sonin.mn
ВЕЛЛИНГТОН. /Reuters/. Шинэ Зеландын эрх баригчид хүчтэй давлагаа, үер, хөрсний гулгалт дагуулсан “Gabrielle” хар салхины улмаас мягмар гарагт түүхэндээ гурав дахь удаагаа үндэсний хэмжээнд онц байдал зарлалаа. 
 
“Шинэ Зеландчуудын хувьд улс даяар аюултай нөхцөл байдал үүсээд байна. Ялангуяа Умард арлын хойд хэсгийн олон мянган хүн орон гэрээ орхин нүүж, олон мянган өрх гэрэл цахилгаангүй болж, улсын хэмжээнд ихээхэн гарз хохирол учраад байна” гэж Ерөнхий сайд Крис Хипкинс онцгой байдал зарласныхаа дараа мэдэгдсэн байна. 
 
Байгалийн гамшгийн улмаас 38 мянга орчим өрх буюу 225 мянган хүн гэрэл цахилгаангүй болжээ. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд Киран Маканулти энэ хар салхийг урьд өмнө тохиож байгаагүй цаг агаарын үзэгдэл болж байна хэмээгээд, хүчтэй салхилж, аадар бороо үргэлжлэн орно гэж мэдээлсэн байна. Эрх бүхий байгууллагууд эрэг орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Олон зам үерт автан хаагдаж, гар утасны сүлжээ тасарч, зарим жижиг хотын зам харилцаа тасраад байна. 
 
Шинэ Зеландын орон нутгийн бүх нислэг, түүнчлэн Окландад ирэх, буцах бүх нислэгүүд цуцлагджээ. Лхагва гаргийн өглөөний байдлаар хар салхины улмаас гурван хүн амиа алдаад байна гэж эрх баригчид мэдээлжээ.
 
Эрх баригчдын мэдээлснээр, Окландын зүүн өмнөд хэсгийн Хоукийн тохойд үерт боогдон байшингийн дээвэр дээр гарсан 300 хүнийг нисдэг тэрэг, завиар очиж аварчээ. Гамшгийн бүсээс мөн 10 500 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 
 
Шинэ Зеландын хойд нутагт цахилгааны эрчим хүчний хангамжийг бага багаар сэргээж байгаа хэдий ч 140 мянган хүн гэрэл цахилгаангүй хэвээр байна.  Тус улс өмнө нь 2011 оны газар хөдлөлтийн дараа, 2020 онд “COVID-19” цар тахлын үеэр онцгой байдал зарлаж байжээ.
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг