sonin.mn

ЭР-РИЯД, 2025 оны тавдугаар сарын 14 /BBC/. Туркт хийхээр төлөвлөж байгаа Орос, Украины хэлэлцээнд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцоно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабад хийж буй айлчлалынхаа үеэр мэдэгджээ.


"Энэ долоо хоногийн сүүлчээр, магадгүй пүрэв гарагт Туркт хэлэлцээ болох төлөвтэй байна. Уулзалтаас нааштай үр дүн гарна гэж найдаж байгаа, Марко хэлэлцээнд оролцохоор Туркт очно" гэж тэрбээр хэлсэн байна.  


Туркт хийх хэлэлцээнд Д.Трампын хоёр элч төлөөлөгч болох Кит Келлог, Стиф Уиткофф нар оролцоно гэж хэвлэлүүд өмнө эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. Хэлэлцээ болох өдөр Истанбулд биечлэн очиж магадгүй гэдгээ Д.Трамп мэдэгдэж байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 15-нд Истанбулд хэлэлцээ хийхийг Украины талд санал болгосон ч хэлэлцээ болох эсэх, ямар хэлбэрээр хийх нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Украины Ерөнхийлөгч В.Зеленский Путинтэй Истанбулд биечлэн уулзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр Оросын доод албан тушаалын төлөөлөгчидтэй уулзахаас татгалзсан байна. Оросын тал төлөөлөгчдөө Истанбул руу илгээнэ гэж мэдэгдсэн боловч Ерөнхийлөгч Путин өөрөө оролцох эсэх талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг