sonin.mn
Одоогоос нэг жилийн өмнө Монгол Улс коронавирусын халдварыг дотооддоо алдан, хатуу хөл хорио тогтоож байв. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жил гадаадаас тусгай үүргийн нислэгээр ирж, "Энхсаран" сувилалд тусгаарлагдаад байх үедээ халдвар авч байсан иргэн Б.Мөнхбаттай ярилцлаа.
 
 
Одоогоос жил гаруйн өмнө Монгол Улс дотооддоо коронавирусын халдвар алдаж, хатуу хөл хорио тогтоож байлаа. "Энх саран" сувилалд тусгаарлагдаж байгаад халдвар авсан хүний хувьд жил орчмын өмнө ямар үйл явдал болсон тухай  дэлгэрэнгүй ярихгүй юу?
 
Би ноднин 10-р сард Солонгосоос ирээд "Энх саран" сувилалд тусгаарлалтанд орсон. 21 хоногийн тусгаарлалтын хугацаа дууссанаас хойш ямар ч шалтгаангүйгээр дахин  2-3 хоног тусгаарлалтын байранд байлгасан. Яагаад ийм асуудал үүсээд байгаа юм бэ гэдгийг би эрх бүхий албан тушаалтнаас асуухад тайлбар өгөөгүй. Тийм учраас би өөрийн фэйсбүүкээр энэ газарт голомт нь байна шүү гэдэг мэдээллийг хийсэн. Гэтэл энэ хийсэн үйлдэлтэй маань уялдуулж зөрчлийн хэрэг
үүсгэж яллагдагчаар татсан. 15.6.1 гэдэг зүйл анги буюу ард иргэдэд өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, мөн ард иргэдийг төөрөгдүүлсэн гэдэг зүйл ангиар явж байгаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байгаа. 
 
Хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж ойлгох нь зөв үү?
 
Үгүй. Би яллагдагчаар татагдсан хэвээрээ бүтэн жил дамнаад явж байна. Эрүүгийн 15.6.1 дахь зүйл ангиар одоог хүртэл шалгагдаж байгаа.
 
Өнөөдөр Монголд албан ёсны бүртгэлээр л гэхэд 600 гаруй мянган хүн коронавирусын халдвар аваад байна. Өнгөрсөн хугацаан дахь Улсын Онцгой Комиссын үйл ажиллагааны алдаа, оноог та хэрхэн дүгнэж байна вэ?
 
Энэ бол 100 хувь менежментийн асуудал.
 
УОК-т хүмүүс мэдэхгүй атлаа мэддэг юм шиг худлаа царайлж ажлаа хийж байна. Ямар сэтгэл, хандлага байхгүй.
 
Ер нь бол хандлага, менежмент, мэдлэг боловсролын асуудал л гэж харж байна. Үндэс сууриар нь аваад үзэхээр ямар ёс суртахуунгүй, мэдлэггүй  хүмүүс л УОК-ийг удирдаж байна. Дэлхийн бүх улс оронд энэ сорилт тулгарч байгаа шүү дээ. Ганцхан манайд биш. Тиймээс УОК бол иргэдтэйгээ хамтраад, ойлголцол гэдэг юманд хүрэх хэрэгтэй шүү дээ. Ёс суртахуун гэж юу юм? Бид чинь амьтнаас юугаараа ялгаатай юм? Хүн гэдэг чинь тархи толгойтой, ярилцаж хэлэлцдэг хэл устай биздээ? Тэгж ойлголцолд хүрэхгүйгээр алдаа гарахаар нь иргэд рүүгээ чихчихдэг. Нэг ч төрийн албан хаагч, байгууллагынхан : "Бид нар алдаа гаргалаа" гээд шийдвэрээ хүчингүй болгох, засах үйлдэл гаргасангүй. Зөвхөн л иргэд рүүгээ бурууг чихдэг. Зөрчлийн хэргийн тоо хэд болж өсөв? Гэтэл бид нар зөрчихгүй байж болно, тийм ээ? Юу болоод байгаа юм гэдгийг харилцан ярилцаж байж л хамтын ажил амьдрал урагшилна. Тиймээс би УОК-ийн алдааг менежментийн алдаа, хариуцлагын алдаа гэж хэлнэ. Мөн зөвхөн төрийн албан тушаалтан ч биш иргэний хариуцлагыг алдаа гэж байна. Иргэд чимээгүй, дуугүй өнгөрдөг. Амар тайван байдлаа боддог. Хэрвээ та шударга бус байдлын хажуугаар эс үйлдэл гаргаж байгаа бол түүнийг өөгшүүлж, улам хөрсийг нь бэлдэж байгаа гэсэн үг. Тэгээд би иргэддээ хандлагаа өөрчлөөч ээ гэж уриалах гэж байгаа юм. Би өөрт тохиолдсон зүйлээсээ болж гунигтай болоод гоншигоноод яваад байхаас илүү, энэ зүйл хэнд ч тохиолдож болно шүү гэдгийг л анхааруулахыг хүсэж байна. Надад тохиолдсон зүйл маргааш танд тохиолдохыг үгүйсгэхгүй. Би өмнө нь зөндөө болох болохгүй зүйлийн хажуугаар надад амар гээд дуугүй өнгөрдөг байсан ч эргээд надад тохиолдож л байна. Тэгэхээр энэ бол хандлагын асуудал .
 
Та сая эрх зүйн асуудал үүслээ. Нэг талаасаа гэмт хэрэгтэн болж байна. Гэтэл нөгөө талаасаа иргэдийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй, та бүхэн өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй гэж уриалахаар дахиад л өнөөх хууль, эрхзүйн асуудал үүснэ?
 
Тэмцэл гэдгийг орилж, чарлаад яваад байхаасаа илүү  энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй. Зүгээр л өөрийгөө илэрхийлээд тэмцлээ хийгээд сурчих л даа. Хэвлэннийтэлж, мэдээлэх эрх хангалттай байна шүү дээ. Түүнийгээ хий. Шударга шүүмжлээд сурчих л даа. Шүүмжлэл гэдэг чинь доромжлолоос тэс ондоо зүйл. Манай зарим хүмүүс шүүмжлэл, доромжлол хоёрыг ялгахгүй байх шиг байна. Шүүмжлэл бол аргументтай байх ёстой.Тэгэхээр өөрийгөө боловсруулах шаардлага гарч байгаа юм. Хуулийн талаар шүүмжлэх гэж байгаа бол хуулийн талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Би хуулийн ямар ч мэдлэггүй байсан хүн, бүтэн жилийн турш шүүх, цагдаа, прокуророор яваад хуулийн мэдлэгтэй болж байна шүү дээ. Дараа нь надад ийм асуудал гарвал би арай өөр өнцгөөс харж  ярих нь байна . Би зүгээр хэн нэгэнд гомдож, уурласандаа үйлдэл гаргаад орилж чарлаад яваад байгаа юм биш.
 
Надад тохиолдлоо. Танд тохиолдож болно. Тэгэхээр хамтдаа ийм нөхцөл байдалд яах ёстойг мэддэг болцгооё. Ингэж л бид хамтдаа урагшилна.Тэр өндөр байшин, өргөн замыг хөгжил гэхээсээ илүү үүгээр л хөгжчихье.Тэгвэл бид нар аль аль талдаа хариуцлагаа хүлээгээд, шаардлага тавиад сурчихна. Тэгэхгүй бол хэн хаана, яаж хариуцлага хүлээх юм? Хэн яаж хохироод байгаа гэдгээ ч мэдэхгүй муйхарлаад л дайраад байна.
 
Засгийн Газраас олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж болоод байдаг. Иргэн Б.Мөнхбат 5-аас дээш хүн цуглуулбал гэмт хэрэгтэн болчихоод байна
шүү дээ...
 
Бид нар завгүй, ажил ихтэй, тамирдсан, өр зээлнээс зээлний хооронд явсан ийм нийгэмд амьдраад байна шүү дээ.Иймээс хүн гэдэг чинь хүнлэг байх ёстой юм байна. Ёс суртахуунтай байх ёстой юм байна гэдэг зүйл рүүгээ л хараасай гэж   хүсэж байна. Бид нар хувь хүний хөгжил гээд гадна талдаа хэтэрхий их хэлбэрдчихсэн нэг л их ажилтай, сайн хүн болох гээд нэг мэдээлэл тараахаар үнэн зөв гэхээс илүү олны анхаарлыг татах гэж л түгээдэг болсон. Тэгэхээр Засгийн газар ч тэр, иргэн ч тэр харилцан хамааралтай дор бүрнээ өөрсдийгөө, орчноо сайжруулсан алхамууд хийгээсэй л гэж хүсэж байна.
 
Тухайн үед Ковид-19-ын халдвар авах үеийн сэтгэл зүй ямар байсан бэ?
 
Маш хүнд байсан. 5,6 сар гадаадад гацаж байгаад арай гэж ирлээ. Өвчин автлаа тусгаарлагдлаа. Гараад сар гаруй хугацаанд эмнэлгээр явлаа. Эмнэлгээс гараад л цагдаа сэргийлэх болсон. Үүнийг үгээр тайлбарлах шаардлагагүй байх гэж бодож байна. Ямар  үгээр тайлбарлахаа ч ойлгохгүй байна.
 
 Ер нь энэ хүнд үед эмч нар маань л өргөсөн тангарагтаа үнэнч болохоор  хэдий хэцүү байсан ч ажлаа хийж л байсан. Эмч нарыг өнөөдөр ярихгүй байхын аргагүй. Бас цагдаа, Онцгойгийн албан хаагчдыг ярихгүй байхын аргагүй. Тэд нар өөрсдийнхөө ажлыг хийгээд л явж байгаа хүмүүс. Харин цагдаа, Онцгойгийнхныг үзэн ядтал нь, тэгж харагдуулахаар авцалдаагүй хууль дүрэм журам баталж байгаа хэсэг хүмүүс байна. Тэд нарт л их учир байна даа.
 
Энэ сэдийн хүрээнд миний асуугаагүй, үзэгчдэд хандаад хэлэх зүйл байна уу?
 
Цар тахал бол хүн төрөлхтний аль ч үед байсан. Бид үүнээс зугтаад явах боломжгүй. Цар тахал байнга л байна. Харин бидний тархи толгойд байгаа тахлыг эдгээж, эмчлэх хэрэгтэй. Би иргэдийг жагсаал цуглаан, цус асгарсан тэмцэл хийнэ гэхээс илүү шударга бустай өөрийнхөө байр суурийг илэрхийлж тэмцдэг байгаасай л гэж хүсэж байна.
 
Ярилцсан  Н.Энхдэлгэр