sonin.mn
Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбаттай ярилцлаа.
 
-Зам засварын ажил эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ жил хаана ямар замын ажлыг хийхээр төлөвлөөд байна вэ?
 
-Нийслэлийн есөн дүүрэгт урсгал засварын ажлын гудамж, замуудынхаа урьдчилсан тоо, хэмжээг гаргаад захирамж болон эхнээсээ гэрээгээ байгуулаад ажлаа эхлээд байна. Ер нь Улаанбаатар зам арчлалтын газар шууд гэрээ байгуулаад хийдэг ажлууд ч бас бий. Автозам нь жил бүр урсгал, ээлжит, их засвар, өргөтгөл шинэчлэлт хийх гээд замынхаа насжилт, ашиглалтад орсон хугацаанаас хамаарч засварын ажлын төрөл өөр байдаг. Манайд 8-10 жилээс дээш болсон замууд бий. Үүнд их засварын ажил хийх шаардлагатай ч өнөөдөр урсгал засварын хэмжээнд ажлаа хийгээд явж байна.
 
-Хөл хорионы үеэр замуудыг нөхөх ажил эхэлсэн. Ажлын бүтээмж хэр байна?
 
-Хөл хориогоор замын заадас, засварын ажлыг хийж эхэлсэн. Хотын өнгө үзэмж дэх тэмдэг, хайс гээд тодорхой хэдэн ажлыг нэмж хийсэн байгаа. Одоо л урсгал засвар, нөхөөснийхөө ажил руу орж байна. Мөн Энхтайваны гүүрийг хөл хориотой үед хэв гажилтын заадас засварын ажлыг энэ оны найм, аравдугаар сард хийхээр график, төлөвлөгөө нь гарсан ч хөдөлгөөний ачаалал бага байгаа энэ үед урагшлуулаад хийсэн нь дээр юм гэж үзсэн. Ингээд хэв гажилтын заадас засварын ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн Засаг дарга засварын ажилтай ирж танилцсан. Одоо хучилтын засварын ажлыг хийхээр төлөвлөсөн. 
 
-Борооны үе эхэлж байна. Хэд хоногийн өмнө зам цөмөрсөн. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Сүхбаатар дүүргийн орон сууцны хороолол дунд байдаг зам цөмөрсөн. Энэ нь зам биш Ус сувгийн харьяаны шугам задарснаас бүх шороо нь угаагдаад явсан болохоор хатуу хучилт цөмөрсөн. Тэгэхээр үүнийг зам засвартай холбож болохгүй. Хотын шуурхайд мэдэгдсэнээр манайхаас яаралтай арга хэмжээ авч цөмөрсөн хэсгийг шороогоор дүүргээд хүн, машин унах аюулаас урьдчилан сэргийлсэн байгаа.
 
-Сүүлийн үед замуудыг чанар муутай хийж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
 
-Манай инженерүүд тухайн замыг чанартай, технологийн дагуу хийлгэхийн тулд өдөр бүр хяналт тавьж ажиллаж байгаа. Манайхан япончуудын барьсан Нарны зам сайхан зам, монголчуудын хийж байгаа зам муу, 1-2 жилийн настай гэдэг. Энэ төсөвт өртөгтэй холбоотой асуудал.
 
-Төсөвт өртгийг хаанаас шийдэж өгдөг юм бэ? 
 
-Манайх нэг метр квадрат нөхөөсний ажлыг 70 мянган төгрөгөөр нэгж үнийг тавиад тендер зарладаг. Улаанбаатар зам засвар, арчлалтын газартай шууд гэрээ хийгээд явдаг. Өнөөдөр энэ 70 мянган төгрөг бодит амьдралд үнийн өсөлтөөс хамаараад өсдөггүй. Гэхдээ чанаргүй хийж байгаа юм биш. Бид өдөр тутмынхаа хяналтыг тавьдаг. Хучилтын ажил дуусахад бид өрөмдөөд зузааныг нь технологийн дагуу хийсэн эсэхийг хянаж, шалгадаг. Яагаад чанаргүй харагдаад байна гэхээр бид урсгал, ээлжит, их засварын ажлыг цаг тухайд нь хийдэггүй. Өнөөдөр Улаанбаатар хотод заадас засварын ажил гэхээр 33 гудамж, зам дээр л бид хотын гол болон төвийн гэр хорооллын гол чиглэлийн зам дээр засвар, арчлалтын ажлыг хийж байна.
Бусад гудамж, зам хөрөнгө мөнгөтэй холбоотой урсгал засварын ажлыг хийхгүй үлдэх нь бий. Нийслэл дотор байгаа 175 нэршил бүхий гудамж, замдаа урсгал засвар, арчлалтаа хийгээд явбал өөр. Тээврийн хэрэгслийн том машинууд хөлдөлт, гэсэлттэй холбоотойгоор зам эмзэг байдаг. Энэ үед ачаа даац, норм хэтрүүлэх, хаана бүтээн байгуулалт явж байна тэр хэсгийн авто замууд эвдрэх магадлал их байна. Бид тэнхлэг, даацын ачааллыг 11 тонн байх ёстой гээд Нийтийн тээвэр, Тээврийн цагдаагийн газар, манай хэлтэс хамтарсан үйл ажиллагаа явуулаад үзэж шалгадаг. Энэ зөрчил өнөөдрийг хүртэл арилдаггүй.
 
-Яагаад арилахгүй байна?
 
-Уул уурхайн тоног төхөөрөмж, уул уурхайд ажил хийж байгаа хүнд даацын тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хотоор явж байна. Манай хучилтын хийцийн зузаан хэр билээ. Хатуу хучилт долоон см-ийн зузаантай явдаг, өнгө, суурь гээд. Ер нь хучилтын зузаан 20-30 см байдаг. Тэгэхээр манайхан зөвхөн асфальтийн зузааныг хучилт гэж хардаг. Энэ хучилтад нөлөөлөх даацын тэргүүд явдаг, эвддэг нь манай замуудын гол асуудал байна. Мөн борооны усны шугамын ажлууд байна. Авто замыг борооны усны зайлуулах шугам гэж хардаг. Хүн барилга барихдаа дээврийн усыг яаж зайлуулах вэ гэдгийг барилга байгууламжийнхан төлөвлөсөн байх ёстой. Өмнө нь хөрс хэвээрээ байсан бол шингэчихнэ. Гэтэл өнөөдөр бүгд зам руугаа шийдчихсэн. Шинэ барьж байгаа замууд өөрийнхөө гадаргуу усыг зайлуулах хүчин чадалтай байтал тухайн орчны бүх усыг хамаад зайлуулах гэхээр зарцуулалт нь дийлдэггүй.
 
 
 
1990 оноос хойш замбараагүй төлөвлөлт хийснээс газар доогуурх шугам сүлжээ борооны усны шугамуудыг эвдсэн асуудал их байдаг. Үүнийг нөхөж сэргээгээд, засаж сайжруулахад хүндрэлтэй.
 
 
 
-Энэ жил хийх хамгийн том замын ажил хаана байна?
 
-Бид байгаа зам дээрээ урсгал засвар арчлалтын ажлыг хийнэ. Шинээр зам барих ажил барилгын хэлтэст харьяалагддаг. Гурван гүйцэтгэгч компанитай дүүрэг дүүргээр нь тодорхой замуудаар гэрээ хийсэн байгаа. Тухайн замууд нь хувийн компаниуд нь ажлаа хийгээд явж байна. Энэ жил 14 гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулна.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин