sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены оролцсон НАТО-гийн 32 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өчигдөр боллоо. Энэ удаа сүүлийн 20 жилийн түүхэн дэх хамгийн богино уулзалт болжээ. Уулзалт хоёр цаг үргэлжилсэн байна. Ихэнхдээ НАТО-гийн дээд хэмжээний уулзалтууд хоёр өдөр үргэлжилдэг бөгөөд янз бүрийн сэдвээр 3-4 ажлын хуралдаанд ордог. Умард Атлантын цэргийн эвсэл ОХУ-ыг цөмийн зэвсгийн хүчээ бэхжүүлж байгаа учир хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Энэ тухай НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг CNBC сувгийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Хүйтэн дайн дууссанаас хойш хамтын хамгаалалтыг бэхжүүлэх ёстой. Батлан хамгаалахын төсвийг олон жилээр танасны дараа манай эвслийн гишүүд хөрөнгө оруулалт шаардаж байна. Бид ОХУ-д хатуу бөгөөд тодорхой хариулт өгнө” гэжээ. Дунд болон богинын тусгалтай пуужинг устгах тухай гэрээг НАТО тууштай дэмжиж байсан. Цөмийн хошуу тээвэрлэх чадвартай шинэ пуужин байрлуулах төлөвлөгөөгүй байгаа. Эвслийн Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр НАТО хуурай замын болон агаарын довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлэх аж. Мөн зэвсэгт хяналт тавих арга хэмжээ авах юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Туркийн удирдагч Тайип Эрдогантай Оросын зенитийн пуужингийн “С-400” системийн тухайд ярилцжээ. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын туслах Жейк Салливаны хэлснээр Байден Анкарагийн Москва, Бээжинтэй харилцах харилцааны асуудлыг хөндсөн бололтой. ОХУ, Турк улсад “С-400” цогцолбор нийлүүлэх гэрээг 2017 онд байгуулсан. Турк ОХУ-аас систем авсан НАТО-гийн анхны улс болсон юм. Анкарагийн шийдвэр Вашингтон болон эвслийн зүгээс сөрөг хариу үйлдлийг өдөөсөн. АНУ Туркийг Оросын агаарын довтолгооноос хамгаалах системээс татгалзахыг удаа дараа шаарджээ. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Вашингтоны шахалтыг үл харгалзан гэрээгээ үргэлжлүүлсэн юм.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин