sonin.mn
Оюутолгойн алт, зэсний баяжмал урд хөршөөр экспортлогдоод тодорхой хугацаа өнгөрч байна. Баяжмалыг зөөвөрлөж буй машины тоог удахгүй нэмэгдүүлэх гэнэ. Одоогийн байдлаар долоо хоногийн бүтэн сайн өдөр нь амарч бусад зургаан өдөр нь ачаатай машины цуваа урд хилээр хөвөрнө.
 
Нэг цуваанд 16 машин, машин тус бүрт 32 тонн буюу 16 шуудай баяжмал ачдаг байна. Оюутолгойгоос 100 гаруй км зам туулж Ганц модны боомтоос урагш 6км-т ачаагаа буулгана. Тээврийн ажилд нийт дөрвөн компани ажиллаж байгаа. 
 
Тээврийн компаниудын ажилчдын ажил, амралтын хоног нь өөр байх. Зарим нэг компани нь ажилчдаа 48 хоног ажиллуулаад 12 хоног амраадаг. Үүнд жолооч нар сэтгэл дундуур явдгаа илэрхийлсэн юм.
 
Амралтынх нь 12 хоногийн хоёр хоног нь ирэх очих замд өнгөрдөг үндсэндээ 10 хоног л амрана гэсэн үг. Хэдийгээр цалинтай амрааж байгаа ч гэсэн ажилчдынхаа ар гэр, амралт, бие эрүүл мэндэд нь анхаарах нь чухал.
 
Иймд компаниудын удирдлагуудад 48х12 хэр тохиромжтой вэ гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Алт, зэс, нүүрсээ ухаж аваад урд хөрш руу өгөхдөө улс орон, ус, нутаг, уугуул иргэдээ онцгой анхаарах нь чухал. 
 
Ж.Сайнаа 
 
Эх сурвалж: "Монгол говь" сонин