sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Мичиганы их сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас нэг хүн амиа алдсан бөгөөд амь эрсэдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж тус их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч “Detroit News” сонинд мэдээлжээ.
 
“Сэжигтэн хэргийн газраас зугтсан. Оюутны хотхоны дотор болон ойролцоо байгаа хүмүүс байгаа газраасаа гарахгүй байх хэрэгтэй. Цагдаагийн ажилтнууд холбогдох ажиллагааг явуулж байна” гэж Мичиганы их сургуулийн хамгаалалтын алба мэдээлсэн байна.
 
Цагдаа нар сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд түүнийг амны хаалт зүүсэн, намхан эрэгтэй хүн гэж тодорхойлжээ.
 
Цагдаа нарын мэдээлснээр, шархадсан хүмүүсийг Лансинг хотын эмнэлэгт хүргэсээр байна. Одоогоор хэдэн хүн шархадсан, хохирогчдын биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл алга байна.
 
Зэвсэглэсэн этгээд гал нээсэнтэй холбогдуулан Мичиганы их сургуулийн бүх хичээл сургалтыг 48 цагийн хугацаагаар түр зогсоожээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг