sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Засгийн газрын үнэт цаасанд оруулсан Оросын хөрөнгийн хэмжээ өмнөх сарынхтай харьцуулахад 3.3 дахин буурч, 629 сая ам.доллар болсныг АНУ-ын Сангийн яамны мэдээ баримт харуулж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв. 
 
 
2022 оны 11 дүгээр сард энэ үзүүлэлт 2.092 тэрбум ам.доллар, 10 дугаар сард 2.034 тэрбум ам.доллар, есдүгээр сард 2.015 тэрбум ам.доллар байсан ба ерөнхийдөө гуравдугаар сараас хойш хоёр тэрбум ам.доллароос бага зэрэг давсан түвшинд байсан байна. 
 
ОХУ Америкийн үнэт цаасанд хийх хөрөнгө оруулалтаа 2018 оны хавраас огцом бууруулж эхэлсэн байна. Тодруулбал, дөрөвдүгээр сард 96 тэрбум ам.доллароос 48.7 тэрбум ам.доллар, тавдугаар сард 14.9 тэрбум ам.доллар болж буурчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын засгийн газрын үнэт цаасны хамгийн том эзэмшигч нь Япон улс (1.07 орчим их наяд ам.доллар) хэвээр байв. Хятад улс 867.1 тэрбум ам.долларын үзүүлэлтээр хоёрдугаарт орсон бол 654.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан Их Британи гуравдугаарт бичигджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг