sonin.mn
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг хоёр сая орчим иргэн байдаг. Үүнд, 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/,  ял эдэлж байгаа ялтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн багтах аж. Эдгээр иргэн бүх төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад 100 хувь үнэ төлбөргүй байхаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн /ЭМДҮЗ/-ийн 03 дугаар тогтоолд заажээ.
Ингээд бодохоор үлдсэн нэг сая гаруй иргэний нуруун дээр эрүүл мэндийн даатгалын сан тогтож байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгал төлөх ёстой иргэдийн 40 гаруй хувь нь л үүргээ биелүүлдэг гэсэн үг. Хэрэв иргэн бүр эрүүл мэндийн даатгалаа цаг хугацаандаа төлдөг бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү хүртээмжтэй чанартай байхад дэм болох юм. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд энэ оны гуравдугаар сард эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор гурван сая даатгуулагч хамрагдсаны 24.7 хувийнх нь шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч, 2.6 хувь нь өөрсдөө, 72.7 хувыг нь улсын төсвөөс хариуцан төлжээ.
 
Эрүүл мэндийн даатгал эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг
 
Эрүүл мэндийн албан журмын даатгал даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг. Эрүүл мэндийн даатгалаа төлснөөр ойр дотны болон өвчний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүсийн санхүүгийн эрсдэлийг хуваалцаж, эрүүл саруул болж, амьдралын чанараа сайжруулахад туслаж буй хэрэг.  Өөрөөр хэлбэл, эрүүл аж төрж байгаа нэг нь өвдсөн нэгнийгээ авран тэтгэж байгаа хэлбэр юм. Тиймээс 10, 20 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгал төлөөд нэг удаа ч бүрэн хэмжээнд ашиглаж чадсангүй гэж уурлаж бухимдах шаардлагагүй. Хэзээ нэгэн цагт танд биш ч хэн нэгэн таны төлсөн даатгалын үр шимийг хүртэнэ. Энэ тухайд Эрүүл мэндийн  даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн “Эрүүл мэндийн даатгал нь эв санааны зарчимд тулгуурладаг. Залуус нь хөгшдийнхөө, өндөр орлоготой нь бага орлоготойнхоо, эрүүл нь өвдсөн нэгнийхээ санхүүгийн эрсдэлийг хуваалцдаг бүх хүн амыг хамарсан эрсдэлийн сан юм. Тусламж, үйлчилгээ аваагүй гээд урамшуулал олгох нь энэ сангийн үндсэн зарчимд нийцэхгүй. Таны төлсөн шимтгэл таны эмээ өвөө, өвдсөн хэн нэгний тусламж, үйлчилгээнд зарцуулагддаг” гээд эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн талаар ярилаа. Тэрбээр “Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын дээд хязгаарыг хоёр сая төгрөгөөр тогтоодог байсан бол энэ оноос даатгуулагч шаардлагатай, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг хязгаарлалтгүйгээр авах боломжтой болсон. Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардалд жилийн хязгаар тавих нь даатгуулагчийг эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготой харшилж байгаа юм. Даатгуулагч өвдөхгүй л бол хэдэн ч жил шимтгэлээ төлж тусламж үйлчилгээ авахгүй байж болно. Гэнэт нэг өдөр зүрхний хагалгаанд орохоор болж 10 сая төгрөг шаардлагатай болоход даатгал төлбөрийг нь даадаг байх ёстой. Гэтэл жилийн хоёр сая төгрөгийн хязгаарлалттай байгаа тохиолдолд даатгуулагч найман сая төгрөгийг өөрөө төлөх шаардлагатай болж байгаа юм. Тиймээс яг шаардлагатай үед нь даатгуулагчаа санхүүгийн ийм эрсдэлээс хамгаалахын тулд энэ хязгаарлалтыг даатгалын шинэчлэлээр байхгүй болгосон” хэмээн онцоллоо.
 
 
Хуулийн шинэчлэлээр иргэдэд дараах боломж, давуу талыг бий болгожээ
 
Эрүүл мэндийн  даатгалын тухай хуульд өнгөрсөн оны наймдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Тухайлбал, төр төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан худалдан авах зохицуулалтыг хийж, Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь “Стратегийн худалдан авагч” болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ингэснээр эрүүл мэндийн салбарт нэг худалдан авагчийн тогтолцоо бүрдэж, бүх төрлийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болсон. Энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор төр төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жаг­саалттай нэгтгэн ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор батлан гаргаж өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний зардал, Эрүүл мэндийн даатгалын сан болон иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн. Ингэснээр бүх төрлийн хавдрын дараах хими болон химийн бус эмчилгээ, амбулаторийн хяналт, хими, туяаны өдрийн эмчилгээ, хавдрын дараах сэргээн засах эмчилгээ зэрэг хорт хавдар түүнтэй холбоотой бүх төрлийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцаж байна. Үүний үр дүнд зөвхөн гуравдугаар сард гэхэд  хорт хавдрын 2527 тохиолдолд 1.5 тэрбум, 5034 иргэний мэс заслын тусламж үйлчилгээнд 6.8 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас олгожээ.
 
 
 
Хорт хавдрын тохиолдлын дийлэнх хувийг элэг, ходоод, амьсгал, цээжний хөндийн эрхтний хавдар эзэлж байгаа бөгөөд хүүхдүүдийн хувьд яс ба үений мөгөөрсний хавдар, хэвлийн гялтангийн ба хэвлийн арын зайн хавдрын тохиолдол эзэлдэг байна. Үүнээс 27 хүүхдийн хорт хавдрын эмчилгээ үйлчилгээнд 10.3 сая төгрөг зарцуулсан байна.
 
 
 
Түүнчлэн энэ оны эхний гурван сарын байдлаар  зорилтот бүлгийн 188221 иргэнд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон байна. Энэ нь хүн амын зорилтот бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдэд эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтад орохгүйгээр тусламж үйлчилгээ авч буйн илэрхийлэл юм. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан “ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-нд заасан иргэний хариуцан төлөх төлбөрийг заажээ. Ингэхдээ нийт 562 оношийн хамааралтай бүлгийн 332 оношийн хамааралтай бүлэгт буюу 10 төрлийн тусламж үйлчилгээг авахдаа иргэд хамтын төлбөр төлөхөөр заасан.
 
Үүнд:
 
Амьсгалын тогтолцооны өвчний мэс заслын тусламж, үйлчилгээ – 15 хувь
Тархины харвалт, шигдээс, зүрхний шигдээс, зүрхний төрөлхийн гажигаас бусад зүрх, тархины мэс заслын тусламж, үйлчилгээ – 10 хувь
Бөөрний эмгэгийн мэс заслын тусламж, үйлчилгээ – 15 хувь
Мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээ – 15 хувь
Зүрх судасны мэс заслын тусламж, үйлчилгээ – 15 хувь
Ерөнхий мэс заслын тусламж, үйлчилгээ – 15 хувь
Гэмтлийн мэс заслын тусламж, үйлчилгээ – 15 хувь
Нүд, чих, хамар хоолой, үе, холбоос, төрөлхийн зарим гажгийн мэс заслын тусламж, үйлчилгээ – 25 хувь
Төр төлбөрийг нь хариуцахаас бусад бүх хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ – 15 хувь
Өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээ – 30 хувь
Дараах тусламж, үйлчилгээ­нүүд хамтын төлбөргүй байна.
 
Төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ:
 
– Яаралтай тусламж,
-халдварт өвчин,
-түргэн тусламж
-төрөх гэх мэт.
 
Амь насыг цаг алдалгүй аврах, санхүүгийн нэг удаагийн их хэмжээнийн эрсдэлд оруулдаг тусламж, үйлчилгээ:
–Харвалт, зүрхний шигдээс, түлэгдэлт, зүрхний төрөлхийн гажигийн мэс засал гэх мэт оруулжээ.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэд бүх төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад 100 хувь үнэ төлбөргүй байхаар тус тогтоолд зааж өгчээ. Иргэний хариуцан төлөх төлбөрөөс чөлөөлөгдөх бүлэгт 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/, ял эдэлж байгаа ялтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн багтдаг. Өмнө нь иргэд бүх төрлийн өндөр өртөгтэй мэс заслын хэрэгсэлийн зардлын 25 хувьд хамтын төлбөр төлдөг байсан бол шинэчлэлийн хүрээнд дээр дурдсан амь, насыг аврах шаардлагатай мэс засал хамтын төлбөргүй болсон нь авууштай.
 
Төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээнд оруулсан зүрхний төрөлхийн гажиг нь 1000 нярайн таваас наймд нь тохиолддог бөгөөд жирэмсний хоёроос наймдугаар долоо хоногийн үед үүсдэг байна. Мөн жирэмсний үед цацраг туяаны нөлөөлөлд өртөх, зарим төрлийн эм уух, хөхөөр хооллох үедээ хар тамхи, архи хэрэглэх, жирэмсний эхний гурван сард томуу, TORCH гепатит зэрэг халдварт өвчнөөр өвдөх нь хүүхдэд зүрхний гажиг үүсэхэд нөлөөлдөг. Мөн илүүдэл жинтэй, эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүдийн зүрхний гажгаар өвдөх эрсдэл хэвийн жинтэй эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдээс 36 хувиар илүү байдгийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоосон. Харин зүрхний олдмол гажгийн тархсан шалтгаан ревматизм буюу хэрх өвчин, цусны халдвар, судасны хатуурал, гэмтэл, тэмбүү зэрэг өвчлөл байна. Өмнө нь санхүүгийн асуудлаас болоод хүүхдээ хагалгаанд оруулж чаддаггүй хүмүүсийн тоо олон байсан. Энэ төрлийн хагалгааг гадаадын улс оронд маш өндөр өртгөөр хийдэг. Нэг үеэ бодвол иргэдийн эрүүл мэнддээ хандах хандлага, мэдлэг мэдээлэл сайжирч байгаа боловч одоо болтол эрүүл мэндээ эрүүл мэндийн даатгалд биш, ямар нэгэн сүм, хийд, бурхан шүтээндээ даатгаад орхичихдог хүмүүс ч бас байгаа нь харамсалтай. Тиймээс иргэн бүрт хүртээмжтэй чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авдаг болохын тулд эрүүл мэндээ даатгалдаа даатгуулах нь зүйтэй.
 
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх төлбөрийн хэмжээ:
 
– 2016 он 46080 төгрөг,
– 2017он 57600 төгрөг,
– 2018 он 28800 төгрөг,
– 2019 он 38400 төгрөг,
– 2020он 50400 төгрөг,
–2021 он 50400 төгрөг төлнө. Хэрэв та өнгөрсөн хугацаанд даатгалаа төлж амжаагүй бол E-daatgal, E-barimt аппликэйшнуудыг гар утсандаа суулгаж шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Түүнээс гадна тус аппликэйшнийг ашиглан та ЭМД-аас авсан тусламж, үйлчилгээний мэдээллээ хянах, ЭМД-ын сангаас гарсан зардлын төлбөрийг бүрэн хариуцах тусламж, үйлчилгээ, хөнгөлттэй олгодог эмийн жагсаалт, хөнгөлөгдөх хувь, хэмжээ, ЭМД-ын гэрээтэй байгууллагуудын хаяг байршил зэрэг ЭМД-тай холбоотой нэгдсэн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин