сонин mn
“ГАЗРЫН НАЙМАА”-г ганзагын худалдаа шиг болгож, “ГАЗРЫН МАФИ”-ийн сүлжээ болгосон Нийслэлийн Газрын Албаныхан улс төрчидтэй нэгдэж, зарим шүүгчидтэй хамсаж бульхай луйвраа нууж ирснийг барилгын салбарынхан ярьдаг. Энэ “бул хар чулуу шиг гүн намагт шигдсэн” луйврыг “будилаантай шүүгчдийн буруутай шийдвэр”-ээр өнгөлөн далдалсаар ирснийг таслан зогсоох цаг болжээ.
 
Төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааг шүүх, хуулийн байгууллагынхан үгсэн хуйвалдсанаас болж, ард иргэд, ААН-үүд эд хөрөнгө, хөрөнгө мөнгө, сэтгэл санаа, цаг хугацаагаар хохирч байгаагийн хамгийн тод жишээ бол “Богд Асар” ХХК юм. Ямар сайндаа “Богд Асар” ХХК-ийн захирал Д.Анхжаргал “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”-оор дамжуулан “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа” гэж хаягласан ил захидал илгээж, нийгэмд шударга ёсыг тогтоож өгөхийг хүссэн байх вэ? Тус компани 25,0 га газраа “Туурайн төвөргөөн” гэх сүржин нэртэй даржин компанийнханд хэрхэн луйвардуулж, шүүх хуулийн байгууллагын үүдийг сахисаар 14 жилийн хугацаа өнгөрсөн тухай бичсэн байв. Энэ бол төрд ажиллаж буй ”цагаан захтнууд”-ын гаршиж баяжсан зөвхөн нэг салбар ГАЗРЫН АЛБА гэж ойлгож болно. Шударгаар хөдөлмөрлөж, улс орны хөгжилд нүдэнд харагдаж, гарт баригдахуйц бодит бүтээн байгуулалт хийдэг хүмүүс бол БАРИЛГЫН САЛБАРЫНХАН. Гэтэл тэдний ариун цагаан хөдөлмөрийн үр шимээр бий болгосон хөрөнгө мөнгө, эд баялгийг татварын мөнгөөр цалинждаг төрийн албаныхан улс төрчдийн гар хөл болж, будилаантуулж чаддагийг сэтгүүлч Б.Галааридын бичсэн нийтлэлүүдэд тодорхой бий.
 
НЗД-ын 2007.10.23-ны өдрийн 511 тоот захирамжаар ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байрлах 25,0 га газрыг эзэмшихдээ “Богд Асар” ХХК нь Дуудлага худалдааны үнэ 3.3 тэрбум төгрөгийг төлж, хуулийн хүрээнд бүх асуудлыг жин тан болгосон байдаг. Улмаар НЗД-ын 2013 оны А/975 тоот захирамж, хугацааг сунгасан 2018 оны А/878 тоот захирамжуудаар тус тус баталгаажуулсан тухай баримт байдаг.
НЗД С.Батболд 2018 онд А/878 тоот захирамж гарган “Богд Асар” ХХК-ийн 25,0 га газрыг анхны байршилд нь баталгаажуулсан байтал “Туурайн төвөргөөн” ХХК А/878 тоот захирамжийг гарсан өдөр нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан байдаг.
 
 
Нэхэмжлэлийг “Туурай төвөргөөн” ХХК-ийн захирал Ж.Бямбабаатарын найз гэгддэг шүүгч Н.Долгорсүрэн өөр дээрээ авч хэрэг үүсгэн, А/878 тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гаргасан удаатай. Улмаар шүүгч Н.Долгорсүрэн НЗД С.Амарсайхан, “Туурайн төвөргөөн” ХХК-ийн хүсэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд “Богд Асар” ХХК-ийн эрх ашиг хохирсоор байтал давж заалдах эрхгүй болгосон нь хачирхалтай.
 
 
Түүгээр зогсохгүй НЗД С.Амарсайхан А/878 тоот захирамжийг хүчингүй болгох тухай “Туурайн төвөргөөн” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгийг гэнэт хийж өгснийг тухайн үеийн Газрын Албаныхан мэдээгүй өнгөрсөн гэдэг. Энэ тухай Газрын Албаныхан шүүхэд өөр тайлбар өгч байсан удаатай. Жишээ нь, “Туурайн төвөргөөн” ХХК-д бусдын газрыг авч өгөх ажиллагаанд оролцсон зарим шүүгчдийг нэр ус, албан тушаалтай нь дэлгэрэнгүй өгүүлье.
 
“Богд Асар” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд шүүгч О.Оюунгэрэл хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч “Туурайн төвөргөөн” ХХК-иас хуульд заасан үндэслэлгүйгээр шүүгч О.Оюунгэрэлээс татгалзсаныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн хүлээн авч, хэргийг шүүгч М.Батзориг руу шилжүүлсэн. Энэ ажиллагаанд тус шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн /”Туурайн төвөргөөн”ХХК-ийн захирал Ж.Бямбабаатарын найз гэгддэг/ маш идэвхтэй оролцсон. Шүүгч Н.Долгорсүрэн “Туурайн төвөргөөн” ХХК-иас орон сууцны байр авсан асуудал ч бас яригддаг. “Богд Асар” ХХК шүүгч Н.Долгорсүрэнгээс гурван удаа татгалзсан боловч Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн хүлээж авдаггүй бөгөөд заавал шүүгч Н.Долгорсүрэнгээр шүүлгэх даалгавартай юм шиг нөгөөх шүүгч Н.Долгорсүрэн нь буцаад ороод ирдгийг юу гэж ойлгох вэ?
 
Шүүгч Н.Долгорсүрэн дээр хэрэг үүсгэн хэлэлцэж байх үед “Богд Асар” ХХК хүсэлт гаргаж, хэвлэл мэдээллийнхнийг оруулж, НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛ хийхийг хүссэн боловч хүлээж аваагүй. Аргаа барахдаа НЗХАШШ-ээс татгалзсан боловч бас хүлээж аваагүй. Гэтэл тус компанийн хэрэг маргаан ёс юм шиг НЗХАШШ-ийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн болон шүүгч Ц.Одмаа, Д.Чанцалням, Ц.Халиун нар дээр тогтмол оччихдог. Харин ЗХДЗШШ-д ерөнхий шүүгч Д.Батбаатар болон шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нар зөвхөн хүлээж авдаг бичигдээгүй хуультай болчихсон.
 
 
Шүүгч Н.Долгорсүрэнд хүсэлт гаргаж, Нийслэлийн Газрын Албаны давхарт байрлаж буй шилэн самбар бүхий хотын ерөнхий төлөвлөгөө, хороодын хил хязгаарыг харуулсан зургийг газар дээр нь очиж, үзлэг хийж өгөхийг хүссэн боловч есөн сарын хугацаанд ер очоогүй. Гэтэл гэнэт нэг өдөр шүүгчийн туслах нь ярьж, маргааш үзлэг хийхээр болсон тухай хэлсэн байдаг. Маргааш нь Нийслэлийн Газрын Албаны нөгөө самбар дээр яваад очтол урд шөнө нь самбарыг сольчихсон байх жишээний.
 
 
Үүнийг Газрын Албаны хэн нь ч мэддэггүй гэж мэлздэг. Энэ самбар дээр хуучин ХУД-ийн 10-р хороо, 6,7-р хорооны хил хязгаар тов тодорхой байсныг гэрчлэх улс цөөнгүй. Гэтэл шүүгч Н.Долгорсүрэн гэгч Газрын Албаныхантай нийлж, ийм хуудуутай бульхайтай бохир үйлдэл хийж, “Туурайн төвөргөөн” ХХК-ийг улайм цайм дэмждэг нь ийнхүү ил болсонд “Богд Асар” ХХК-ийн хамт олон эгдүүцэж байгаагаа илэрхийлэв. Гэтэл “Туурайн төвөргөөн” ХХК шүүгч О.Оюунгэрэлээс татгалзахад О.Оюунгэрэл шүүгч нь өөрөө татгалзаад гарчихсан тохиолдол бий. Шүүгчид нь ийм будилаантай байхаар иргэд, олон нийт шүүхээс яаж ч шударга зөв шийдвэр хүлээж суух билээ гэх гашуун бодол төрөв.
 
1. Шүүгч М.Батзориг 2016.02.05-ны өдөр гаргасан 0113 тоот шийдвэртээ: “Богд Асар” ХХК НЗД-ын 2007.10.23-ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” 511 дүгээр захирамжаар ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байрлах 25,0 га газрыг эзэмшүүлсэн байна.” Харин “Туурайн төвөргөөн” ХХК-д НЗД-ын 2006.11.17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх, шинээр баталгаажуулах тухай” 568 тоот захирамжаар ХУД-ийн 6,7 дугаар хороонд байрлах 140,0 га газрыг “Морин спортын” зориулалтаар эзэмшүүлсэн байна.
 
Дээрх үйл баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд “Туурайн төвөргөөн” ХХК-д маргаан бүхий газрыг цаг хугацааны хувьд түрүүлж эзэмшүүлсэн байна.” гэсэн дүгнэлтийг хийж, хоёр өөр байршилд байгааг мэдэж бичсэн атлаа хоёр компанийн газрыг зориудаар давхцуулж, 2006 онд эзэмшсэн гэсэн үндэслэлээр “Богд Асар” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
2. Энэ шийдвэрийг “Богд Асар” ХХК-иас Давж заалдах гомдлыг шүүхэд гаргасан. Хэргийг шүүгч О.Номуулин, Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн /илтгэгч шүүгч/ нар шийдвэрлэсэн. Шүүхээс 221/МА2016/0251 тоот магадлал гаргасан. Магадлалыг Э.Лхагвасүрэн дараах дүгнэлтийг бичсэн. “Хэдийгээр “Туурайн төвөргөөн” ХХК-д газар эзэмшүүлсэн НЗД-ын захирамжид тус дүүргийн 6,7 дугаар хороо гэж заасан ч Яармаг дахь хүн амын суурьшил ертөнцийн зүгээр анхнаасаа замын хойд талд үүссэн болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд гэр хороолол бүхий энэ хэсэгт бусдад эзэмшүүлэх 140,0 га газар байхгүй болох нь хэрэгт авагдсан хороодын байршлын зурагт тусгагдсанаар хангалттай нотлогддог. Эзэмшүүлсэн газрын зориулалтыг ч Морин спорт гэж бодит байдалд Яармагийн замын урд талд олон арван жилийн турш морь барианы газар, хуучны морин тойруулга байсан, мөн замын урд талын газар инженерийн ямар нэгэн шугам сүлжээнд холбогдоогүйгээс шалтгаалж, тэнд хот төлөвлөлт хийгдээгүй, тийм учраас морин спортын зориулалтаар тухайн газрыг гуравдагч этгээдэд /”Туурайн төвөргөөн” ХХК/ олгожээ гэх бүрэн үндэстэй” гэж дүгнээд “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газрыг ХУД-ийн 10 дугаар хороонд олгохыг үүрэг болгосон.
 
“Богд Асар” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ, нэхэмжлэлд байхгүй, хурал дээр яригдаагүй “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газрыг олгох шийдвэр гаргасан.
“Туурайн төвөргөөн” ХХК-нд ХУД-ийн 6,7 дугаар хороонд олгосон 140,0 га газрыг Яармагийн замын урд тал руу зөөхийн тулд дээр дурдсан дүгнэлтийг зохиож бичсэн. Тухайлбал, Яармагийн замын урд талд олон жил морь уралдсан, морин тойруулга байсан, төлөвлөлт хийгдээгүй гэх мэтээр зохиож бичсэн.
Энэ магадлалыг “Богд Асар” ХХК-иас УДШ-д хандаж гомдол гаргасан. Хурлыг шүүгч М.Батсуурь даргалж, Л.Атарцэцэг илтгэсэн. Хурлаас 2016.06.22-ны 216 тоот тогтоол гарч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Шүүгч М.Батсуурь, Л.Атарцэцэг нар тогтоолыг үндэслэлтэй болгож харагдуулахын тулд хурал дээр яригдаагүй, үндэслэлгүй дүгнэлтүүдийг зориуд бичсэн. Тухайлбал, “Богд Асар” ХХК-д 2007 онд 25,0 га газар олгосон 511 тоот захирамжийг 2013 оны А/975 тоот захирамжаар хүчингүй болгосон гэв. Гэтэл А/975 тоот захирамж нь “Богд Асар” ХХК-ийн 2007 онд олгосон газар эзэмших эрхийг баталгаажуулсан. 2011 онд “Туурайн төвөргөөн” ХХК-д 908 тоот захирамжаар 140,0 га газар олгох үед 2007 оны 511 тоот захирамжаар олгогдсон 25,0 га газрын эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байсан.
“Богд Асар” ХХК-д газар эзэмшүүлэхдээ байршлыг Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд гэж өөр байрлал заажээ. “Богд Асар” ХХК-ийг кадастрын зураг хийлгээгүй, “Туурайн төвөргөөн” ХХК-ийн 6,7 дугаар хороонд олгосон газартаа давхцуулсан гэх мэтээр илэрхий худал дүгнэлт хийсэн. “Богд Асар” ХХК-ийн газрын кадастрын зургийг Газрын албаны Ц.Сандуй /жаран тэрбумын схем зохиогч гэгддэг/, Н.Лхагвасүрэн, Б.Шижир нар 2011 онд 908 тоот захирамж гаргахдаа устгасан, /АТГ-аас томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/ “Богд Асар” ХХК-ийн газрын маш тодорхой байршлыг өөр байршил гэх мэтээр бичсэн. Энэ бүхэн нь шүүгчдийн “Туурайн төвөргөөн” ХХК-ийн ХУД-ийн 6,7 дугаар хороонд 2006 онд олгогдсон газрыг ХУД-ийн 10 дугаар хороонд болгон “Богд Асар” ХХК-ийн 25,0 га газрыг булаан авч байгаа зориудаар хийсэн “АВЛИГАД ИДЭГДСЭН ҮЙЛДЭЛ”.
 
“Богд Асар” ХХК-иас НЗД Г.Мөнхбаярын “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газар нууцаар олгосон 2011 оны 908 тоот захирамжийг илт хууль бусад тооцуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Шүүгч Ц.Одмаа хүлээн авахаас татгалзсан /2019.03.07-ны 128/ШЗ2019/1573 тоот захирамж/. Хуулийн тодорхой үндэслэл заалгүйгээр нэхэмжлэлээр хэрэг үүсгэхгүй гэсэн. “Богд Асар” ХХК Ц.Одмаагийн захирамжид гомдол гаргасан. Гомдлыг шүүгч Э.Лхагвасүрэн давж заалдах шатны хуралд илтгэж хэлэлцүүлэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн /2019.03.27-ны 221/ШТ2019/0189 тоот тогтоол/ “Богд Асар” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэхгүй болгосон. “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газар олгосон НЗД-ын хууль бус үйлдлийг хяналтгүй болгон хаацайлсан. Энэ 140,0 га газар нь “Богд Асар” ХХК-ийн 25,0 га газар, бусад найман иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газартаа давхцаж байгаа зэрэг болно.
ЗХДЗШШүүх шүүгч Н.Долгорсүрэнгийн гаргасан дээр дурдсан тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэх шийдвэрийг гаргасан. Хэргийг шүүгч Ц.Одмаа хүлээн авч, хэргийг хэлэлцэлгүйгээр шүүгч Н.Долгорсүрэнтэй утга нэг захирамж /2021,07,29-ний 128ШШ2021/0501 тоот захирамж/ гарган “Богд Асар”ХХК-ийг давж заалдах эрхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. “Богд Асар” ХХК-иас НЗД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Батбаясгалангийн “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газар олгосон А/1055 тоот захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гурван удаа гаргасан. Тухай бүрд шүүгч Д.Чанцалням нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлгүй гэж хүлээн авахаас татгалзсаар байна. Давж заалдах шатны шүүх Д.Чанцалнямын гаргасан захирамжийг хоёр удаа хүчингүй болгосон. Тэрээр энэ үйлдлээ давтан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. НЗД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Батбаясгалангийн олгосон гэх 140,0 га газар бодит байдал дээр байхгүй. Учир нь, “Туурайн төвөргөөн” ХХК-ийн 5,0 га газрыг нь “Майн мон сорс” ХХК-д худалдсан, одоо барилга баригдсан, 40,0 орчим га газрыг тусгайлан хашаалсан, 15,0 га газрыг НЗД С.Амарсайханы туслах н.Бат-Оргил гэгч тусгайлан кадастр хийлгээд бусдад 1,0 га газрыг 1.2-1.3 тэрбум төгрөгөөр үнэлэн худалдах санал тавиад явж байгаа баримт бас бий. Хамгийн харамсалтай нь “МОНГОЛЫН ШҮҮХ ШУДАРГА БАЙЖ ЧАДААГҮЙ!!!” гэдэг дээрх үйл баримт харуулдаг. Харин ч ”Богд Асар” ХХК-ийн маргааныг дагнан хариуцдаг “тусгай томилогдсон шүүгчид” болох ЗХАШШ-ийн шүүгч Ц.Одмаа, Д.Чанцалням, Ц.Халиун, ЗХДЗШШ-ийн шүүгч Э.Лхагвасүрэн, Н.Долгорсүрэн нар байдаг нь энэ хоёр компанийн хооронд үүссэн газрын маргаантай холбоотой олон жилийн ЗАРГААС тодорхой харагддаг.
 
 
Нэг зүйлийг гайхаад барахгүй юм. Хөндлөнгийн хүн уншаад учир шалтгааныг олчихмоор ийм хэрэгт Анхан болон Давж заалдах шатны шүүхийн зарим шүүгчид улайм цайм нэг талыг барьсан, тухайн “Туурайн төвөргөөн” ХХК-тай холбоотой хэрэг маргааныг хэт өмчилж авах гэж улайрсан, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг үүсгэсэн хандлагыг гаргасан харагддаг.
 
 
Газрын Албаныхан улс төрчидтэй халаас нэгтэй, зарим ёс зүйгүй шүүгчидтэй хамсан иргэд, ААН-ийг луйварддаг “ГАЗРЫН НАЙМААГ ГАЗРЫН МАФИЙН СҮЛЖЭЭ” болсон төрийн албан хаагчидтай хариуцлага тооцохыг хүсэж байна. Улс орны хөгжлийн тээг тушаа, болсон авлига, хээл хахуулийг цэцэглүүлж, өөрсдөдөө ашигтайгаар шийдүүлдэг хууль бус луйврыг таслан зогсоохгүй бол тэнд үүссэн хор уршиг, үр дагаврыг мөнгөн дүнгээр тооцоолоход бэрх. Үгээ нэгтгэж үгсэн хуйвалдаж, гэмт үйлдлээ нууж хаацайлахад тус болдог “БУДИЛААНТАЙ ШҮҮГЧДИЙН БУСАРМАГ ҮЙЛДЭЛ”-ийг баримт факттай дурдахад ийм байна. Шүүгчийн гаргасан шийдвэр шударга ёсыг хангаж гэмээнэ нийгэмд ёс зүй, үнэт зүйл оршин тогтнох учиртай. Гэтэл ийм тодорхой баримт сэлт байсаар атал “Богд Асар” ХХК-ийн алдсан 14 жилийн цаг хугацаа, эд хөрөнгө, мөнгө төгрөг, сэтгэл санааны хор хохирлыг хэн ч барагдуулахгүй сунжруулсаар ирсэн нь харамсалтай. Хүний тэсвэр тэвчээр барагддагтай адил эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна гэж итгэсээр ирсэн “Богд Асар” ХХК-ийн хувьд одоо бүх зүйлд цэг тавихаар сэтгэл шулууджээ. Удахгүй шударга бус байдлыг зогсоож, зөрчигдсөн эрх ашгийг сэргээхгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ “Богд Асар” ХХК-ийнхан илэрхийлж байна.
 
 
Сэтгүүлч М.Эрдэнэчимэг