sonin.mn

 

Оросын их найрагч В.Маяковскийн шүлэглэн хэлдэгчилэн "Намайг хамгаалах манай цагдан сэргийлэх..." цагдаа иргэдийн амгалан тайван байдлыг хангах үүргээ нийслэл, дүүрэг, аймаг, сумын цагдаагийн газар, хэлтэс, гудамж, ОСГ-ны хороодын цагдаа нараар гүйцэтгэдэг.
 
 
Гэтэл сүүлийн жилд энэ байдлаа өөрчлөхийг зорьж "Иргэдэд үйлчлэх төв" байгуулж байна. 2-3 давхар, шилэн барилга бүхий ийм төвийг, хотын төвд Хүүхдийн 100-гийн гудамжинд барьсаныг Та хажуугаар нь өнгөрөхдөө анзаарсан байх. Нэг ийм барилга барихад төсвөөс 40 сая төгрөг гарч байна.
 
 
Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт "Драгон" төвийн хажуу дахь Автовокзал, Баянзүрх дүүрэгт Амгаланд барьсан. Нийтдээ 200 сая гаруй төгрөг зарцуулаад байна. Нэмж баригдахтай нь нийлээд тэрбум төгрөг болох нь. Энэ бол зөвхөн барилгын зардал нь.
 
 
Дээр нь иж бүрэн камержуулалтын систем, шууд удирдлагын холбоо харилцааны хэрэгсэл зэргийн өртөг нэмэгдэнэ. Ихэнх цагт эл хуль харагдах энэ төвүүдийг барих шаардлага бий эсэхэд иргэд эргэлзэж байна. Учир нь иргэд хэрэг төвөг гарлаа гэхэд ОСГ-ны хорооныхоо цагдаад ханддаг.
 
 
Ихэнхдээ хэрэг зөрчлийг дүүргүүдийн Цагдаагийн газар дээр дуудагдан шийдэгддэг. Ийм нөхцөлд хайран хөрөнгө гаргах хэрэг байж уу. Уг нь зарлага ихтэй, үйлчлүүлэх хүн багатай ийм төвийг баригдахаас өмнө олон нийтээр хэлэлцэж, хэвлэл мэдээллээр "сурталчлах" учиртай.
 
 
Гэвч яах ийхийн зуургүй татвар төлөгчдийн хөрөнгөөр данхайсан гоё шилэн барилга баригдчихсан нь манайд төсвийн зарцуулалт олон нийтэд түгээмэл ил тод бус, хүртээмжгүй байгааг харуулна. Тэрбум төгрөг гэдэг хэд хэдэн ЖДҮ байгуулчих хөрөнгө. Монголд цагдаагийн газар биш үйлдвэрлэл хэрэгтэйсэн... уг нь.
 
 
Эх сурвалж: “Бизнес таймс”