sonin.mn
3-р сарын 20-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Москвад хүрч, ОХУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Ши Жиньпин Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд бичгээр үг хэлж,  ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй хоёр талын харилцаа, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, шинэ эриний Хятад, Оросын стратегийн зохицуулалт, бодит хамтын ажиллагааны хэтийн төлвийг зураглахыг найдаж байгаагаа илэрхийлэв. Ши Жиньпин саяхан Оросын хэвлэлд нийтлүүлсэн нийтлэлдээ, хоёр орны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулсан гол түлхүүр нь "улс орнуудын хоорондын зөв харилцах ухаан"-д бий хэмээн онцолж, Хятад, Оросын харилцааны иж бүрэн хөгжилд хүлээлттэй буйгаа илэрхийлсэн юм.
 
Энэхүү айлчлалын тухай Хятадын Олон Улсын Радио: " Ши Жиньпин БНХАУ-ын дарга улиран сонгогдсоны дараах анхны айлчлал юм. Энэ нь Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд Хятад улс ихээхэн ач холбогдол өгч буйг харуулж байна, Хятад, Оросын харилцаа улам боловсронгуй, тууштай байгаа нь дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг сахин хамгаалахад ашигтай бөгөөд дэлхий дахинд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн шинжээчид үзэж байна. 
 
Төрийн тэргүүн нарын харилцаа нь Хятад, Оросын харилцааны чиглүүлэгч хэмжүүр юм. Олон жилийн турш, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Оросын төрийн тэргүүнүүд үргэлж нягт харилцаатай байж, тогтмол харилцан айлчлал хийж байна. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа өргөжин тэлж, олон улсын хамтын ажиллагаа ихээхэн үр дүнд хүрсэн. Хятад, Орос хоёр орон бие даасан гадаад бодлого баримталж, хоёр талын харилцаа нь эвсэл холбоо үл байгуулах, сөргөлдөхгүй байх, гуравдагч талд чиглэхгүй байх зарчмын үндсэн дээр байгуулагдаж, хоёр талын хамтын ажиллагаанд гуравдагч тал хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй байдлаар  тууштай хөгжиж, харилцан хүндэтгэсэн, энх тайван зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа хожих шинэ хэлбэрийн том гүрний харилцааны жишгийг тогтоосон юм. Энэ нь том гүрнүүдийн зөв харилцах ухааныг бодитоор харуулж буй төдийгүй өөрчлөлт ихтэй өнөөгийн дэлхий ертөнцөд маш гүнзгий ач холбогдолтой.
 
10 жилийн өмнө Ши Жиньпин Москва хотноо дэлхий нийтэд хандан томоохон санаачилга дэвшүүлж, олон улсын хамтын нийгэмлэг хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ухамсартай байхыг уриалж байсан. Үүний дараагаар Хятад улс "Бүс ба зам" санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц үзэл баримтлаын утга агуулга, бодитой замыг баяжуулж, дэлхийн өөрчлөлт, цаг үеийн өөрчлөлт, түүхэн өөрчлөлтийн эсрэг Хятадын шийдлийг нэмэрлэсэн юм. 
 
Бүтэн жилийн төлөвлөгөө нь хавраас эхэлдэг. 2023 оны хавар Ши Жиньпиний ОХУ-д хийж буй "нөхөрлөл, хамтын ажиллагаа, энх тайвны айлчлал" нь ихээхэн үр дүнд хүрч, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд шинэ түлхэц өгч, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжийг бий болгон, дэлхийн хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт хүмүүс итгэл дүүрэн байна." гэжээ.
 
Г.Бямба