sonin.mn
Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн тугийн салааныхан “Монгол цэргийн өдөр”-ийн цэргийн нэгдсэн тооллогод бэлтгээд тун завгүй байна. Тугийн салаанд өндөр нуруулаг, цог жавхаатай хугацаат цэргүүд багтсан байх бөгөөд тэдний гурав нь цэргийн албанд ирээд нөхөрлөсөн нь дэд түрүүч А.Тэнгис, Б.Буянбадрах, байлдагч О.Бат-Өрнөх нар ажээ.
Тугийн доор зэрэгцэж, тушаал дор амьдарч, цэргийн дүрэм, заавраар жигд амьсгалж, цэцэн буугаа зэрэг мөрлөсөн энэ залуусын хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл нь хязгааргүй их санж.
Дэд түрүүч А.Тэнгис Дархан-Уул аймгаас цэргийн албанд татагдсан. Аав нь Сэлэнгэ аймгийн ИТХ-д хариуцлагатай алба хашдаг бол ээж нь БНСУ-д ажиллаж амьдарч яваа гэнэ. Эхээс гурвуулаа, айлын бага. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд л ирсэн тэрээр цэргийн албанаас халагдсаныхаа дараа БНСУ-д инженерийн чиглэлээр суралцах зорилго өвөртөлжээ.
Цэргийн албанд ирэхэд нь нөлөөлсөн хүн нь түүний өвөө болон аав нь гэнэ. Өвөө нь дархан хилийг эмжиж насаараа алба хаасан офицер хүн учир удам судраа бодсон ч, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан ч цэргийн алба хаах нь түүний мөрөөдөл байж. Харин өнөөдөр мөрөөдлөө бодит болгож, үеийн залуустай Зүүнбаянгийн дивиз гэдгээрээ ард түмэндээ алдаршсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Байлдааны туг дор алхаа, хараа нийлүүлэн жигдрэн жагсаж явна. Цэргийн албаны бахархал, омогшил гэдэг гайхмаар сайхан зүйл байдгийг биеэрээ мэдэрч яваа надад ярих сонин их ч тулгаад асуухаар тулгамдаад байна гэж инээмсэглэсээр байв. Түүний найз охиныг А.Энхжин гэдэг, “Эх орны эр цэрэг” болсонд нь бахархаж буйгаа үргэлж захидлаар ирүүлдгийг ч баяртайгаар өгүүлж байлаа.
Түүнтэй хамт Дархан-Уулаас ирсэн найз нь байлдагч О.Бат-Өрнөх. Тэрээр ШУТИС-д машин үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр суралцаж байсан, халагдаад үргэлжлүүлэн суралцаж төгсөх нь ойрын зорилго. Машин үйлдвэрлэлээс гадна компьютер программ хангамж сонирхдог, энэ чиглэлээрээ сурагч байхаасаа сургалт, дамжаануудад хамрагдаж суралцсан залуу байна. Байгууллагуудын веб сайтаас эхлээд эх бэлтгэл, сонины дизайн ч хийх хэмжээнд бэлтгэгдсэн авьяаслаг байлдагч маань спортоор хичээллэх дуртай. Мэргэжлийн тамирчин шиг болохгүй ч гэсэн биеийн тамираар дамжуулан эрүүл чийрэг бие бялдрыг өөртөө бий болгох нь ээжээсээ авсан хүмүүжил.
“Зөвхөн бие биеэ гэсэн бичигдээгүй хуульд захирагддаг, эрхэм нандин харилцаа нь цэргийн нөхөрлөл. Энэ нөхөрлөл нэгнийхээ амьдралын хүнд хэцүү үе, баяр баяслыг хуваалцдаг болгож, эх орны тусгаар тогтнол хэмээх эрхэм зүйлд нэгдүүлж чаддагаараа бусдаас ялгаатай. Миний аав болон ойр тойрны ах нар цэргийн алба хамт хаасан онжавуудтайгаа сайхан нөхөрлөж явдаг. Цэрэгт ирээгүй байхдаа анзаардаггүй байсан ч одоо л их ойлгож байна. Цэргээс олж авсан нөхөрлөл гэдэг ямар аугаа гэдгийг нь” гэж хариулна лээ.
Дайчин нөхдийн нэг дэд түрүүч Б.Буянбадрах нийслэлийн Баянзүрх дүүргээс цэргийн албанд татагдсан, 19 настай. “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийг 2022 оны хавар төгсөөд “Сургуулийн ширээнээс ангийн жагсаалын талбайд” гээд өөрийн саналаар иржээ. “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуульд 2016 онд 7 дугаар ангиасаа элсэж суралцсаны хувьд цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагаа танил байж, түүртэх, бэрхшээх асуудал огтхон ч гараагүй гэнэ. Харин ч цэргийн анхан шатны сургалтын үеэр шинэхэн дайчдад ёслолын жагсаал зааж, биеэ хэрхэн авч явах талаар үлгэрлэж явснаа дурсав. Одоо бол нөхөд нь түүнээс илүү гарсан уу гэхээс дутах зүйлгүй цог жавхаалаг, эрэмгий сайхан цэргүүд болсныг ч бахархах.
Тэрээр ҮБХИС-д Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр суралцаж, Зэвсэгт хүчний эгнээнд элсэх мөрөөдөлтэй бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд шат дараатай зүтгэж яваа, аав маань ч надад ингэж хэлдэг гэлээ. Түүний аав Б.Бадралтөгс харвалт өгч, группт байдаг, ээж Л.Отгончимэг нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол сарнай шиг ганц охин дүү нь 10 дугаар ангийн сурагч гэнэ. Аав ээждээ өмөгтэй, дүүдээ түшигтэй, эх орондоо хэрэгтэй эр хүн байхын төлөө аливааг багаас нь эхлүүлж, шаталж өгсөх замаар мацах нь түүний гол зарчим.
Ийнхүү цэргийн алба, нөхөрлөл, аав ээжийн ач тусын тухай хүүрнэх дайчид цэргийн дарга нараа ч бас онцолж байв. Олон олон офицер, ахлагчийг нэр цохон баярлаж явдгаа илэрхийлж байсны дотор ротын ахлагч ахлах ахлагч Ж.Уранжаргалыг “Сайнаар нөлөөлөгч” хэмээн тодорхойллоо.
 
Ахмад Д.БОЛОР
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин