэрэв Элчин сайдаар томилогдоод очвол Европт байгаа маш олон Монголчууд эсэргүүцнэ. Монголд болж байгаа үзэл бодлоо илэрхийлж байгаа асуудал тэнд жагсаал болж өрнөнө. Энэ бол цаг хугацааны л асуудал. АНУ-д томилогдох гэж байгаа, Бельги улсад томилогдох гэж байгаа элчин сайдуудыг хар. Ийм хүмүүсийг явуулж болохгүй шүү дээ. Яагаад дипломатчидаа явуулж болохгүй байгаа юм? Маш олон залуучууд, ТББ бидэнтэй нэгдсэн байгаа. Терроризмыг дэмждэг, мөнгө авдаг ийм хүнээр Монгол төрийг төлөөлүүлээп, ялангуяа НАТО-той хамгийн ойр харьцдаг Бельги улсад явуулах хүсэлгүй байна." хэмээн тайлбарласан юм.
 
М.Чойжал