сонин mn
АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 2015 оны сүүлчийн өдөр “Шинэ шивээ” компанид Говьсүмбэр аймаг дахь хүрэн нүүрсний “Хүрэн дух”, “Шивээ-2” гэх нэртэй ашиглалтын лицензүүдийг өгсөн. Энэ нь Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумдын иргэд, аж ахуйн нэгжүүдийг өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, төмөр замын хамгаалалтын зурвас, Шивээ овоогийн ордтой бүхэлдээ давхацсан байдаг. Гэхдээ “...Ашигт малтмалын хуулийн дагуу тухайн үеийн орон нутгийн удирдлагууд зөвшөөрөл өгсөн тодорхойлолт гаргаснаар уг лицензийг олгосон” гэх тайлбарыг АМГ-аас өгсөөр иржээ. Энэ бол “арьсаа хамгаалсан” тайлбар гэдгийг хаана хаанаа ойлгож буй. 
Хамгийн гол нь  тэр үеэс хойш орд газар, төмөр замынхан, хамгийн гол нь Шивээговь сумынхан газраа “суллаж” авахаар хөөцөлдөж байгаа ч өнөө хэр нь үр дүнд хүрээгүй байгаа юм.
 
 
 
“...Үндсэн хуулиар олгогдсон үндэсн эрхүүдээ алдлаа” гэж төрийн субьектуудэд хандаад ч “Шинэ шивээ”-г дийлэхгүй байгаа ажээ.
 
 
 
Тэр завсарт уг лицензүүд гар дамжиж явсаар гадаад улсын мэдэлд оччихоод байна.
Анх алдарт “Шинэ шивээ” ХХК-ийн нэр дээр гарсан лицензүүд ердөө дөрвөн сарын дараа буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “Эйкүсора” хэмээх компанийн нэр дээр шилжсэн. 
Албан ёсны бүртгэлийн мэдээллээс харвал “Шинэ шивээ” ХХК /2858096/ гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гадаадын хөрөнгө оруулалттайгаар 2005 оны арванхоёрдугаар сарын 30-нд байгуулагджээ. Захирал нь Дэчинлхүндэвийн Төрболд гэж тэмдэглэгдсэн байна. Энэ компанийн эзэмшигч буюу толгой компани нь “Эйкүсора” аж. Тус компанийн захирал нь мөн л Дэчинлхүндэвийн Төрболд гэж тэмдэглэгджээ. Өөрөөр хэлбэл, “Шинэ шивээ”-гийнхэн дээрх хоёр лицензийг авангуутаа толгой компанидаа шилжүүлсэн гэсэн үг.
Тэгвэл “Эйкүсора” ХХК-ийг бас нэг компани эзэмшдэг. Тэр нь Хонгконгийн “Cornerstone marketing asia limited” /Хонгконг дахь бүртгэлийн дугаар 1925446/ компани юм байна.  Энэ компани 2013 оны зургадугаар сарын 19-нд Хонгконгод бүртгүүлж байгуулагдсан.
“Cornerstone marketing asia limited”-ийн хувьцааг Хонгконгийн “Atila limited” /Хонгконг дахь бүртгэлийн дугаар 2876166/, “Yuda tool and plastic technology limited” /Хонгконг дахь бүртгэлийн дугаар 2876165/, “Salt Investment Holding Limited” /Хонгконг дахь бүртгэлийн дугаар 2876164/, “Wind Chaser Technology Limited” /Хонгконг дахь бүртгэлийн дугаар 2876163/, “HK Dinglongtai trading limited” /Хонгконг дахь бүртгэлийн дугаар 2876162/, “Top Yield Group Co., Limited” /Хонгконг дахь бүртгэлийн дугаар 2876160/, “Qtouch group Co.,Limited” /Хонгконг дахь бүртгэлийн дугаар 2876159/, “Bridge renewable limited” /Хонгконг дахь бүртгэлийн дугаар 2876157/, “Collective enterprise limited” /Хонгконг дахь бүртгэлийн дугаар 2876157/ зэрэг компаниуд эзэмшдэг байна.
 
 
Хонгконгийн “Cornerstone marketing asia limited” компани ингэж “Шинэ шивээ”-гээр лиценз авахуулж, “Эйкүсора”-гаар дамжуулан Монгол Улсын стратегийн ордыг бүхэлд нь, мөн төмөр замын хамгаалалтын зурвас, Говьсүмбэр аймгийн хоёр сумын газрыг хашсан 22505.84 гектар талбайг эзэмшиж байна гэсэн үг.
 
 
Тэрчлэн манай улсын “Эрдэнэс Монгол” компани хоёр жилийн өмнөх тайландаа “...Өнгөрсөн гурван жилд “Эрдэнэс Монгол” компани хөрөнгө оруулалтын багцаа өргөжүүлж янз бүрийн салбарыг хамарч ажиллах болсны дотор уул уурхай, газрын тос, байгалийн хий, түлш үйлдвэрлэл, металл боловсруулалт, зочид буудал, зам засвар, ган төмөрлөг, эрчим хүчний үйлдвэрлэл, санхүүгийн салбар руу орсон байна. Одоогоор дор хаяж 15 охин болон хараат компани байгуулаад байгаа бөгөөд таваас доошгүй аж ахуйн нэгжид цөөнх хувьцаа эзэмших болжээ. “Эрдэнэс Монгол”-ын томоохон хөрөнгө оруулалтуудын нэг нь “Эрдэнэс Шивээ Энержи”. Үүний 50 хувийг “Эрдэнэс Монгол”, 50 хувийг Хонконгийн “Эйкүсора” компани эзэмшдэг бөгөөд БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээний корпорацтай хамтран 5280 МВ хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөж байна” гэж бичсэн байна. 
Энэ талаас нь харахад  Хонгконгийн “Cornerstone marketing asia limited” компани Монголд бүртгэлтэй “Эйкүсора” компаниараа дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэвч дээр дурдсан хоёр лицензийг Монголд нэгэн зартай нөхөр “эзэмшиж”, “...Лицензэд хамрагдсан талбай дахь газрыг суллаж өгөх” тохироогоор том мөнгөн дүн, ашигтай гэрээний наймаа ярьж явах болжээ.
 
 
Үргэлжлэл бий...
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин