sonin.mn

Улаанбаатар хотын захын дүүргийн гэр хороололд дайвар бүтээгдэхүүний цуглуулгыг хоёр хувааж хоол хийж талхыг дөрөв хувааж голоо зогоосон олон ам бүлтэй айл өрх цөөнгүй байгааг харж сонсоход сэтгэл өвдмөөр байх юм.

 

Энэ байдлаас гарахын тулд нядалгааны газар хүнсний захын хогын цэг рүү ачигдахаар хөсөр хаягдаж байгаа бог малын шийр, яс тэргүүтнийг ариун горимоор цуглуулж дүүрэг бүрт будаатай шөлний газар нээж, хорт зуршил залхуурлын балчигт живсэн нөхдүүдийг цуглуулж (хэсэг, хороо хориноос нь судалгаа авч) үнэгүй хооллоод хэр таарсан хөдөлмөр эрхлүүлж хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлвэл ямар вэ? Хэр таарсан ажил гэдэгт үерийн суваг шуудуу, Туул, Сэлбэ дунд голын эрэг орчмыг цэвэрлэх, хотын ногоон байгууламжийг услах угаах, хөшөө дурсгалыг угааж арчих гэх мэт олон ажил байж болох юм.

 


Хотод барилга бүтээн босголт эрчимжиж тоосгоны хэлтэрхий хатсан цемент хагарсан блокоор захын хорооллын гуу жалга талбай дүүрчээ. Янз бүрийн хүчтэй бутлуур хатуу хог хаягдал боловсруулах машиныг улс санхүүжүүлж худалдаж аваад барилгын дээрх хогийг боловсруулж эргүүлж блок цутгаад хотоо цэвэрлээд дархан цаазат уулын амуудыг орой бэлээр нь хашиж хөвд ихтэй ой тайгад нь цаа буга бусад ой хөвчид нь халиун буга бор гөрөөс гахай үржүүлмээр байна.

 

Ер нь манайх ойн бүсээ бэлчээрийн бүс болгож 6, 7, 8 дахь хошуу мал өсгөх талбар болгож ашиглахгүй байсаар байх уу? Хот маань хүүхдийн цэцэрлэг цөөхөнтэй, байгаа хэдэд нь анги дүүргэлтийг 2, 3 дахин давуулсан хүүхэд авч үүнээс болоод томуу, томуу төст өвчин, ханиад, ходоод гэдэсний хямрал хүүхдээс хүүхдэд айлаас айлд дамжиж эцэст нь аргаа барсан эхчүүд хүүхдээ гурван ой хүртэл гэртээ харж ажилгүй сууж байна.

 

Хүүхдийн өвчлөл ч их байна. Жилдээ нэг хүүхэд 8-10 удаа ханиад томуу тусч үүнийг эмчлэхэд эцэг эхээс доод зах нь 10,000 орчим төгрөг зардаг гэвэл Монгол орон 0-3 насны хүүхэд хагас сая гаруй байна гэж барагцаалвал асар их хөрөнгө мөнгө үргүй урсаж тэр хэмжээгээрээ эцэг эхэд өрийн дарамт нүүрлэж байна.

 


Амьжиргааны доод түвшингээс доош орлоготой өвчин зовлонтой хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бололцооны хэрээр халамжинд хамруулахгүй бол хотын гэр хороололын амьдрал тун баргар байна шүү. 50-60-аараа зөвшөөрөлгүй баригдсан барилгыг улс хурааж аваад бололцоотойг нь хүүхдийн цэцэрлэг сургууль болгож, болмооргүйг нь бусад байшинтай сольж солбиж, хүүхдийн байгууллагын хүрээг тэлж, тэнд эмнэлэг сургалт, ариун цэврийн хатуу хяналт тогтоож, залуу эхчүүдийг цэл залуу насанд нь уйтгарлаж, гэрт нь суулгалгүй ажлын фронт гаргаж хөдөлмөр эрхлүүлмээр байна.

 

Үргүй зарлагыг бололцооны хэрээр хумиж цэгцэлмээр байна. Медаль одон авсны цол, хүүхдийн сэвлэг үргээсний, 80, 85, 90 насны ой гээл захгүй олон найр хурим болж, Монгол найралдаг орон болж тэрхүү найранд ходоодноосоо хэтэрсэн хоол идэж, ундаа ууж, галзууртлаа архидаж, хотын гудмаа бөөлжисөөр дүүргэхээ больё. Энэ нь улсын төдийгүй хувь хүний эрүүл мэнд, эдийн засгийг доройтуулах нэг хортой үйлдэл болоод байна.

 

Энэ байдлаас цагдаа сэргийлэх, эмнэлэг түргэнийхэн бүр залхаад байна. Засгийн газрын тогтоол шийдвэр гаргаад эдгээр найрын заримыг нь бүр хориглочихмоор байна. Хотын дэлгүүр ресторанд их орны валютыг гадагшаа урсгасан өндөр үнэтэй архи тамхи зарах үйлчлэхийг хязгаарламаар байна. Япон, Солонгост ресторанд нь ороход гадаадын алдартай архи тамхи асар их үнэтэй тавигдсан харагддаг бөгөөд иргэд нь 12-16°-ын жижгээр савласан үндэснийхээ архи сөөжүүгээ л уугаад суудаг шүү дээ.

 

Манай телевизүүдээр гараад байгаа кинон дээр виски, конъякийг жинз жинзээр нь хөнтөрч байгаа харагддаг нь зөвхөн өнгөц үйлдэл гэдгийг мэдмээр л юм. Манай газрын доорх баялагийн гол хэсэг болох коксждог нүүрсээ нэг компанийн аманд багтаж хямд өгч байхаар Япон, Өмнөд солонгос руу гаргах бэлтгэлээ хийж, шинэ барих төмөр замын бүтээн байгуулалтаа түргэлүүлмээр байна.

 

Өвөртөө багтахгүй хөөргөөр эрчүүд нь гангарч, эмс охид нь гарын арван хуруугаа алт монетаар дөнгөлж байхын оронд орон даяар хөдөлгөөн өрнүүлж алт мөнгөн бөгж бугуйвч тэргүүтнийг сайн дурын үндсэн дээр цуглуулж хайлуулаад дээрх бүтээн байгуулалтад хувийн хөрөнгө оруулалт хиймээр байна. 3-4 ам бүлтэй атлаа таваас зургаан өрөө байранд тансаглаж гэр бүлийн гишүүд нь бие биеэ олохгүй төөрч байхаар тэр хөрөнгөө дээрх бүтээн байгуулалтад чиглүүлэн хөрөнгө оруулмаар байна.

 

Ийм практик Өмнөд солонгост байсныг уншигч авхай нар ном судраас уншаа бизээ. Сүүлийн үед хөрөнгөлөг айлын охид хөвгүүд хөрөнгө бэл бэнчингээрээ адил төстэй айлд хүргэн орох, нөхөрт гарах асуудал бичигдээгүй хууль шиг болжээ. Мөнгөн дээр тогтсон хайр хайр биш, гэр бүл ч гэр бүл биш болдгийг хүн бүхэн мэднэ дээ. Элэг бүтэн гэдэс цатгалан, мөр бүтэн, хайр хайранд ээнэгшиж уярсан тийм л сайхан гэр бүлүүд байгаасай гэж залуусдаа уриалах байна.

 


Сүүлийн үед охиноо хадамд гаргах, хүүгээ гэрлүүлэхдээ бас бэл бэнчингээрээ уралдаж байгаа сурагтай. Улаанбаатар хотын төрөөс төрсөн нэг тэрбумтан баян худтайгаа уралдаж, 350 саяын хаус авч хүүгээ гэрлүүлж хурим хийж, тийм тансаг ресторан Улаанбаатарт олдохгүй их эрэлхийсэн сурагтай. Төрсөн үрээ хайрлаж хүний зэрэгтэй явуулах гэж ямарч эцэг эх боддог нь хэнд ч тодорхой.

 

Хөдөлмөрийн амт мэдрээгүй хөвгүүд охидоо насны нар нь яагаач үгүй байхад ингэж буруу замаар хөтөлж бэртэгчин болгож хүмүүжүүлээд яах вэ?
Улаанбаатар хотод хөдөлж байгаа машины нилээд хувь нь 100 км-т 20л түлш, бензин иддэг “жип" хэмээх мөнгөний үрлэгийн мангас байх юм. Хөгжилтэй орны бэлтэй хүмүүс ийм мангасаа өдөр тутам уналгүй зөвхөн хол бартаат замд явахдаа уналага болгож ашигладаг гэдгийг эрх биш мэдэж дуулсан бизээ.

 

Сүүлдээ түлш бага иддэг жижиг тэрэг унаж хөдөлгөөнд оролцсон хүн мод барьсан гуйлгачинд тооцогдож нүд үзүүрлэгдэх болжээ. Тэрбүү хэл өөрийнхөө үнэтэй цэнэтэй жипээ эрх хүүхэддээ унуулж тансаглаад хүүхэд ч үгүй жип ч үгүй болж байгаа тохиолдол цөөнгүй сонсогдох боллоо. Хүүхдээ хүмүүжүүлж хүн шиг хүн болгож чадахгүй юм бол хүүхэд төрүүлээд ч яахав дээ эцэг эхчүүдээ.

 

Туулах чадвар сайтай машин хөлөглөж хөдөө гадаа явж, ажил бүтээж яваа хөдөлмөрийн хүмүүсийг хэлээгүй гэдгийг уншигч авхай нар эрх биш ойлгох бизээ. Энэ өгүүллийг тэрлэж суугаа миний бие их дээд сургуульд бараг 40 жил ажиллаж төр засгийн буянаар олон газар явж, юмыг харьцуулж дүгнэх дээрээ хүрчээ. Туршлагаас харахад манай төрийн өмчийн дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд мэргэжлийнхээ дагуу авбал зохих мэдлэг чадвар хандлагаа бололцооны хэрээр дэлхийд нэртэй сургуулиудаас нэг их дутахааргүй авч байгаа нь харагдах юмаа.

 

Гэтэл эх орондоо бэлдэж болох мэргэжлээр өндөр телбөртэй гадаадын сургуульд хүүхдээ сургах гэж төр засаг болон хувь хөрөнгөө бардаг баячууд их болжээ. Энэ нь миний бодоход бас л тооцоогүй үрэлгэн тансаглал юмаа. Тэгж л хүүхдийнхээ мэдлэг боловсролд хөрөнгө оруулах гээд байгаа бол хүссэн мэргэжлээр нь эх орондоо боловсролыг нь олгоод харин резидэнс, магистр, докторын сургалтанд явуулахад мөнгө хөрөнгөө зараач гэмээр байна.

 

Гар утас хэрэглэх, чихэвчний микрофон хэрэглэх тойрсон олон асуудал байна. Одоо ихэнх хүмүүс оюутан залуус гар утасны 2-3 сүлжээний утас барьдаг болжээ. Энд эдийн засгийн тодорхой хэмнэл үйлчилгээний давуу тал байгааг үгүйсгэхгүй. Гэтэл юу юуны духанд хүрээгүй охид хөвгүүддээ 500,000 - 1 сая төгрөгний гар утас авч өгч тансаглах нь бүр ч илүүц юм.

 

Гар утасны удаан хэрэглээ тархины хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог нь тодорхой болоод байхад хүүхдийнхээ биед цахилгаан соронзон долгион үүсгэх хэд хэдэн төмөр зүүгээд гэрлэн бүсийг нь эвдэж ухаан бодлыг нь саринуулж амьд робот болгомооргүй байна. Үүний оронд цомхон цэгцтэй мэдлэг боловсролыг эчнээ олгох гэрийн номын санг хүүхдүүддээ зориулж бүтээж бүрдүүлж мэргэжлээ сайн мэддэг Монгол хүн болж төрсний бахархал үүрэг хариуцлагаа мэдэрсэн үүх түүхээ мэддэг өсгөлүүн сэхээтэн болгож төлөвшүүлэхэд анхаарцгаая эцэг эхчүүдээ.

 

Гадаадад олон жил суралцаад цол хамгаалж, өндөр боловсрол мэдлэг эзэмшсэн өсгөлүүн сэхээтэн олшрохнээ. Гэтэл тэдгээрийн зарим нь миний ажиллаж байсан нөхцөл монголд алга гэж гараа хумхиж суугаад хэл усаа ашиглаж элдэв холбоо нийгэмлэг санд хэлмэрч долморч хийж цаг нөхцөөх боллоо. Эрдэмтэн хүн эрдмийн ажлын нөхцөлөө өөрөө бүрдүүлж, сиймхий гэр сэгсгэр ээжийнхээ дэргэд тэмээний нуруу, тэргэний тэвшин дээрч сурсан эрдмээ гаргаж, туршилт шинжилгээ хийж чаддаг байх ёстой гэж өвгөн профессор миний бие туулсан амьдралаасаа мэдэрсэн юмаа.

 

Өөртөө болон шавь нартаа тохирсон элдэв тушаал, заавар журам гаргаж гадаадад өндөр боловсрол эзэмшсэн эрдэмлэг хүний орох хаалга, явах зам дээр хөндлөн хэвтээд байгаа байгууллага хувь хүн мэр сэр байгаа нь нууц биш юмаа. Хөгжлийн асар хурдтай зам дээр гарсан монгол оронд дээр өгүүлсэн чөдөр тушаагаа арилгаж эрдэм оюуны талбартаа чөлөөтэй өрсөлдөх боломж олгооч гэж дээрх нөхдөөс хүсмээр байна.

 

Манай бүх хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж их Чингис хааны үр удам гэдгээ мэдэгдэхээр хувцаслаж баймаар байна. Энэ нь олон хүмүүсийг ажилтай ажил үйлчилгээтэй болгож үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн чухал алхам болно гэдэгт найдаж байна. Монгол хүн мөч богинотой цээж аарцагаараа өргөн бадируун цул нь урт хүмүүс юм. Ийм хүмүүст өмнөд хөршийн өмд цамцны загвар нэг их таарамжтай биш харагдах юм.

 

Хаялцах барьцаар алсын сүвээнээсээ атгуулсан бариу зодогтой бөх шиг мөр бугалага нь чадайсан өмнөд хөршийн суудал муутай шувтан өмд өмсөөд хар хонго нь гарах шахсан охид хөвгүүд хотын гудмаар их л явах юм. Засгын газраас тогтоол шийдвэр гарч онгоц галт тэрэг болон бусад үйлчилгээний салбарт ажилчин албан хаагчид нь ажил мэргэжилдээ тохирсон үндэсний дүрэмт хувцастай болж өмсөж хэвшүүлэх болсон нь нэн саашаалтай.

 

Үндэсний хувцас гэхээр эмч багш нар хөл гар нь ороолдсон Монгол дээл гутлаа өмс гэж би уриалаагүй шүү. Юуны тулд дэлхийд нэр алдар нь цуурайтсан загвар зохиогчидтой билээ. Ажил мэргэжилд нь тохирсон Монгол үндэсний загвар шингэсэн гутал хувцас зохиож болох шүү дээ.


ЭМШУИС-ийн Анатомийн тэнхмийн эрхлэгч, МАУА-ын Академич, АШУ-ны доктор, профессор Д.Амгаланбаатар