sonin.mn
Гэрэл зураг нь түүх өгүүлэхээс гадна мянган асуултын хариулт болдог онцлогтой. Манай улсад гэрэл зургийн салбар үүсэж хөгжөөд 90 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд гэрэл зурагчдын маань ур чадвар ч үнэмлэхүй дээшилж, мэдрэмж, мэдлэг, оюунаа техник, технологийн дэвшилтэй хослуулан сайн бүтээлийг төрүүлсээр байгаа билээ. Тэдгээр гэрэл зурагчдын төлөөлөл бол Э.Идэрбат. Тэрээр шувуудын торгон агшныг гэрэл зургийн хальснаа буулгадаг юм.
 
Ярилцлагын эхэнд уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Би зураглаач мэргэжилтэй. 2016 оноос шувуудын гэрэл зургаар дагнах болсон. Өмнө нь гэрэл зургийн аль нэг урсгал чиглэлийг гол болгож байсангүй. 2007 оноос төрөл бүрийн сэдвээр зураг авч эхэлсэн ч ажил гэхээс илүүтэй хоббиндоо л хөтлөгддөг байв.
 
 
 
Хүмүүс "portrait" буюу хөрөг аль эсвэл байгалийн өнгө төрхийг харуулсан гэрэл зургуудыг сонирхох нь түгээмэл.
 
 
Гэтэл яагаад шувууны зураг гэж ...
 
-Би 2016 онд "Хүрээлэн" төслийнхний хамтаар нэвтрүүлгийн зурагт гарцгаасан юм. Намрын сэрүү орсон байсан шиг санагдаж байна. Би хэд хэдэн ан амьтны зураг буулгаж амжсан. Орон нутагт ажиллах хугацаа дуусаж хотод ирснийхээ дараа авсан зургуудаа харлаа. Тэр дундаас шувуудын зураг дарах нь илүү тохиромжтой бас сонирхолтой санагдсан. Таны хэлсэнчлэн байгалийн өвөрмөц өнгө төрх эсвэл тухайн нэг хүнийг тодотгож авдаг тийм жишиг гэрэл зурагчдын дунд тогтоод удаж байна. Харин шувуудын тухайд олон төрөл зүйлтэй. Тиймээс зурагчдын өмнө баялаг сонголт бий гэж ойлгож болно. Сайн зураг буулгаж чадвал хүний зан төрх, амьдралын олон өнгийг ч шувуудаас харж болдог онцлогтой.
 
Тэр бүр тааралдаад байдаггүй ховор шувууд ч байсан. Судалгаагаа хэрхэн хийдэг вэ?
 
-Хамгийн анх Шивэр энхэт бялзуухай гэдэг шувууны зургийг авч байлаа. Биеэр ойролцоо учраас хүмүүс болжмортой андуурдаг тал бий л дээ. Тэр шувуу гэхэд л намар Сибириэс сүргээрээ нүүдэллэж ирдэг. Шивэр энхэт бялзуухайтай тааралдъя гэвэл хотын төвд байдаг жимсний моддыг бараадахад л хангалттай. Би ан амьтан, шувуудыг судалдаг мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл цуглуулдаг. Сонирхсон шувууд маань хаагуур нутагладаг, өдийд хаана байж болох, ямар онцлогтой гэхчлэн авсан мэдээлэл дээрээ үндэслэн зургандаа гардаг гэх үү дээ. Мөн “Шувуу сонирхогчдын фэйсбүүк групп” бий. Тэр ч бас нэг эх сурвалж нь.
 
Ихэнх шувууд нүүдлийнх учраас тэдний зургийг зуны улиралд л авах боломжтой байх ...
 
-Судалгаагаа сайн хийж чадвал өвөлдөө ч зарим шувууны зургийг дарж чадна. Би нэгэн удаа Мандир уранхажин нугасыг манайд нүүдэллэж ирсэн үедээ үржилд ордог тухай олж сонссон юм л даа. Гэхдээ яг ч баримттай олж тогтоосон зүйл байхгүй тэр үед эрэлхийлж явсаар Мандир уранхажин нугасыг дэгдээхэйтэйгээ байхад нь таарч зургийг нь авсан. Энэ нь зарим судлаачдын үзэл бодол, байр суурийг баталсан юм билээ.
 
Та авсан зургийнхаа доор тайлбар, мэдээлэл зэргийг оруулдаг нь танин мэдэхүйн ач холбогдолтой юм шиг санагддаг ...
 
-Надтай холбоотой байдаг мэргэжлийн хүмүүс, судлаачдын мэдлэг зузааных шүү дээ. Бас дээрх групп ч нөлөөтэй. Шувууны нэр, бага зэргийн мэдээллийг багтаадаг нь хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандахыг хичээж байгаа нь тэр. Аль болох олон хүнд хүрчихээсэй гэж найддаг. Гэхдээ зарим ховор төрлийн шувуудын байршлын талаарх мэдээллийг тэр болгон хэлээд байхыг хүсдэггүй. Муугаар бодоход өөр санаа өвөрлөсөн этгээд очоод "бодийг нь хөдөлж" орхивол яана гэж сэтгэл зовдог юм.
 
Хамгийн их цаг зарцуулж, хөдөлмөр шингэсэн нь ямар шувууны зураг вэ?
 
-Би одоогоор Булган, Өвөрхангай, Хэнтий, Төв зэрэг аймгаар явж зургийнхаа архивыг баяжуулсаар байгаа. Нийтдээ 160 гаруй төрлийн шувууг дурандаа буулгаад байна. Тэр дундаас өнөөх Мандир уранхажин гэдэг гайхлыг авах гэж хамгийн их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж дээ. Зуны турш араас нь явсан.
 
Таны зургууд эерэг энерги түгээдэг. Авсан зургуудаасаа ямар мэдрэмжийг авдаг вэ?
 
-Авсан зургаасаа амьдралын олон янзын өнгө аясыг мэдрэх гэж хичээдэг. Бас амар амгаланг. Шувууд харагдах байдлаараа хүнийг тайвшруулдаг онцлогтой.
 
Сайн бүтээл төрөхийн үндэс нь юу вэ?
 
-Хүмүүс шувууны зургийг сайн дурантай л бол авчихна гэж эндүүрдэг. Ямар ч тохиолдолд шувуудтайгаа ойртох нь чухал. Намаг, шавартай хутгалдах үе ч бий. Тэр хамаагүй, үнэхээр хүсэж байвал ойртох л хэрэгтэй. Ойртож байхдаа шувуудыг цочоох, айлгаж үргээх үе бишгүй л бий.
 
 
 
Шувуу байгалийн зөн совин өндөртэй амьтан учраас гэрэл зурагчнаас ихээхэн тэвчээр шаардана. Та том дурантай байж болох ч ойртохгүй л бол дуранд зэрэглээ орох нь элбэг.
 
 
Ашиглаж байгаа камер, дуран, техник хэрэгслүүдээсээ сонирхуулбал ...
 
-Ихэнх зургаа “Sony A7R II” гэдэг аппарат, “Sigma 150-600”-ийн дурангийн тусламжтайгаар авсан. Сүүлийн жилүүдэд өөр сайн аппарат, дуран юу байна гэдгийг судалж л байна.
 
Шувуудын гэрэл зургаар дагнах нь Монголд харьцангуй шинэ тутам ойлголт. Харин гаднын улс орнуудад аль үе шатандаа байгаа вэ?
 
-Гаднын орнуудад үүнийг салбар болтол хөгжүүлсэн нь ч бий. Шувуудаар баялаг манай оронд ч бас хөгжих боломж бий.
 
 
Ярилцсанд баярлалаа.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин