sonin.mn
МОСКВА. /Kommersant/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Гадаадын улс орнуудын найрсаг бус үйлдлийн эсрэг чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх тухай” зарлигт гарын үсэг зуржээ.
Уг баримт бичигт авч буй алхмыг нь найрсаг бус хэмээн тодорхойлсон улс орнуудын дипломат төлөөлөгчдийн газрууд ОХУ-ын нутаг дэвсгэр дэх хувь хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хязгаарлажээ. Эдгээр улс орны жагсаалтыг Засгийн газар тодорхойлох ёстой аж.
“Энэхүү зарлигийн заалт нь найрсаг бус харилцаатай гадаад улс орнуудын иргэд болон тэндээс ирсэн дипломат төлөөлөгчийн газар болон консулын газрын ажилтнууд, төрийн байгууллагын төлөөлөгчдөд хамааралгүй” хэмээн баримт бичигт дурдсан байна. 
 
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, хязгаарлалтын арга хэмжээ нь бизнесийн хүрээнд хамааралгүй гэжээ.
 
Чех Оросыг буруутгаснаас үүдэлтэй дипломат дуулиан шуугиан дэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч В.Путин ийнхүү зарлигт гарын үсэг зурсан байна. Чехийн  эрх баригчид тус улсын Врбетице тосгон дахь зэвсгийн агуулахад 2014 онд гарсан дэлбэрэлтэд Оросын тусгай албад оролцсон гэж сэжиглэж, Оросын дипломат ажилтнуудыг нутаг буцаасан юм. Чехийн араас Словак, Латви, Литва, Эстони мөн ижил арга хэмжээ авсан байна. 
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг