sonin.mn
9-р сарын 10-нд буюу өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар утсаар ярьж, Хятад, Америкийн харилцаа хийгээд бусад асуудлуудаар илэн далангүй санал солилцжээ.
 
 Энэ үеэр Ши Жиньпин : "Сүүлийн үед АНУ-аас Хятад Улстай холбоотой авч хэрэгжүүлж буй бодлогоос шалтгаалан хоёр улсын харилцаа ноцтой хүндрэлд орсон. Энэ нь хоёр орны ард түмний язгуур эрх ашиг төдийгүй дэлхийн улс орнуудын хамтын ашиг сонирхолд ч нийцэхгүй. Манай хоёр орон бол хамгийн том хөгжиж буй ба хамгийн том өндөр хөгжилтэй орнууд юм. Бид харилцаагаа сайтар шийдвэрлэж чадах эсэх нь дэлхий дахины хэтийн төлөв хувь заяанд нөлөөлөх тул зайлшгүй зөв шийдэл олох ёстой. Хятад, Америкийн хамтын ажиллагаа нь хоёр орон хийгээд дэлхий нийтэд ашигтай.
 
Хоёр улс сөргөлдвөл дэлхий нийт бүгд хохирно.
 
Иймээс Хятад Америкийн харилцааг сайтар зохицуулах нь маш чухал юм. Хоёр улс 1971 онд харилцаагаа сэргээснээс хойш гар нийлэн хамтран ажиллаж, улс орнуудад ч бодитой ашиг тус хүртээсэн юм. Өдгөө олон улсын хамтын нийгэмлэгт маш олон нийтлэг бэрхшээлтэй асуудал тулгарч байгаа тул Хятад Америк алс хэтийг харан, үүрэг хариуцлагыг үүрч, урагшаа тэмүүлэн мэрийж, стратегийн болон улс төрийн зоригтой шийдвэр гарган, хоёр улсын харилцааг түргэн тогтвортой хөгжлийн зөв голдиролд буцан оруулахыг эрмэлзэж, хоёр орны ард түмэн болон дэлхийн олон орны ард түмэнд илүү сайн ашиг тус хүртээх нь зүйтэй" гэв.
 
Харин Жо Байден: "Дэлхийн дахин эрчимтэй өөрчлөлтийг туулж байна. Америк Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талт харилцаа юм. Манай хоёр орон хэрхэн харилцах нь дэлхийн ирээдүйн хөгжилд ихээхэн нөлөөтэй. Хоёр оронд өрсөлдөөний улмаас зөрчил сөргөлдөөнд орох шалтгаан байхгүй.
 
Америкийн талд "Нэг Хятад" бодлогыг өөрчлөх зорилго байхгүй. 
 
Хятадын талтай илүү олон илэн далангүй, бүтээлч яриа хэлцэл өрнүүлж, хоёр талаараа хамтын ажиллагаа өрнүүлж болох гол тал болон тэргүүлэх салбаруудыг тогтоож, буруу таамаглал, санаандгүй зөрчил сөргөлдөөн гарахаас зайлсхийж, хоёр улсын зөв голдиролд буцан оруулахад Америкийн тал бэлэн байна. Хятадын талтай хамтарч уур амьсгалын өөрчлөлт зэрэг чухал асуудлуудаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, илүү олон нийтлэг ойлголтонд хүрэхийг бид эрмэлзэж байна" гэсэн байна.
 
Хоёр улсын төрийн тэргүүнүүд улс хоорондын харилцаа болон олон улсын бусад чухал асуудлуудаар гүнзгий харилцаа холбоотой байх нь Хятад Америкийн харилцааг зөв чиглэлд оруулахад маш чухал гэж санал нэгтэй үзсэн бөгөөд цаашид ч олон арга хэлбэрээр байнгын шинжтэй харилцааг хадгалж, өргөн хүрээнд яриа хэлцэл өрнүүлэн, хоёр улсын харилцаа урагш хөгжих нөхцөл боломж бүрдүүлэхийг хоёр талын холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгохоор санал нэгджээ.
 
 н.Уртнасан