sonin.mn
"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн ойг угтаж Дорноговь аймгийн удирдлага, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт оршин суугаа ахмад дайчин, өдгөө 97 насыг зооглоод буй Мятавын Дэрэмд 03 дугаар сарын 01-ний энэ өдөр хүндэтгэл үзүүллээ.
 
Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр эх орны хүү, ахмад дайчны охин Д.Төмөртогоо сэтгэгдлээ хуваалцахдаа "Миний аавын байгуулсан гавьяа зүтгэл, хатан зориг, туулж өнгөрүүлсэн амьдрал, амь насаа үл хайрлан тэмцсэн тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үеийнхэн ямагт санан дурсаж бахархаж хүндэтгэл үзүүлж байдагт маш их баярлаж байна. Дайны хүнд цаг үед “Хүн өлсөхөөс илүү цангах” хэцүү байдаг юм билээ. Ойр орчмын худгийг дайснууд хордуулж, манайхан хүн байтугай амьтан ч ойртуулахгүйгээр хамгаалалт авч, 3 сар орчим морьтой явахын хүнд бэрхийг үр хүүхэд ач, зээ нартаа дурсан ярьж, эх орныхоо сөөм газар урсгал усаа хамгаалахын төлөө амиа өгсөн ч гомдолгүй явсан аваараа бахархаж байна. Аав маань идэр залуу 18 насандаа үеийн нөхөдтэйгөө дайнд мордож байсан.
 
Харин энэ өдөр “Алдарт 6 дугаар морьт дивиз”-ийн 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнуудад оролцож байсан баатарлаг дайчдыг зоригжуулж байсан аранзал улаан Байлдааны тугаас адис авсны дараа нүднийх нь нулимс гарч байсныг хараад хамт дайтаж байсан нөхөдтэйгөө уулзсан юм шиг л сэтгэгдэл төрсөн байх даа" хэмээн талархал дэвшүүлж байсан юм.
 
Ахмад А.Алтанхуяг (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)
Эх сурвалж: "Соёмбо" сонин