sonin.mn
Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд маань Жендерийн үндэсний хорооны индрээс “Хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт 17-18 нас болж залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй” хэмээн мэдэгдсэнээр нийгэмд шуугиан дэгдээж, зарим эмэгтэйчүүдийг багагүй бухимдуулаад авсан билээ. Харьцангуй эергээр, хошин мэдрэмжээр хүлээн авсан хэсэг ч байсныг
 
“Цалинтай ээж гэдэг юмнаасаа хасаад байсан, цэрэгт явуулах гээд байж л дээ”, “Цэрэг татлагыг дэмжиж байна, харин хажуудаа цэцэрлэгтэй байвал зүгээр”, “Алдарт аавын одонгоо авахад чинь хүндэт харуулын тасархай цэрэг болчихсон хойно чинь зогсож байя даа”, “Эр цэрэг эх орноо хамгаална, эм цэрэг жирэмслэлтээс хамгаална” зэрэг цахимд өрнөсөн комментуудаас харж болохоор байлаа.
 
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийнх нь өмнөхөн хүүхнүүдээ ийнхүү бухимдуулаад авсандаа Ерөнхий сайд уучлал гуйсан ч 1950-иад онд дэлхийн зарим улсуудад эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд цэргийн алба хаалгаж байсан зохицуулалтын талаар гандан буурахгүй хэлээд л авна билээ. 
 
Америкийн Тагнуулын төв газраас НҮБ-д бүртгэлтэй, бүртгэлгүй нийт 175 улсын цэргийн албаны тогтолцоонд судалгаа хийсэн байдаг. Уг судалгаанаас үзэхэд 103 улс цэргийн алба хаах нь сайн дурын үндсэн дээр буюу хувь хүний сонголтын асуудал хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг бол 37 улс цэргийн алба хаахыг албадлагын шинжтэй үүрэг болгожээ. Харин үлдсэн 36 улс тодорхой нөхцөлтэйгөөр буюу холимог хэлбэрээр хаалгадаг аж. Эндээс бүр нарийвчлан анзаарвал, БНАСАУ, Ливи, Израил зэрэг Улсад эмэгтэй хүн эрчүүдийн адил цэргийн албыг заавал хаахаар тогтоосон байдаг байна.
 
Тухайлбал, Израил Улсын хувьд 18 нас хүрсэн бүх хүн эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй цэргийн албыг заавал хаах ёстой. Харин тус улсын араб үндэстнүүд цэрэгт татагддаггүй. Зөвхөн өөрийн хүсэлтээр цэргийн алба хаах боломжтой. Эрэгтэйчүүдийн алба хаах нас нь 18-29 бөгөөд 32 сар, зарим тохиолдолд дөрвөн сар хүртэл сунгагддаг бол эмэгтэйчүүдийнх 18-26 нас ба 24 сар буюу албан тушаалаас хамааран зарим тохиолдолд мөн дөрвөн сар хүртэл сунгагддаг ажээ. Жирэмсэн эсвэл бага насны хүүхэдтэй, шашны шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой гэдгээ нотолсон эмэгтэйчүүдийг цэргийн албанаас чөлөөлдөг бол эрэгтэйчүүд зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх боломжтой. Умард Солонгост эмэгтэйчүүд сайн дураараа цэргийн алба хаадаг байсныг өөрчилж, 17-20 насны  эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаадаг байхаар хуульчилжээ. 17 нас хүрсэн бүх эмэгтэйчүүд жил бүрийн тав болон наймдугаар сард цэрэг татлагын газар очиж, эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцвэл шууд л цэргийн ангид хуваарилагдан эмэгтэй цэргүүдийн биед тохирсон сургалт, хөтөлбөрөөр гурван жилийн турш алба хаадаг болжээ. Ташрамд сонирхуулахад, Умард Солонгосын эрэгтэйчүүд 13 жил цэргийн алба хаадаг ажээ. 
 
 
Хамгийн сүүлийн шинэхэн жишээ татвал, дэлхий дахины нэгэн халуун цэг болоод байгаа Украины зарим ажил мэргэжлийн эмэгтэйчүүдийг цэргийн үүрэгтэн болгох тухай Батлан хамгаалах яамны тушаал хүчин төгөлдөр болжээ. Эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд орсноор шаардлагатай үед цэрэгт татагдах юм гэнэ.  
 
Монгол Улсын хуулиар манай улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүд нэг жилийн цэргийн алба хаах ёстой байдаг. Дэлхийн жишигт цэргийн алба хаахыг үүрэг болгосон, сонголт болгосон гэсэн хоёр үндсэн хувилбар үйлчилдэг. Монгол Улсын иргэний хувьд цэргийн алба хаах нь эр хүн болж төрсний үүрэг бөгөөд заавал хаахаар хуульчилсан байна. Монгол бүсгүйчүүдийн хувьд хугацаат цэргийн албанд татагдах, сайн дураараа явах боломж үгүй.
 
Харин 12 наснаасаа Цэргийн дунд сургууль, 17 наснаасаа Цэргийн сургуульд элсэн суралцах боломжтой. Мөн цэргийн зохих шатны сургууль, дамжаанд суралцаж, цэргийн мэргэжил эзэмшсэн 30 хүртэлх насны бүсгүй Ахлагчийн албанд, боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн зохих шалгуур үзүүлэлт хангасан 35 хүртэлх насны эмэгтэй цэргийн алба хаагч Офицерын албанд үүрэг гүйцэтгэдэг.
 
Мөн Монгол Улсаас анх удаа 2005 онд Баруун Сахарт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “MINURSO” ажиллагаанд хурандаа Н.Нямжаргал ахмад цолтой байхдаа цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэснээс хойш Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчид эрчүүдийн нэг адил олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг болсон. Эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд дайчин эрстэйгээ мөр зэрэгцэн зүтгэж яваа Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчид төрөл бүрийн нарийн мэргэжил эзэмшин, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлдэг. 
 
Эмэгтэй хүн гэдэг үр хүүхэд төрүүлж, үндэс угсаагаа тэлж, ханийн халамжит түшиг, ханат гэрийн хос баганын нэгэн адил амьдралын ачааг эн тэнцүү үүрэлцдэг билээ.
 
Уран үйл мэтгэж, улс түмнээ ундалж, эхийн элбэрэл, ээлийн хайраар буй газраа гийгүүлнэ. Оюун билгээ дайчилж, орон улсаа хөгжүүлэлцэж, хатан ухаанаа хурцалж, хууль зүйт төрөө засалцдаг. Бидний зүрх сэтгэлд эх орноо хайрлах хайр халгиж, элгэн түмнээ өмгөөлөх элбэрэл бялхаж байдаг. Ийм байтал бидний залуу үе цэцэг цэврүү шиг охид хүсвэл цэргийн хуаранд алба хааж, жагсаалын чимэг болж яагаад болохгүй гэж...?! Хугацаат цэргийн алба хаангаа бүсгүйчүүд цэргийн эрдэмд шамдаж, цэгц журмыг мэдэрч, амьдралын ухаанд суралцаж, аавын хүүг ойлгож сурна. Хүчний дасгалд турьхан бие нь чамлагдах ч бүсгүйн махбодыг улам төгс төгөлдөржүүлэх бэлтгэл сургуулилт боловсруулж л таарна. 
 
Бид энэхүү нийтлэлийг бэлтгэх явцдаа “Монгол улсын харьяат эмэгтэйчүүдийг сайн дураар цэргийн албыг нэг жилийн хугацаагаар хаахыг зөвшөөрчээ” гэсэн баримтын мөрөөр Батлан хамгаалахын төв архивыг зорилоо. Үнэхээр 1942-1943 онд цэргийн алба хаахыг хүссэн эмэгтэйчүүдийг хүсэлт ёсоор бүртгэж, нэг жилийн хугацаагаар цэргийн ангид алба хаалгаж байсан талаар сонирхолтой баримт олсон юм.
 
Энэхүү хугацаат цэргийн албанд сайн дураар татагдсан эмэгтэйчүүдийн бүртгэл данснаас хөөж үзвэл 1942 онд Төв, Өмнөговь аймгуудаас гадна Холбооны хороо, Цэргийн госпиталь, 12 дугаар морьт хороо, Нисэхийн хороо, Армийн засвар, Хуягт дивизион, 9 дүгээр морьт хороо зэрэг нэгжүүдэд 160 орчим эмэгтэй, 1943 онд Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Дундговь зэрэг 13 аймаг болон Улаанбаатар хотоос нийт 170 гаруй эмэгтэй цэргийн албанд татагдан, нэг жилийн хугацаанд албаа хаажээ. Ховд аймгаас 65 бүсгүй цэргийн албанд мордож байсан нь тооны хувьд хамгийн ихэд тооцогдож байна.
 
Мөн эмэгтэйчүүд цэргийн албанд татагдсан анхны жилд Дорнодын Баянтүмэн, Тамсагбулаг, Матад, Хэнтийн Өндөрхаан, Сүхбаатарын Баяндэлгэр сумдад байрлах 5, 6, 7, 8 дугаар морьт дивизүүд ба 6 дугаар морин бригад зэрэг ангиудад цэрэгт сайн дураар ирсэн эмэгтэйчүүд, Монгол Ардын Хувьсгалт цэрэгт сайн дураар алба хаах санал хүсэлт гаргасан дарга нарын гэр бүлийн хүмүүсийн талаарх бүртгэл судалгаа хуучин монгол бичгээр муутуу цагаан цаасан дээр дурайтал буусан нь хадгалагдан үлджээ.
 
Цэрэндоржийн Цэндхүү, Цумбарай гээд эгч дүү хоёр ч алба хааж байсан тухай сонирхолтой баримттай ч таарч байлаа. ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжин, Улсын шалгарсан маршал Х.Чойбалсан баталж,  1942 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хувьсгалт цэргийн анги нэгтгэлүүдийн дарга ба комиссар нарт илгээсэн “Эмэгтэйчүүдээс хувьсгалт цэргийн албыг хаах тухай заавар”-т “Монгол Ардын хувьсгалт цэргийн албанд эмэгтэйчүүдээс өөрийн сайн дураар орох бөгөөд хугацаа нь 1 жил, тусгай мэргэжлийн сургууль хийж, шалгалт өгсний дараа жинхэнэ албанд орно. 19-30 насны бие эрүүл чийрэг бөгөөд хүүхэдгүй эмэгтэйчүүдийг татаж, анги дээр тусгай нийтийн байраар хангаж, цэргийн албыг хааж буй эмэгтэйчүүдийн дотроос тэр ангийн даргын гэр бүл байх ахул нөхрийн хамт өөрийн байранд суухыг зөвшөөрөх боловч тэр этгээд нь ангиас тогтоосон тодорхой журмыг гажуудуулах үгүй гүйцэтгэж байвал зохино.
 
Цэргийн алба хааж буй эмэгтэйчүүдийг цэргийн ангид ирсэн өдрөөс эхлэн бусад цэргийн албыг хааж буйн нэг адил бүх төрлийн зүйлээр ангиас хангана. Цэргийн алба хааж буй эмэгтэйчүүд хувьсгалт цэргийн дотор тогтоосон үүрэг, сахилга журмын дотор заасныг нэг адил баримтлан явбаас зохих бөгөөд гагцхүү сахилга журмын хувиар үл хоригдох болно” гэх зэргээр тусгасан байна. 
 
Хувьсгалт цэргийн албанд сайн дураар орох эмэгтэй нь аймгийн цэргийн хэлтсийн дарга, эсвэл цэргийн нэгтгэл буюу ангийн дарга, комиссарт цэргийн албыг нэг жилээс доошгүй хаах сайн дурын баталгаа бүхий өргөдөл бичиж өгнө. Эмэгтэйчүүдийн өргөдлийг удирдлагууд хянаж үзээд цэргийн албанд тэнцэх эсэхийг шийдэж, эмнэлгийн комиссоор оруулж, тэнцсэн эмэгтэйчүүдийн нэрсийг баталсны дараа ангийн дарга, аймгийн цэргийн хэлтсийн дарга нарт өгнө. Хувьсгалт цэргийн жанжин штабаас хувьсгалт цэргийн албанд эмэгтэйчүүдийг оруулж, бүх зүйлээр хангах ба цэргийн алба хаах ангиудад шилжүүлэх үе шаттайгаар үйл хэрэг өрнөдөг байжээ. 
 
Цэргийн алба хааж буй эмэгтэйчүүд шинель, пальто, гутал, мухар малгай /плётка/, гадуур цамц, банзал, бүс, эмэгтэй дотуур цамц /хосоор 3/, өвлийн цагт үстэй дээл, эсгий гутал, цэмбэн цамц, банзал, малгай гэсэн хувцас формтой байв.
 
Бүр “Цэргийн алба хааж буй эмэгтэйчүүдээс давхар биетэй болсон ахул 4 сар болсны дараа цэргийн албанаас бүрмөсөн халсугай” гэсэн нарийвчилсан заалт хүртэл байх нь эмэгтэйчүүдийн бие махбод, сэтгэл зүйн онцлогийг нарийвчлан харгалзаж байсныг илтгэнэ. Хувьсгалт цэргийн албанд орж буй эмэгтэйчүүд сайн дураар цахилгаанчин, мэдээчин, телефончин, агаарын мэдээчин, санитар, эмнэлгийн удирдагч, бичээч, штаб ба бусад цэргийн албаны газрын бичээч, машины жолооч, тогооч, угаалгын газар болон эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөж болох газар, албан тушаалуудад ажиллаж болох талаар ч дурдсан төдийгүй цэргийн хугацааг дуусгасны дараа өөрийн сайн дураар аж ахуйн буюу өөрийн мэргэжил бүхий ажилд үлдэхийг хүсэх ахул хугацаа дуусахын өмнө ангийн дарга комиссараар уламжлан өргөдөл бичиж шийдүүлэхийг ч зааж өгчээ.
 
Хотын намын хорооны эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Дуламжаваас Орлогч жанжин Лхагвасүрэнд хаягласан 1942 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичигт “Тус Улаанбаатар хотын хэмжээнээс өөрийн сайн дураар цэргийн алба хаахыг хүсэж өргөдөл гаргагчдын бүртгэлийг товч нэрсийн хамтаар хүргүүлэв.
 
Жич дурдах нь, нийт санал өгөгчид 40 шахам тоонд хүрсэн боловч өвчин зовлон, гачигдалтай хэмээснийг хасаад анхдугаар ээлжид 28 хүнийг бүртгэж шилжүүлэв. Түүнчлэн зарим 33 ба 34 настай хүмүүс санал өгөх явдал үзэгдэж байна. Энэ нь уг заавраас гадуур нас хэтэрсэн учир ямар ч хариу өгөгдсөнгүй хүлээлгэж буй тул тэднийг хэрхэх тухай хариу өгмүй” гэж өгүүлснээс үзвэл цэргийн албанд сайн дураар явахыг хүссэн эмэгтэйчүүд олон байснаас гадна багагүй шалгуур, үе шатуудыг туулж байж хүссэн албандаа ордог байсан нь харагдана. 
 
 
Тэдгээр 28 хүний бүртгэлийг шүүн үзвэл, 19-31 насны бүсгүйчүүд Хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгч, Төв больницын зааварлагч, Цэргийн гар үйлдвэрийн үйлдвэрчний хорооны дарга, Артиллерийн оёдолчин, Эвлэлийн хорооны бичээч, Холбооны хорооны залгагч зэрэг ажил мэргэжилтэйгээс гадна эрхэлсэн тодорхой ажил төрөлгүй гурвын ч зэрэг эмэгтэй байсан нь цэрэгт явахыг горилсон эмэгтэйчүүдийн хүсэлд нийгмийн гарал үүсэл, ажил мэргэжил төдийлөн хамаатай бус байсан мэт .
 
Гагцхүү Дэлхийн хоёрдугаар дайн, Аугаа их Эх орны дайны гал ид дүрэлзсэн тэр он жилүүдэд эх орноо батлан хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахаар бүсгүйчүүд ийнхүү бүсээ чангалж, зоригоо бадрааж, хувьсгалт цэргийн албанд эрчүүдийнхээ нэгэн адил мөр зэрэгцэн алба хааж байжээ. Энэ ч үзэл санаа, хүсэл зориг нь тэдний бичсэн өргөдлөөс бэлээхнээ харагдана. Жишээлбэл, Хэвлэх үйлдвэрийн бага эмч Гомбожавын Дашхүүгийн 1942 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн өргөдөлд “Харьяат нам засгийн бодлого шийдвэрийг үндэслэн Ардын хувьсгалт цэргийн албанд өөрийн сайн дураар явахаа илэрхийлж, хувьсгалт цэргийн эрдэмд суралцах ба өөрийн эх орныг батлан хамгаалах хэрэгт өндөр бүтээлийг үзүүлж чадна. Хувьсгалт цэргийн хүрээнд багтаж орохын хамт түүний бүх журмуудыг дагаж гүйцэтгэх бөгөөд цэргийн тангараг, сахилга журмыг хатуу батаар сахиж, үнэнчээр биелүүлнэ. Миний бие одоо 21 настай бөгөөд дивизионы комиссар Доржийн эхнэр болно.
 
Миний бие тус улсын хүн эмнэлгийн техникумын сургуулийг 3 жил үйлдэж төгссөн бөгөөд өөрийн сурлага ба ажлын дадлагаар сайн хэмээн үнэлэгдэж, Хүн эмнэлгийн дунд мэргэжилтний үнэмлэх авсан болно” хэмээн дурджээ. 
 
Манайд эмэгтэйчүүд хугацаат цэргийн алба хааж байсан ийм түүх, тийм туршлага байдаг юм байна. Өнөөгийн зарим судлаачид Монгол Улс нь цаашид цэргийн алба хаахыг иргэндээ үүрэг болгодог биш, сонголт хэлбэрээр санал болгодог байхаар хуульчлах нь олон улсын жишигт нийцсэн сайн туршлагын нэг хэлбэр болно гэж санал дэвшүүлдэг. Тиймээс хэзээ нэг өдөр монгол эмэгтэйчүүд хугацаат цэргийн албыг сонгож, хуаранд бүсгүйн шингэн дуу цуурайтаж, жагсаалын талбай жавхаалаг цэрэг бүсгүйгээр гангарах цаг ирэх ч юм бил үү. Гоёлын даашинз, гадсан өсгийтөө түр далд хийж, цэрэг хувцас, цэгцэрсэн жагсаалд татагдаж, эх орноо батлан хамгаалах үйлсэд ёслоод зүтгэх хүсэл зориг уншигч бүсгүй танд ч байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Монгол Улсынхаа төлөө зүтгэе.
 
 
Д.Гүнжилмаа
"Соёмбо" сонин